Хөрөнгө оруулалтын орчны талаар Дэлхийн банкныхантай мэдээлэл солилцов
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл, УБ хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулсан Засаг даргын өргөтгөсөн зөвлөлийг байгуулан ажиллаж байна.
Дэлхийн банкны экспертүүд Улаанбаатар хотод ажиллаж бизнесийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүдэд Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх механизмын талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн зохицуулалтын талаар мэдээлэл солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнтэй хамтран ажиллах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авсан. Тухайлбал Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулсан засаг даргын өргөтгөсөн зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “Эдгээр зөвлөлийг байгуулсан зорилго нь Улаанбаатар хотын удирдлага болон төр захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр нь амьдралд нийцсэн, хэрэгжих боломжийг хангасан байхад чиглэсэн арга хэмжээ юм. Уг ажиллагааг зохион байгуулахад бид Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн экспертүүдтэй хамтран ажиллаж байгаа. Өнөөдөр тэд Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын албан хаагчдад хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчидтай хэрхэн хамтарч ажиллах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийх боломжит арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцаж байна” гэсэн юм.
Үзсэн: 1354
Tweet