Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27,28-12-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол улсын газар тариалангийн салбар


Densmaa 2017-04-26 04:04

Тус салбар нь ХАА-н нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэж хүн амыг хүнсээр, хөнгөн аж үйлдвэрийг түүхий эдээр, мал сүргийг тэжээлээр, олон мянган хүнийг ажлын байраар хангаж байна.

     Монгол улсад Мал аж ахуй нь олон зуун жилийн туршид эрхэлж ирсэн уламжлалт аж ахуй бол газар тариалангийн салбар 1950-аад оны сүүлчээр өргөн далайцтай хөгжиж эхэлсэн байна.

Өдгөө тус салбар нь ХАА-н нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэж хүн амыг хүнсээр, хөнгөн аж үйлдвэрийг түүхий эдээр, мал сүргийг тэжээлээр, олон мянган хүнийг ажлын байраар хангадаг Монгол улсын эдийн засаг төдийгүй нийгмийн бүтэц, экологит асар их ач холбогдол бүхий салбар болжээ.

 

    Монголчууд тариалан эрхэлж байсан өнө эртний уламжлалтай боловч 1959 оныг хүртэл тариа ногоо нь Монгол айл өрхийн өдөр тутмын хүнсний хэрэглээ болж заншаагүй байсан юм.

Манай улсад 1956 онд САА байгуулагдан, атрын анхны шангаа татаж 2000 га талбайд үр тариа тариалж байсан түүхтэй. Улмаар 1959 онд Монгол улсын Засгийн газраас эх орныхоо хэрэгцээт буудай, төмс, хүнсний ногоог дотооддоо үйлдвэрлэх, хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Атар газрыг эзэмших анхны аяныг хэрэгжүүлсэн байна. Хоёр дахь аяныг 1976 онд амжилттай зохион байгуулсны үр дүнд тариалангийн эргэлтийн талбайн хэмжээ 1.2 сая га-д хүрч үр тариа, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хүрчээ.

Өнөөдөр тариалангийн салбарт 1300 гаруй аж ахуйн нэгж 706 мянган га эргэлтийн талбайд улаанбуудай, арвай, овъёос, хөх тариа, гурвалжин будаа, шар буурцаг, эрдэнэшиш, рапс, төмс болон 30 орчим төрлийн хүнсний ногоо тариалж байна.

Монгол улсын нийт хөдөлмөр эрхлэгчдийн 35 орчим хувь нь мал аж ахуй болон газар тариалангийн салбарт ажиллаж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоор амьжиргааныхаа үндсэн эх булгийг бүрдүүлж байдаг.

 

    Жил бүрийн энэ цаг үеийн хамгийн том ажил нь хаврын тариалалт юм. Энэ онд улсын хэмжээнд 362 мянган га-д улаан буудай, 15 мянган га-д төмс, 8,5 мянган га-д хүнсний ногоо, 23 мянган га-д тэжээлийн таримал, 28 мянган га-д тосны ургамал, нэг мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 458 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ.

Манай улсын газар тариаланд нөлөөлдөг гол хүчин зүйл нь цаг агаарын нөхцөл байдал бөгөөд өвлийн саруудад орсон цасны чийгээ хадгалж 5-6 сард үргэлжлэх халалтыг тооцоолох шаардлага тариаланчдад тулгардаг. Тиймээс БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр 8000 орчим га талбайг услах хүчин чадал бүхий усалгааны тоног төхөөрөмж, бороожуулагч машиныг үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн захиалгын дагуу  нийлүүлэхээр төлвлөж байгаа юм. Түүнчлэн олон улс газар тариалангийн салбартаа ашиглаж байгаа энэ салбарын тэргүүний туршлагыг судалгаанд үндэслэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна. ХХААХҮЯ-ны “Монгол ногоо” төслийн зохицуулагч Л.Баяртулга “Таримал ургамалд үүсдэг өвчин, хортон шавьжны асуудал нэлээн хүндэрсэн асуудал юм. Тиймээс хортон шавьжид тэсвэртэй ургамлын сортуудыг бий болгох асуудал их чухал тавигдаж байна. Цаашид энэ асуудалд анхаарал хандуулна” гэсэн юм.

Монгол улсын Засгийн газраас энэ жилийн хаврын тариалалтын үеэр шатахууны болон үрийн хөнгөлөлт, мөн хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэн олгоно. Мөн тонгог төхөөрөмжүүдээ сайжруулахад ч бодлогоор дэмжиж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ярихдаа “Тариаланчдад техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлэх болсон. Мөн ОХУ-аас 10 сая долларын техник, трактор, комбайн, газар тариалангийн тоног төхөөрөмж оруулж ирж тариалан эрхлэгчиддээ өгөхөөр болсон. Түүнчлэн МУ-ын Засгийн газраас ХАА-н зориулалттай машин техник, трактор, комбайн, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх хуулийг УИХ-д өргөн барьсан” гэсэн юм.

    Өнөөдрийн байдлаар улаан буудай төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бүрэн боломжтой болсон боловч хүнсний ногооны 50-60 хувийг л дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Өөрөөр хэлбэл нийт хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 40-50 орчим хувийг импортын хүнсний ногоогоор хангаж байгаа юм.

Тиймээс газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон холбогдох хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх болжээ. Энэхүү арга хэмжээг авснаар газар тариалангийн салбарт тогтвортой өсөлт бий болгох, тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжиж, иргэдийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангахад томоохон дэмжлэг болох юм. Түүнчлэн Атрын 3-р аяныг үргэлжлүүлэх зорилтын хүрээнд улаанбуудайн үрийн шинэчлэлийн бодлого, “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” дунд хугацааны хөтөлбөр, “Залуу тариаланч” төслийг батлан хэрэгжүүлэх, тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах чиглэлээр олон ажил төлөвлөж байна. 

Манай улсын газар тариалангийн салбарыг уур амьсгал, хөрсний бүтэц шинж чанараас хамаарч Монголын төв ба баруун хойд хэсгийн хангайн бүс, Баруун буюу алтайн бүс, Хэнтийн бүс гэж хуваах бөгөөд Хэнтийн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг нь тариалангийн гол нутаг юм.

Хөрсний шинж чанарын хувьд хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байдаг. Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим хувийг эзэлдэг. Газар тариалан эрхэлж болох газар нь Монгол улсын 1 сая 566 мянга 600 хавтгай дөрвөлжин километр газар нутгийн 0.76 хувийг эзлэх бөгөөд усжуулалттай газар 840 км квадрат байна.

    Сонирхуулахад, Хүрэл зэвсгийн үед Монгол орны нутаг дэвсгэр дээр тариалан эрхэлж байсныг баруун Монгол, төв Халхын нутагт элбэг тохиолддог хадны сүг зургууд дээрх, морь үхэрт анжис хөллөөд газар хагалж яваа, тариа нүдэж байгаа хүний дүрсүүд харуулдаг. Хүннү гүрний үе буюу 2200 жилийн тэртээд хамаарагдах булшнаас археологчдын олсон арвай, бог будааны үр, уур нүдүүр зэрэг нь тухайн vед эдийн засгийн гол салбар болсон нүүдлийн мал аж ахуйн зэрэгцээ газар тариалан эрхэлж байсныг нотолж байна. Хүннүчүүд ихэд хүчирхэгжиж, гадаад харилцаагаа идэвхтэй өргөжүүлсний үр дүнд тариалангийн эртний соёлтой хятадуудаас зөвхөн газар тариалангийн бvтээгдэхүүн аваад зогсохгүй, тариалан эрхлэх арга барилаас нь улс орондоо нэвтрүүлж байжээ. Монголчууд газар тариалан эрхэлж байсан тухай анхны бичиг баримт нь 1212 онд гарсан Чингис хааны зарлиг юм.

Үзсэн: 5239

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна