Монгол төрийн уртын дуу - "Хуур магнай"
“Хуур магнай” хэмээх энэ дуу нь хуурын айзам яруу эгшгийн сайханд хотол даяараа энх амар, элбэг дэлбэг жаргахыг бэлгэддэг.
Хөх мөнгөн тэнгэр, хөрст алтан дэлхийн наран, саран, одод огторгуй, монголчуудын нүүдлийн соёл, аж байдлаас цээл сайхан яруу эгшиглэнтэй уртын дуу төржээ. Монгол түмэн, оюун санааны дуулал болсон энэ дуугаа “Уртын дуу" гэж нэрлэх болсон нь дууны урт эгшиглэнгээр нь бус харин урт холын гүн ухаан гэсэн утгаар нэрлэсэн байна. Уртын дууны ая эгшиг, үгэнд аливаа юмс үзэгдлийн мөн чанар хийгээд сав шим ертөнцийн тэнцвэрт байдал, учир шалтгааныг танин мэдэж, оюун санаагаа баяжуулахад зориулагдсан байдаг ажээ. Монгол үндэстэнд, тэр дундаа халх угсаатны хүрээнд эртнээс дуулагдаж, оюун санааны чухал хэрэглээ болсоор ирсэн 9-н дуу бол цар хүрээний хувьд өргөн, агуулгын хувьд гүнзгий гэж Угсаатны хөгжим судлаач, доктор, профессор Жамбалын Энэбиш ярьж байна.
Ж.Энэбиш: Агуулгын хувьд гүнзгий эрхэмлэх хүндэтгэл нь маш нарийн дэг жаягтай. Зөвхөн төрийн ёслол хүндэтгэл найр хуримд дуулагддаг ийм дуунууд шүү дээ. Эртний хэл хэллэг үг, сүүлдээ бурхан шашны нөлөө ороод зарим дуунд агуулгын шинчлэл ороод ирэхээр дууны үг нь өөрчлөгдөнө биз дээ. Нам төрийн бодлогтой холбоотойгоор төрийн дууны бүтэн аяар нь арван хэдэн бадгаар нь 30–н хэдэн бадагаар нь дуулахаа болиод зарим шүлэгт нь засвар хийгдэж төрөөсөө, ард түмнээсээ холдсон ийм учир шалтгаантай. Одоо бол энэ дууг бүрнээр нь дуулж байна. Миний шавь Дорждагва уртын дуучин, уртын дуу судлаач эрдэм шинжилгээний ажилтан төрийн 9-н дууг сэргээж бүр бүтэн бадгаар нь, гол аяар нь сэргээж дуулж ард түмэндээ толилуулсан. Төрдөө үнэлэгдэж төрийн ордын музейд хүртэл тавигдлаа. Айзам дуу гэдэг үнэхээр агуу гүн ухааны бодол биширлийн тийм дуу. Энэ дууг үнэхээр сонсож мэдэрч чадвал тэр хүн сэтгэлийн амар амгаланг эдлэх болно.
Хүн төрөлхтний оюун санааны хөгжилд нүүдэлчин монголчуудын үүсгэн хөгжүүлж, дуулан нэмэрлэж байгаа уртын дуу нь зөвхөн монгол үндэстний ухамсар, байгальд хандах энэрэнгүй хандлага хийгээд зөв зохистой амьрахад нь нөлөөлж, түүгээр л хязгаарлагдаж болохгүй билээ. Тиймээс уртын дуу болбоос нийт хүн төрөлхтний оюун санааны хэрэглээ, эх дэлхий, сав шим ертөнцийн тэнцвэрт байдалд зориулагдсан бүтээл юм.
Дуучин, судлаач Мягмарсүрэнгийн Дорждагва, моринхуурч Батболдын Баттулга нарын “Монгол төрийн уртын дуу” хэмээх энэ бүтээл нь манай үндэстний уртын дуучдын уран бүтээлийн залгамжлал болж байна. М. Дугаржав, Ж. Дорждагва, С. Дамчаа зэрэг 20-р зууны гарамгай судлаач, уртын дуучдын дуулах ур чадвар, эрдэм чадал нь МУГЖ Ө. Базарбатаар дамжин түүний гарын шавь М.Дорждагвад залгамжлагдан ирснийг бид "Монгол төрийн уртын дуу" бүтээлээс харж, сонсож болно. Монголчууд аугаа их Төрт ёстой үндэстэн төдийгүй төрт ёсны хүндэтгэлийн уртын дуутай байснаа дахин сэргээж байна. Түүхэн цаг үеүүдэд төрийн уртын дууг 32, 13 зэрэг тоогоор бэлгэддэг байсан бол энэ цаг үед 9 хэмээх төрт ёсны эрхэм тоогоор бэлгэдсэн гэдгийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин доктор, профессор Н. Жанцанноров онцолон хэлсэн билээ. “Хуур магнай” дуу нь эрэгтэй хүнд илүү тохирсон, аялгуу нь гүн ухааны агуулгатай. Судлаачид энэхүү дууг уртын дууны төгс төгөлдрийн оргил гэж үздэг бөгөөд “Түмэн эх” дуунаас ч өмнөх эрт үеийн дуу гэсэн таамаглал дэвшүүлдэг юм. “Хуур магнай” дууны онцлог, газар газарт хэрхэн өвлөгдөж ирсэн талаар судлаач уртын дуучин М. Дорждагва ийнхүү ярьсан юм.
М. Дорждагва: “Монгол төрийн уртын дуу “эрдэм шинжилгээний хялбаршуулсан тайлбартай цомог бичихэд дуунуудыг сонголт хийх шаардлага гарсан. “Хуур магнай” дуу бол яах аргагүй төрийн уртын дуунд багтах юм байна гэж судлаачид үзсэн. Хуур магнай дууг Монголын үндэсний олон нийтийн радиогийн алтан сан хөмрөгт хадгалагдаж байгаа 20-р зууны эхэн дунд үеийн өндөр настай Гончиг, Дамчаа, Дорждагва зэрэг дуучдын дуулсан бичлэгийг гол болгож сурсан. Аялгууны хувьд төв халх аятай байсан. Жагзвын Дорждагва гуайн 1971 онд хэвлэгдсэн” Уртын дуу” бүтээлд нот нь байсан. Тэр нот хөгшчүүлийн дуулсантай харьцуулахад аялгууны хувьд жаахан өөр үг нь бол адилхан. Тухайн үед бидэнд Баянбараатаар дуулж байгаа хуур магнай дууны аялгуу олдсон. Одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын өндөр настан Аззана гуай дуулж өгсөн. Үүнтэй бас харьцуулсан юм. Түүнчлэн эрт цагт хуур магнайг дуулахаас өмнө Аврал дээд хэмээх шашны авлагатай дууг дуулдаг байжээ. Тэр нь “ Хуур магнай”- л даа. Харьцуулж үзэхээр нэг дуу юм байна лээ. Харин “Аврал дээд” хэмээх нэр нь энэ дууны шашны хүндэтгэлийн нэр нь бололтой. Тийм учраас шашин төрөө магтсан тэр хэсгийг нь эхэлж дуулдаг байжээ. Тэгээд Аззана гуайн тайлбараар, одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүлийнхний өвөг дээдэс нь намар найрлахдаа найрынхаа эхэнд заавал дуулдаг байжээ. Яагаад адуу уруудуулахгүй гэхлээр шуурга салхи дэгдээд адуу уруудах юм бол тавтай тухтай олон хоног найрлаж болдоггүй байжээ. Тиймээс хангай дэлхийгээ аргадаж найрын эхэнд заавал дуулдаг аж. Аззана гуай бол ингэж л тайлбарласан юм. Эдгээр судалгааг үндэслэж хөгшчүүлийн дуулсан дууны аялгууг суурь болгосон. Түүнээс жаахан хожуу үед дуу нь олдоогүй ч одоогийн Хөвсгөл аймгийн цэцэрлэг хавьд нэлээн дуулж байсан тухай “Хотгойдын уртын дуу”-ны судалгаа хийж явж байхад мэдээлэл олдсон. Мөн Говь-Алтай, Завхан хавьд дуулж байсан нь судалгаа хийж явахад мэдэгдсэн ч ая нь олддоггүй. Бүтээлийг хийсэний дараа 2013 онд бас нэг хуур магнай олдсон юм. Тэр бол Говь-Алтай аймгийн Цогт сум хавийн шастир ая байсан. “Төр хуур магнай” гэдэг нэрээр олдсон. Тэр ая бол бидний дуулж байгаа “Хуур магнай”-д нөлөөлж чадаагүй. Хожим олдсон, өөр аялгуу байсан гэсэн үг. Үг нь шашин төрөө магтсан арай жаахан өөр. Ерөнхий утга агуулга нь төстэй нэг дууны орон нутгийн шинжтэй хувилбар нь юм.
Шастир дуу нь шашны дуу төдийгүй лам хуврагууд бурхны сургаалыг ард иргэдэд ойлгуулахын тулд зохиогдсон гэж үздэг. Түүнчлэн энгийн иргэн бурхан шүтээн, лам хуврагийг шүтэн зориулж дуулсан хоёр агуулгатай. Шастир дуу нь дотроо төр шашнаа магтсан, шастир буюу бичгийн хэлээр бичэгдсэн дуу, магтаал дуу, залбирал дуу, дуртгал дуу гэсэн хэлбэртэй байдаг байна.
“Хуур магнай” хэмээх энэхүү уртын дуу нь “Хуур магнай”, “Хуурын магнай”, “Хуврага магнай” зэргээр нэрлэгдэж шашин төртэй холбоотойгоор цаг үеэ дагаж өөрчлөгдөж ирсэн түүхтэй ажээ. Тухайлбал 1800-аад оны үед “Хуварга магнай” хэмээн нэрлэгдэж байсан тухай Уртын дуучин Соёл урлагийн их сургуулийн багш Б.Батболд хуучиллаа.
Б. Батболд: 1950-аад оны үед манай дуучид “Хуур магнай” дууг Монголын радиод дуулж бичүүлсэн. Үүнээс хойш олон арван дуучид радиод бичүүлж дуу бичлэгийн хальсанд үлдээсэн бол 2015 онд уртын дууны “Өнө” чуулгынхан бичиж үлдээсэн. Уртын дууны “Өнө” чуулга гэдэг нь уртын дууны сургалтанд хамрагддаг хүмүүс юм. Олуулаа дуулсан 60-аад хүн дуулсан байдаг. Улаанбаатар чуулгын тайзан дээр бичүүлсэн. Дандаа эрэгтэй дуучид дуулсан. 60-аад жилийн дараа олуулаа анх удаа дуулсан. “Хуур магнай” дууг мэргэжлийн сургалтын хөтөлбөрт орж ирээгүй байсан. Соёл урлагийн их сургуулийн сургалтанд 10-аад жилийн өмнөөс орж ирсэн. Монгол бөхийн өргөөнд бөхийн барилдааны өмнө, аливаа баяр, цэнгэл наадмын өмнө “Хуур магнай” дуу дуулагдаж байна. Тэр тусмаа олуулаа дуулахад их тохиромжтой. Хэнхгэр, ханхгар гэж ярьдаг ш дээ тийм сайхан сонсогддог дуу.
“Хуур магнай” хэмээх энэ дуу нь аливаа найр, цэнгүүний магнайд сайхан дуу, хуурыг өргөж байх учрал ерөөлийг бэлгэддэг. Түүнчлэн энэ дуунд Хангай, Хэнтийн сүрлэг уулсыг магтан дуулахын зэрэгцээ амраг сайн нөхөр, аргамаг сайхан хүлэг морио магтан дуулдаг. Мөн хуурын айзам яруу эгшгийн сайханд хотол даяараа энх амар, элбэг дэлбэг жаргахыг ерөөсөн дуу гэж хүндэтгэдэг учир “Хуур магнай” дууг бүрэн эхээр нь сонсож бодол оюунаа тайтгаруулж бясалгах нь зүйтэй хэмээн сударт өгүүлсэн байдаг байна .
М. Дорждагва: Зарим газар уртын дууг бүгдээрээ түрдэг байхад хуучин бол халхын дөрвөн аймгийн найрын дэг бол гоцлол дуучинтай. Найрийн түрлэг бол нэг талаасаа маш том соёл юм. Найрчдын найранд оролцуулдаг. Нэгдмэл болгохоос гадна журам дүрэмтэй болгодог. Нөгөө талаасаа уртын дуучдыг том том сонгодог уртын дуунуудыг дуулахад хоолойг нь түр ч гэсэн амраадаг. Түрлэг сайхан хийхээр айраг сайхан шингэдэг гэх зэргээр янз бүрийн ач холбогдолтой. Судалгааны талаас нь үзвэл найрын түрлэг бол орон нутгийн шинжтэй тэр бичил аялгууг хадгалж үлдэхэд чухал ач холбогдолтой. Түрлэг газар газарт өөр байдаг.
Тухайлбал, тухайн дуулж байгаа дууны төгсгөл хэсгийн аяар “жаргатугай, “найрлан цэнгэе”, “хур хурай”, дэлгэртүгэй” гэх мэт янз бүрийн ерөөл билгийн үг хэлж түрнэ. Мөн тусгай түрлэгийн ая гэж зарим нутагт байдаг. Нөгөөтэйгүүр, моринхуурч нь сул ая буюу уг уртын дууныхаа аялгууны хэсгээс, мөн өөр аяар түрдэг дэг ч дэлгэрч байжээ.
Үзсэн: 3137
Tweet