“Чин толгой” балгасны археологийн судалгаа
Монгол ОХУ-ын хамтарсан анги Чинтолгой балгаснаас 10-11-р зууны үеийн ясан иштэй шүдний сойзууд олсон нь өдгөө дэлхийн эртний сойзод зүй ёсоор тооцогдож байна.
Сүүлийн 20 орчим жилд Монгол улсын нутагт археологийн малтлага судалгаа эрчимжиж, монголчуудын төдийгүй Төв Азийн бусад нүүдэлчдийн түүх шинэ шинэ эх хэрэглэгдэхүүнээр баяжиж, шинжилгээний ажил өргөжин тэлсээр байна.
15 жилийн өмнөөс эхэлсэн Монгол-ОХУ-ын хамтарсан судалгааны анги тэрхүү археологийн судалгааны ажилд жинтэй хувь нэмрээ оруулжээ. Тус багийнхан Монгол улсын Булган аймгийн Дашинчилэн сумын Чинтолгой, Бүрэгхангай сумын Эмгэнтийн хэрэм, Төв аймгийн Заамар сумын Хэрмэн дэнж, Заамарын Шороон бумбагар, Мөнгөнморьт сумын Тэрэлжийн дөрвөлжин, Чингисийн далан зэрэг газруудад ажиллаж, урьд нь илэрч олдож байгаагүй шинэ содон олдвор хэрэглэгдэхүүнийг илрүүлж, түүнд түшиглэж, шинэ санал дүгнэлтээр түүхийн судалгааг баяжуулсаар байна.
Монгол ОХУ-ын хамтарсан анги Чинтолгой балгаснаас 10-11-р зууны үеийн ясан иштэй шүдний сойзууд олсон нь өдгөө дэлхийн эртний сойзод зүй ёсоор тооцогдож байна. Ингээд та бүхэнд Чин толгойн балгасны судалгааны талаар сонирхуулъя.
Азийн нүүдэлчдийн нэлээд хэсгийг нэгтгэн захирч байсан Хятан улс нь оршин тогтнох хугацаандаа соёлын арвин өвийг үлдээсэн юм. Тэдгээрийн нэг нь хот суурины дурсгалууд. Хятан улсын үед холбогдох Чин толгой балгас нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт оршино. Энэ хотын туурь нь 1260-ыг харьцах нь 660 метр хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй, хойноос урагш сунаж тогтсон, тал бүрээс нь нар тусаж байхаар бодож барьсан зохиомжтой. Хэрмийг шороо дагтаршуулан үйлджээ. Энэхүү хотын судалгаа нь 2004-2008 онуудад үргэлжилж, 16 харьцах нь 24 метр хэмжээ бүхий нэгэн хуучин барилгын туурьт археологийн малтлага, судалгааг хийсэн юм.
Хамтарсан судалгааны үр дүнд 8х8 метр хэмжээтэй тэгш дөрвөлжин барилгын үлдэгдлийг илрүүлэн олсон бөгөөд уг барилга нь түүхий тоосгон ханатай хана болон суурийг бэхлэхийн тулд дээврийн ваар, тоосго, шавар савны хагархайнуудыг ашигласан барьжээ.
Барилгын доод талаас олон тооны барилгын үнс нурам, амьтны болон загасны яс, түлэгдсэн тарианы үлдэгдэл, ваар савны хагархай бүхий нүхэн зоориуд илэрсэн .
Малтлагын явцад илэрсэн бас нэгэн сонирхолтой зүйл бол Хятаны үед дэлгэрсэн босоо зураасан хээтэй ваар савны хагархайтай хамт Уйгур улсын үед дэлгэрсэн нуман хээтэй болон шилмүүс хээтэй ваар савны хагархайнууд юм. Тэдгээр ваарны хагархай нь уг хотоос олдож буй бусад ваар савтай харьцуулахад шаврын бүтэц, найрлага, шатаалт, хийсэн арга барил зэргээрээ ялгаатай байна.
Мөн Уйгур Хятаны холимог хийц хэлбэр, хээ бүхий ваар савны хагархай олдсон явдал нь өмнөх үеийн соёлын уламжлал ямар нэгэн байдлаар Хятанчуудад уламжлагдан ирснийг харуулна.
Монгол-Оросын археологчид Туул гол болон түүнд цутгадаг зарим голын савд малтлага хийсэн. Судалгааны дүнд X-XI зууны үед усалгаатай тариалан эрхэлж, өдгөөгийн Солонгосчуудын өвөг дээдэс бохай нар Монгол нутагт нэвтрэн ирж, өөрийн хот байгуулалт, уран барилгын өвөрмөц арга барилаар хот суурин барьж байсныг нээж олсон. Энэ нь Төв болон Зүүн Азийн ард түмнүүдийн тухайн үеийн эдийн засаг, соёлын харилцааг тодруулан судлах шинэ баримт болж байна.
Монгол-Оросын археологчид 2009 онд Төв аймгийн Заамар сумын Заамарын Шороон бумбагар хэмээх газраас эртний Уйгарын язгууртны газрын хөрсөн доор нууцалсан бунхант булшийг нээж олсон байна. 678 онд байгуулсан эл бунханаас 200 шахам ховор нандин олдвор, талийгаачийн намртыг бичсэн гэрэлт хөшөө олдсон зэрэг нь эртний нүүдэлчдийн түүх, соёл, гадаад харилцаа, ертөнцийг үзэх үзэл, гоо сайхан, урлаг уран сайхны сэтгэлгээг танин мэдэх шинэ сайхан бололцоог судлаачдын өмнө нээж өгчээ. Бид Монгол-Оросын археологийн судалгааны багийн Монголын талын ахлагч профессор А.Очиртой ярилцаж, археологийн олдворын онцлогийн талаар асууж сонирхлоо.
А.Очир: Эдгээр археологийн олдворт урьд өмнө нь гарч байгаагүй сонин үзмэр байна. Жишээ нь ясан сойз. Тэмээний шилбэний ясаар хийсэн сойз. Дэлхийн хамгийн эртний сойз гэж байгаа. Өөрөөр хэлбэл 10-11 үеийн одоогоос 1000 гаруй жилийн өмнө энэ сойзыг хэрэглэж байж. Сурвалж бичигт хятан нар амаа өглөө давстай усаар зайлж байсан гэж бичсэн байдаг. Гэтэл давстай усаар зайлахаас гадна шүдний сойз хийгээд тэрүүгээрээ угааж байжээ. Тэхээр өвөг дээдсийн ахуйн соёл хэр түвшинд байсныг үүнээс харж болно. Одоогоор бидний мэдэж байгаа хамгийн эртний сойз байна.
Чин толгой малтлагын талбайн хойт, баруун хойт хэсэгт хоёр ч халаалтын суваг байсан нь мэдэгдсэн. Барилгын гадна байгуулсан тусгай зууханд түлсэн халуун утаа нь чулуун хоолойгоор дамжин гүйж байшинг хана, шалнаас нь халааж байсан хоёр болон гурван суваг бүхий халаалтын байгууламжтай байжээ.
Өнгөрсөн хугацаанд Чин толгой балгасанд хийсэн археологийн малтлагаар илэрсэн олдворууд нь эртний сурвалж бичиг дэх Ляо улсын тухай зарим мэдээг лавшруулан бататгах боломжтой юм.
Чин толгой балгасын оршин суугчдын дунд хятан, зүрчид, бохай болон бусад үндэстнүүд олон тоогоор байсан гэдэг нь археологийн малтлага судалгаагаар батлагдаж байна. Тухайлбал малтлагаар илэрсэн барилгын халаалтын суваг хийгээд шавар ваар дээр дүрсэлсэн хээ ваар савны бөөрөн дээрх дугуй долгион хээ хосолсон байдал зэрэг нь тухайн үеийн алс Дорнодын Бохайн соёлын хэв шинжийг агуулж байна.
Чин толгой бол Хятаны үеийн дурсгал юм гэж урьдах судлаачид үздэг байсан бол Чинтолгой бол зөвхөн Хятаны төдийгүй бас Уйгур, Бохай, Зөрчидийн археологийн соёлыг өөртөө агуулж байсныг илрүүлжээ. Түүнчлэн Алс Дорнодын ард түмнүүдийн эдийн засаг соёлын харилцааг 10-11-р зууны үеэс авч үзэх бололцоог олгож байгаа юм.
Үзсэн: 4221
Tweet