Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа өргөжинө


Densmaa 2017-04-27 05:04

Хуралдаанаар Тавантолгойн төслийг уурхай, төмөр зам, боловсруулалт гэсэн цогц байдлаар хэрэгжүүлэх болон зэс хайлуулах үйлдвэр барих зэрэг асуудлыг хөндөн ярилцжээ.

    Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Зөвлөлийн нэгдсэн хуралдаан Бээжин хотноо болж өндөрлөлөө. Зөвлөлийн хуралдааныг нээж БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жи Жэ хэлсэн үгэндээ “Монгол Улс олон жилийн туршид хамтын ажиллагааны итгэлтэй түнш, бүс нутгийн нягт холбоотой байсаар ирсэн гэдгийг дурдаад хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломж, бололцоо их байгаа” гэлээ.

         Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Сүүлийн жилүүдэд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж, харилцан айлчлал, уулзалтын давтамж хадгалагдаж байгаа нь хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлжээ.

 

     Хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр “Шэнхуа” групптэй хамтран Тавантолгойн төслийг уурхай, төмөр зам, боловсруулалт гэсэн цогц байдлаар хэрэгжүүлэх, энэ хамтын ажиллагааны эхний алхам болгож нүүрсний худалдааг эхлүүлэх ажлыг хүлээн авч, хоёр талын Ажлын хэсгийг хуралдуулахаар болоо. Мөн жилдээ 1 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадал бүхий зэс хайлуулах үйлдвэр барих, гаргасан бүтээгдэхүүнээ БНХАУ-ын зах зээлд борлуулах, хөрөнгө оруулалтын зээл тусламжид хамруулах хүсэлт тавьлаа. Түүнчлэн Тавантолгойн цахилгаан станц болон Зэс баяжуулах үйлдвэр байгуулахад говийн усан хангамж хангалтгүй байгаа учир “Хэрлэн гол” төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

        Ирэх 5 дугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болох “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцоно. Уулзалтаар Зөвлөлийн нэгдсэн хуралдаанд хэлэлцсэн зарим асуудлыг эцэслэн шийдэж, хамтын ажиллагааны чухал баримт бичиг, санамж бичгүүдэд гарын үсэг зурах юм.

Үзсэн: 1758

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна