Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын иргэний агаарын тээвэр


Densmaa 2017-04-13 08:04

Манай улс шулуун нислэг үйлдэх боломжтой агаарын хаалганаас хаалганд чиглэсэн чиг шулуун 6, Улаанбаатар хотод хөөрөлт буултанд ашиглагдах 1 агаарын замыг ашиглаж эхэллээ.

    Монголын иргэний агаарын тээврийн түүх сөхвөл Орос Улсаас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд Нисэхийн салбар байгуулагдсан өдөр гэж зүй ёсоор тооцдог. Хожим 1946 онд дээд зэрэглэлийн долоон онгоц, нэг По-2 онгоцтой Иргэний агаарын тээврийн тасаг байгуулагдаж, Дундговь, Сүхбаатар аймаг, Сайншанд, Өндөрхаан чиглэлд дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Ингээд 1946, 1947 онд Ард түмний агаарын шуудангийн дүрэм болон агаарын шуудангийн онгоцны сүлд, тэмдгийг баталсан түүхтэй.

Монголын иргэний агаарын тээврийн хөгжилд 1956 он шинэ эринийг нээжээ. Учир нь 1956 оны эхээр Орос улсаас таван Ан-2 онгоц ирж, нисгэгчдийн бэлтгэл амжилттай дууссанаар монголчууд хуваарьт нислэгээр тогтмол нисэх боломжтой болсон байна.

1987 оноос МИАТ компани Орос улсаас Ту-154 онгоц түрээслэн авч олон улсад нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд Оросын Москва, Эрхүү, Хятадын Бээжин хотод төлөөлөгчийн газраа нээжээ. Иргэний агаарын тээврийн салбар улам бүр хөгжиж, Монгол Улсын гадаад харилцааны хүрээ тэлж, олон улсын стандартад нийцсэн нислэг үйлдэх шаардлагаас үүдэн 1993 оноос МИАТ бие даасан, төрийн өмчийн иргэний агаарын тээврийн компани болсон юм.

      Өнөөдрийн байдлаар Боинг 737-800 агаарын хөлөг 2, Боинг 767-300 агаарын хөлөг 2 нийтдээ 4 агаарын хөлгөөр Улаанбаатараас Бээжин, Хонгконг, Сөүл, Токио, Москва, Берлин хотуудад тогтмол нислэг, Сингапур, Хайнан, Чежу, Япон улсын Нагоя, Ояаката, Фүкүока зэрэг олон хот руу захиалгат нислэг үйлдэж байна.

Манай улс хөрш зэргэлдээ ОХУ-тай 9, БНХАУ-тай агаарын 6 хаалгаар холбогддог. Монгол улсаар дайран өнгөрч байгаа агаарын хөлгүүд нэг хаалганаас нөгөө хаалга руу тодорхой радарын цэгүүдийг холбох зарчмаар муруй нислэг үйлддэг байсан. Тэгвэл энэ оны 3 сараас манай улс шулуун нислэг үйлдэх боломжтой агаарын хаалганаас хаалганд чиглэсэн чиг шулуун 6, Улаанбаатар хотод хөөрөлт буултанд ашиглагдах 1 агаарын замыг ашиглаж эхэллээ. Энэ нь нислэгийн зай богиносч, эдийн засгийн хувьд түлш болон хугацаа хэмнэх ашигтайгаас гадна нүүрсхүчлийн хийн ялгаралт багасч байгаль орчинд ээлтэй байх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Урьдчилсан байдлаар агаарын замуудыг ийнхүү шулуутгаснаар агаарын тээвэрлэгчид жилд 230 гаруй мянган км зам товчилж, дунджаар 1656 тн түлш хэмнэн, нүүрсхүчлийн хийн ялгаралт 5220 тн бага байх тооцоо гарчээ. ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё. Эрдэнэбатаас агаарын шинэ замын талаар тодрууллаа.

      Ё. Эрдэнэбат: Ихэнх агаарын замууд ойролцоогоор 19 км-ээс 80-аад км-ийн зөрүүтэй. Агаарын хамгийн гол 3 шинэ зам нь өмнө нь Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээ, иргэний нисэхийн салбарын агаарын сүлжээнд байгаагүй ийм урт агаарын зам бий болж байна. Өөрөөр хэлбэл нэг цэгээс нөгөө цэг рүү 1659 км урт агаарын зам бий болж байгаа юм.

Манай улс навигацийн үйлчилгээнээс жилдээ 100 сая гаруй америк доллар олдог гэсэн тооцоо бий. Агаарын шинэ шулуун замыг нээснээр навигацийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.

Агаарын хяналт, техник технологийн хөгжлийн хувьд манай улс олон улсын дунджаас дээгүүр төвшинд бичигддэг бөгөөд нийт агаарын орон зайн 80 гаруй хувийг радарын хяналтаар хянадаг байна.

     ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Б. Алтанцом: Монгол улсын баруун хязгаарт буюу Завхан аймаг Ховдын районд шинээр радарын систем тавьсан нөхцөлд Монгол улсад жилд 100-аад мянган агаарын хөлөг нислэг үйлддэг гэхэд тэдгээр хөлөгт тавих хяналтыг 100 хувь радарын хяналтаар хянана гэсэн үг. Энэ төслийг бид энэ жилдээ багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тэгвэл олон улсын хэмжээнд Монгол улсын хувьд томоохон дэвшил гарахын зэрэгцээ агаарын хяналтын аюулгүй байдал болон эдийн засгийн хувьд ч томоохон хувь нэмэр оруулах төсөл юм. Уг төсөл нийт 15 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй.

Агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлж, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх эдийн засгийн үр ашигтай үзүүлэлтэд тулгуурласан навигацийг хэрэгжүүлэх нь Иргэний нисэхийн олон улсын байгууллагын тэргүүн зорилт юм. Тиймээс ч энэхүү зорилтыг гишүүн орнууддаа хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Манай улсын хувьд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт үзүүлэлтэд тулгуурласан навигацийг 2020 он хүртэл бүрэн хэрэгжүүлж, нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах тухай тусгасан байдаг. Тиймээс ИНЕГ-т байгуулагдсан Олон улсын агаарын замуудад үзүүлэлтэд тулгуурласан навигаци хэрэгжүүлэх ажлын хэсгээс агаарын замуудыг тогтоон нислэгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг боловсруулан, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна.

Далайд гарцгүй, өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын хувьд агаарын тээвэр нь эдийн засгийн хөгжлийн чухал хөшүүрэг юм. Тиймээс цаашид агаарын тээврийн салбарыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, хөгжүүлэх шаардлагатай гэж үзэн энэхүү “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлан гаргажээ.

Уг баримт бичигт тусгагдсан бусад ажлуудыг хийж гүйцэтгэснээр Монгол Улсын агаарын тээврийн нэр хүнд өсч, агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хүрэх, гуравдагч ертөнцтэй шууд холбогдон Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа өргөжих, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх гээд олон давуу талууд бий болох юм. 

Сонирхуулахад, Английн Скайтракс судалгаа үнэлгээний байгууллагаас Монголын үндэсний тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн үйлчилгээний түвшинг ахиулж, 3 одтой зэрэглэлийн хэмжээнд хүрснийг 2013 оны эхээр албан ёсоор зарласан билээ.

Үзсэн: 2174

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна