Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө талаар ОУВС, Дэлхийн банк шийдвэр гаргахад бэлэн гэв


Densmaa 2017-05-04 03:05

Дэлхийн банк, хөрөнгө оруулагчдын мөнгөн гүйлгээг зөвхөн Монголын банкаар дамжуулах зохицуултыг эргэн харвал ОУВС, Дэлхийн банкны зүгээс шийдвэрээ богино хугацаанд гаргахад бэлэн гэв.

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Дэлхийн банкны бүлгийн Монголыг хариуцсан гүйцэтгэх захирал Жейсон Алфорд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Ж.Мөнхбат хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг юм гэдгийг онцлоод Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллаж буйгаа дурдлаа. Мөн Дэлхийн банк нь ОУВС-тай хамтран ажиллаж, манай улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлэх гэж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлэв.

      Ноён Жейсон Алфорд, Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодлогын түвшинд тодорхой бүтэц байгуулан ажиллаж байгаа нь бусад улс орнуудад сайн туршлага, сайн жишээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо. Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ давахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй, гэхдээ хөрөнгө оруулагчдын мөнгөн гүйлгээг зөвхөн Монголын банкаар дамжуулах байдлаар хязгаарлах нь эдийн засагт сөрөг тал ихтэй гэж Жейсон Алфорд хэлэв. Тэрээр энэ харилцааг зохицуулсан парламентын шийдвэрээ эргэж харж байгаа эсэхийг сонирхож, хэрвээ УИХ шийдвэрээ тодорхой болговол Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө талаар ОУВС, Дэлхийн банкны зүгээс шийдвэрээ богино хугацаанд гаргахад бэлэн гэв.

        Манай улс өмнө нь ОУВС, Дэлхийн банктай олон удаа хамтарч ажиллаж байсан. Энэ удаагийн хамтын ажиллагаа маань ч урьдын адил үр дүнгээ өгнө, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа сайд Ж.Мөнхбат илэрхийллээ.  

Үзсэн: 1443

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна