“Mongolia mining 2017” үзэсгэлэнд16 орны 130 орчим компани оролцож байна
“Mongolia mining-2017” олон улсын үзэсгэлэнд оролцож буй ханган нийлүүлэгчид байгаль орчинд аюулгүй өндөр технологиор бүтсэн тоног төхөөрөмжүүдийг дэлгэн тавьжээ.
“Mongolia mining 2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 5-аас 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Энэ жилийн үзэсэгэлэнд Австрали, АНУ, Герман, ОХУ, Япон, БНХАУ, Беларусь, Канад, Чех, Нидерланд, Турк, Швед зэрэг 16 орны 130 орчим компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн танилцуулж байгаа юм. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Mongolia mining-2017” олон улсын үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “Эдийн засгийн хямрал үргэлжилж байсан 2010 онд Монгол Улс анх удаа энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байсан. ДНБ -1.2 хувьтай гарч байсан хүндхэн үеэс монголчууд 2011 оны өсөлт рүү шилжсэн. Тэгвэл өнөөдөр бид эдийн засгийн хүндрэлээс өсөлт рүү шилжих буюу түүх давтагдах үед ирээд байна. “Mongolia mining-2017”–д оролцогсод өмнөх жилүүдээс цар хүрээгээ тэлж, гадны ханган нийлүүлэгчдийн оролцоо идэвхжсэн нь уул уурхайн салбарт өсөлт ирэхийн сайн дохио гэж харж байна” гэлээ.
Үзэсгэлэнгийн үеэр “Эрдэнэс Монгол”-ийн охин компаниуд болох Багануур, Шивээ-Овоо ХК-иуд болон Оюутолгой, ЭТТ, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд энэ онд хэчнээн хэмжээний худалдан авалт хийх, ямар төрлийн техник, тоног төхөөрөмжийн эрэлттэй байгаагаа танилцуулж байлаа. “Mongolia mining-2017” олон улсын үзэсгэлэнд оролцож буй ханган нийлүүлэгчид байгаль орчинд аюулгүй өндөр технологиор бүтсэн тоног төхөөрөмжүүдийг дэлгэн тавьсан байв. “Mongolia mining-2017” олон улсын үзэсгэлэн нь Монголын уул уурхайн үйл ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах томоохон арга хэмжээнүүдийн нэг юм.
Үзсэн: 1318
Tweet