Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2017-12-08,09
mongolia

Шинэ мэдээ

Монголчуудын алтан эдлэл


Densmaa 2017-04-05 02:04

Алтан хийц дахин давтагдахгүй өөр өөрийн нарийн ур ухааныг шингээсэн байдгаараа онцлогтой. Ерөнхийдөө хөөлгөх, гүйлгэх, давтах, цоолборлон сийлбэрлэх аргаар алтан эдлэлийг хийдэг байна.

           Монголчууд хэзээнээс алт, мөнгийг амьдрал ахуйдаа хэрэглэж ирсний зөвхөн эртний ном судраас уншиж харж болох юм.

          Алт мөнгийг зөвхөн гоёл чимэглэлийн хэлбэрээр хэрэглэж байсан улбаа МЭӨ 209-174 онд хамрагдах хэд хэдэн томоохон булш бунхнаас олдсон байна. Үүний нэг нь Архангай аймгийн Хүннүгийн булшнаас алт, мөнгөн чимэглэлтэй  сүйх тэрэг, шүр, танаар чимэглэсэн цул алтан ээмэг, малгай титэм дог олдсон. Нэн эртний монголчууд алт мөнгөөр зөвхөн өөрийгөө гоёох биш агт морь, сүйх тэрэг зэргийг  чимэглэж байсан нь археологч судлаачдын анхаарлыг татдаг юм.

            МЭӨ он тооллолын үеийн урчууд 3 мм-ийн алтан цувималыг хэлбэрт оруулж хооронд нь гагнасан байгаа нь судлаачдын анхаарлыг татаж байдаг. Ер нь эртний булш бунханаас гарсан алтан эдлэлийн хэлбэр хийц зэрэг нь хоорондоо давтагдахгүй чамин өвөрмөгц байдаг. Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Ихдулаан уулын Хүннүгийн булшнаас 1983 онд археологчид, маш нимгэн навч хэлбэртэй алтан ялтсаар бүрсэн 20 см хэмжээтэй хуш модоор сийлсэн эмэгтэй хүний дүрсийг олсон нь олон улсын хэмжээнд судалгаа шинжилгээнд бүртгэгджээ.   

            13-р дугаар зуун, Чингис хаантай холбоотой үйл явдлын ихэнх нь өнөөгийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт өрнөсөн нь түүх, газар зүйн байрлалаар батлагддаг билээ. Дорнод аймгийн Таван толгой орчмоос олдон хэд хэдэн эртний булшнаас маш сонирхолтой алтан эдлэл олдсон байдаг. Өндөр толгодын энгэр ээвэр тэнүүн тэгш газарт онцгойлон байршуулсан нэгэн булшнаас ган амгайвчтай морины бүтэн яс мөн алтан бүүрэгтэй эмээл гарсан юм. Энэхүү булшнаас баруун тийш нь хандуулсан залуухан эмэгтэйн шарилын толгой талд торгомсог эдлэлээр хийсэн малгайн титэм нь дөрвөн талт нимгэн алтан ялтсан дээр суулгасан шагай чинээ тана эрдэнэтэй байлаа. Шарилын хүзүүнд жижиг оюу чулууг алтан үрлийн хамт ширхэгчлэн мөнгөн утсаар хэлхсэн зүүлт бүтнээр гарсан байдаг. Үүнээс гадна антропологич, архелогич судлаачдын хамгийн их анхаарал татсан нэгэн зүйл бол алтан бөгж. Шарилын хуруунд хонины хорголийн дайтай сувд шигтгэсэн цул алтан бөгжний дотор талд “шонхор” шувууны дүрсийг маш тод уран сайхнаар сийлсэн нь Чингис хааны алтан ургийн сурвалжит хүн гэдгийг баталсан хэрэг байв.

            Дашрамд дурдахад, “Шонхор” шувуу бол Чингис хааны алтан ургийнхантай салшгүй холбоотой гэдгийг түүхийн олон баримтаас харж болох юм. Тийм ч учраас Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар шонхор шувууг Монгол Улсын “Үндэсний бахархалт шувуу” гэж дэлхий нийтэд зарласан. Чингис хааны алтан ургийн сүлд цагаан шонхрыг бөгжиндөө нууцлан хадгалсан, язгууртан титэм малгайтай ,алтан эмээл бүхий хүлэг морьтой нь нутаглуулсан эмэгтэй нь шарилыг Герман, Монгол, Солонгосын хамтарсан судлаачид олон талаас нь судлаж байна.

            Харин өнөө бидэнд олдоод байгаа төрт ёсны олон тамга тэмдгийг алт буюу мөнгөөр хийсэн тухай түүхэнд тэмдэглэсэн зүйл огт олдоогүй байна. Ер нь монголчууд төр ёсны билэгдэлт зүйл хааны болоод төрийн тамга, хаан сэлэм зэргийг ширээсэн ган болд төмөрөөр хийж, анар эрдэнэ чулуугаар чимэглэсэн нь олонтоо  байна. Чингис хааны тамга нь гангаар сийлсэн баран бариултай хаш тамга байсныг  эртний Хятад, Перс, Иран Ирак, Монголын түүхийн эх сурвалж бичгүүдээс харж болно.

         Үүний нэгэн жишээ нь Чингис хаанаас хаан тамгыг үе улируулан Их Юань гүрэн байгуулсан Хувилай хааны барьж байсан баран тамгыг нэр бүхий арав гаруй их хаад хашсаар  1333 онд Юань гүрний сүүлчийн хаан байсан Тогоонтөмөр Бээжингээс дутаж гарахдаа, Жанчхүүгийн давааны өмнө орших Чуулгат хаалганы дотор талын хананд “... Их өвөг Чингисийн тулгар төрийн залгамж Хувилай хааны Их нийслэл Дайту хотыг ухаан муут хүмүүст алдлаа би. Ар сайхан нутагтаа даруй очихдоо хасбуу их тамгыг ханцуйлан одлоо...” гэж чулуун дээр хятад, худам монгол бичгээр сийлэн үлджээ.

          Түүхч судлаачид уг иш бичлэг мөн Дай Юань гүрний Рашид-Ад–Диний “Судрын чуулган”, “Монголын Нууц Товчоо”, Ванчинбалын “Хөх судар”, “Алтан товч”  зэрэг  их хөлгөн сударт үгүүлснээр хаадын тамганд алт мөнгийг огт нэмэрлээгүй гэж тодорхой бичсэн нь бий. 

      Монголчууд, алт  “шунал дагуулдаг” гэж  эртнээс сургадаг, болгоомжилдог. Жишээ нь 1277 оны улаагчин үхэр жилд гаргасан Хувилай хааны нэгэн зарлигт “хятад, нахиад иргэдийг алт хэрэглэхийг хориглоод, уул уурхайгаас харь иргэд алт олзворловол Монгол түшмэл заавал уг газрыг сайтар дахин нягтлан үзэхийг” зарлигдсан байдаг. Мөн алтаар шагнал өгөх, алтан бэлэг солилцох зэргийг хуульчилан хориглож байжээ.

       Ер нь 13-р дугаар зууны түүхийн судар бичигт  монголчууд “алт”-аар хэн нэгнийг шагнаж урамшуулсан, алтан эдлэлийг ихээр хураасан агуулсан тухай дурьдсан зүйл огт харагддаггүй. Харин “Монголын нууц товчоо”-нд гүр хаан Жамуухд Чингис хаан “алтан бүс” бэлэглэсэн гэж гардаг.

          Монголчууд алтаар юм хийдэг хүнийг “инжаан” гэж нэрлэдэг бөгөөд дархан хүн бурхан ухаантай гэж хүндэтгэдэг байна. Алтаар юм хийдэг инжаанууд хэзээ ч хийцийн үнэ хэлдэггүй бөгөөд зөвхөн захиалагчийн сэтгэлийг өглөгийг авдаг эрхэм ёс байжээ. Алтан хийц дахин давтагдахгүй өөр өөрийн нарийн ур ухааныг шингээсэн байдгаараа онцлогтой. Ерөнхийдөө хөөлгөх, гүйлгэх, давтах мөн цоолборлон сийлбэрлэх аргаар  алтан эдлэлийг хийдэг байна. Алт нь анар, шүр, сувд, тана зэрэг хагас үнэт чулуутай өнгө хоршиж, үзэмжтэй сайхан харагддаг.

 

Үзсэн: 603

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (3)