Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Оюутан цэрэг - 2017”


Densmaa 2017-05-04 03:05

Оюутан цэрэг хөтөлбөрийн ач холбогдол нь оюутнуудад суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

       Оюутан залуусыг цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх зорилготой "Оюутан цэрэг" хөтөлбөр манай улсад дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.

    Энэ жилийн "Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалт орон нутагт хэрэгжихээрээ онцлог юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.

        Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн.

 

      Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Оюутан цэрэг-2017” хөтөлбөрийг нээж хэлэхдээ “Өнгөрсөн жилүүдийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 2400 орчим оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөсөн. Оюутнуудын хувийн сахилга хариуцлага дээшилж, найз нөхдөө манлайлсан сайн оюутан болж төлөвшихийн зэрэгцээ анги хамт олны эв нэгдэл, сургалтын чанарт эергээр нөлөөлж байна. Цэргийн алба, цэргийн эрдэм гэдэг хүнд асар их зүйлийг өгдөг. Та бүхэнд амжилт хүсье.” гэлээ.

Өнгөрсөн онд хөтөлбөрт 418 оюутан хамрагдаж цэргийн ерөнхий болон мэргэжлийн бэлтгэл гэсэн хоёр чиглэлээр сургалт явагджээ. Хөтөлбөрийн дүнд  Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон. Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн.  Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэх сайн талтай гэж  С.Ганбямба хурандаа танилцуулсан юм.

Өнгөрсөн жилийн “Оюутан-цэрэг” хөтөлбөрт оролцсон оюутан-цэргүүд сургалтын хөтөлбөрөө бүрэн биелүүлж, маш идэвхтэй сайн суралцаж  буудагч-тасгийн дарга мэргэжил эзэмшиж хугацаат цэргийн албан хаагчидтай эн зэрэгцэхүйц сайн суралцсан. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг Батлан хамгаалахын сайдын зөвлөлөөр хэлэлцээд хангалттай гэсэн үнэлгээ өгсөн байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг их дээд сургуулиудын удирдлага, эрдэмтэн багш нар эцэг эхчүүд дэмжиж ач холбогдол өгдөг болсон.

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийг оюутан залуус сайн мэддэг, түүнд хамрагдахын төлөө хүсч тэмүүлж байгаад цэргийн албаныхан нэн сайшаалтай хандаж байна. Энэ тухай МУ-ын Ерөнхийлөгчийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч БХИС-ийн зөвлөх профессор, МУ-ын гавьяат багш Г.Мягмаржав хэлэхдээ, “Бид оюутан залуусын энэ хүсэл санаачлагыг бүрэн дэмжиж бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Ерөнхийлөгчийн зарлигт заасанчлан суралцаж буй мэргэжлээс нь үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм” гэлээ.

     Г. Мягмаржав: Оюутан цэрэг хөтөлбөр 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. 2014-2016 онуудад нийт 2500 орчим оюутан залуус Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан. Оюутан цэрэг хөтөлбөрийн эхний 2 сарын сургалтыг цэргийн ерөнхий эрдэм буюу онолын сургалт нэрээр сургуулиуд дээр нь сургалтын үйл ажиллагаанд садаа болохгүйгээр заана гэсэн журмын дагуу явуулдаг. Тэгээд дараа нь 6 сарын 15-аас 8 сарын 15-ыг хүртэл цэргийн мэргэжлийн бэлтгэл хийнэ. Энэ жилийн оюутан цэрэг сургалт нэлээн онцлогтой байна. Сая 2016 онд Батлан хамгаалахын багц хууль батлагдсан. Уг хуулийн доторхи багц хууль нь Цэргийн албаны тухай хууль юм. Үүний үндсэн дээр 2017 оны 1 сарын 25-нд Засгийн хурлаар Оюутан цэрэг хөтөлбөрийн журам орж батлагдсан. Тиймээс Оюутан цэрэг татлага хууль эрх зүйн үндэстэй болж байгаа юм. Энэ бол цэргийн алба хаасанд тооцно. Цэргийн 1-р зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэнэ. Цаашлаад дайчилгааны бусад сургалтанд хамрагдаж төрийн алба хаагаад явх бүх эрх нээгдэнэ. Түүнчлэн цэргийн алба хаах нэг төрөл бий болж байгаа юм. Цэргийн албыг гэрээгээр хааж болно, хугацаат цэргийн албаар хааж болно, оюутан цэргийн системээр хааж болно, дүйцэх албаар хааж болно, мөнгөн хэлбэрээр хааж болно. Оюутан цэрэг хөтөлбөрийн бас нэг ач холбогдол нь суралцах хугацаанд нь садаа болохгүйгээр цэргийн алба хаах ийм боломжийг бүрдүүлж өгч байна. Бусад орнууд жишээлбэл Хятад улсад их дээд сургуульд сурч байх хугацаанд нь явц дунд нь цэргийн хичээл ороод явдаг. Солонгост болохоор бас ийм төрлийн системээр явдаг. Ер нь бол хугацаат цэргийн албыг аль болох богино хугацаанд хаах ийм хандлага дэлхий дахинд гарч эхэлж байна. Зарим оронд хугацаат цэргийн татлага байхгүй. Зөвхөн мэргэжлийн цэргээр үүрэг гүйцэтгүүлдэг болсон байна. 

      МОХ-ны дэд ерөнхийлөгч “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж байснаа танилцууллаа. МОХ-ноос 87 мянган оюутан дунд түүвэр судалгаа хийж үзэхэд нийт оюутны хоёр хүрэхгүй хувь нь цэргийн жинхэнэ алба хаасан гэсэн судалгаа гарч байж. Иймд оюутнууд цэргийн жинхэнэ алба хаах ёстой, үүрэгтэй гэж үзэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг анх санаачилж байжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ оюутнуудыг цэргийн нэгдүгээр зэргийн үүрэгтнээр бэлтгэнэ. Тухайлбал, оюутан уг хөтөлбөрт хамрагдсанаар дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн үүрэгтэн болж, хэрэгцээтэй үед салаа цэрэг ахалж үйл ажиллагаанд оролцох залуусыг бэлтгэж байна.

Оюутан цэрэг хөтөлбөр нь цэргийн жинхэнэ албыг хаах бололцоо, нөхцөлийг нэмэгдүүлж, эрүүл мэнд, бие бялдрын өв тэгш хөгжил олгож, мөн төрийн албан хаагчийг цэргийн жинхэнэ алба хаасан байх нөхцөлөөр авдаг болсноор түүнд бэлтгэлтэй байх зэрэг ач холбогдолтой билээ.

 

Үзсэн: 1895

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна