Вьетнам-Монголын бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо
Хоёр орны бизнес эрхлэгчид ашигт малтмал, газрын тос, хүнс зэрэг салбар болон бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах нөөц боломж их байгаа гэдэгт санал нэгдлээ.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний албан ёсны айлчлалын хүрээнд Вьетнам-Монголын бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо. Уулзалтыг Монгол Улс дахь БНСВУ-ын Элчин сайдын Яам, БНСВУ-ын Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн Нэгдсэн холбоо зохион байгуулсан юм. Уулзалтад БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгчийг дагалдан ирсэн Вьетнамын 20 гаруй томоохон бизнесмэн оролцлоо. Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хоёр улсын төр, засгаас явуулж байгаа бодлого, эрх зүйн орчин, бизнес дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулсан юм. Хоёр орны бизнес эрхлэгчид цаашид ашигт малтмал, газрын тос, хүнс зэрэг салбар болон бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах нөөц боломж их байгаа гэдэгт санал нэгдэж байлаа.
БНСВУ-ын гаалийн мэдээгээр хоёр улсын худалдааны эргэлт 58,0 сая ам.доллар байна. Манай улс БНСВУ-аас 40 гаруй сая ам.долларын үнэ бүхий цагаан будаа, чихэр, лаазалсан бүтээгдэхүүн, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппарат импортоор авдаг. 1990 оноос хойш манай улсад Вьетнам Улсын хөрөнгө оруулалттай 164 аж ахуйн нэгж 32,9 сая ам.доллар хөрөнгө оруулалт хийсэн байна. Хоёр улс мөн худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт 20 гаруй гэрээ байгуулжээ.
Үзсэн: 1606
Tweet