Монгол иргэдэд БНСУ-ын олон удаагийн виз олгуулах санал тохиролцоонд хүрлээ
Мөн хоёр тал виз мэдүүлэгчдэд тавигдах шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай уулзаж, хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийн талаар ярилцлаа. Монгол, Солонгосын хоорондын 2004 оны тохиролцооны дагуу визгүй зорчиж байсан иргэдэд БНСУ хилийн урьдчилан шалгах системийг 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн нэвтрүүлсэнтэй холбоотойгоор визтэй зорчих шаардлага тавигдаад байсан бөгөөд дээрх уулзалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрөв, эсхүл нийт 10 удаа хилээр нэвтэрсэн хоёр талын иргэдэд таван жилийн хүчинтэй хугацаатай олон удаагийн визийг хөнгөлттэй нөхцлөөр олгох талаар тохиролцоонд хүрлээ.
Түүнчлэн Иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2012 оны гэрээний хэрэгжилтийг хангаж, хоёр талын иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийг нарийвчлан тохирох, виз мэдүүлэгчдэд тавигдах шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Үзсэн: 1036
Tweet