Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Домборын аялгуутай Нарны баяр...


Densmaa 2017-03-22 04:03

Наурыз бол урин хаврын “төрсөн өдөр” гэсэн үг. Казахын ард түмэн Наурыз тохиож байгаа энэ өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг.

    Жил бүрийн 3-р сарын 22-ны өдөр, өдөр шөнийн цаг тэнцдэг. Ертөнцийн өдөр уртасч, наран алгуур алгуурхан наашлан, урин цагийн дулаан амьсгааг тээсэн өдрүүд хоног дэрлэн айлчилна.

Сав шим ертөнцийн салшгүй нэгэн жам ерөөл тээсэн энэ өдөр Наурызын баяр тохиодог уламжлалтай.

    Наурыз. Энэ бол нарны баяр, сайн сайхныг бэлэгдэх казах түмний золгон учрах ерөөл билгийн дээдийг хүсэмжлэх хүмүүн ёсны эрхэм баяр.

“Наурыз” гэдэг үг персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд анх бичигджээ. Наурызын баяр чухамдаа дорнын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас шашны зан үйл болон түүний урсгалуудаас ангид явж ирснийг судлаачид тэмдэглэсэн.

Наурыз гэдэг нь иран хэлний “Шинэ өдөр” хэмээх үгнээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг учиртай. Казах хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог хийгээд өдөр шөнө тэнцдэг цаг үеийг хамтад нь илэрхийлдэг. Ийм болохоор гуравдугаар сарыг казак хэлэнд “Наурыз” гэж нэрлэдэг. Хуанлийн хуудаснаа тэмдэглэгдэж, НҮБ-ын Ерөнхий чуулганы тогтоолоор батлагдан, ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн биет бус төрөлд Наурызын баяр бүртгэгдсэн.

    Жил бүрийн Наурызын баяраар МУ-ын ерөнхийлөгч казах түмэндээ хандаж баярын мэндчилгээ дэвшүүлдэг.

МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээндээ:  

“Хаврын баяр Наурызын баярын хамгийн сайн сайхан энх аз жаргалыг хүсэн ерөөж мэндчилье. Уудам монгол орны маань өнцөг булан бүрт суугаа нийт ард иргэддээ болон Казах түмэндээ хамгийн сайн сайхныг хүсье. Наурызыг манай улсад өргөнөөр тэмдэглэдэг. Олон жил манай казак иргэд онцгойлон тэмдэглэж ирсэн. Ийм сайхан баяр байгаа. Баярынхаа үеэр тухайн жилдээ гарсан ололт амжилтаа бахдам ярьдаг. Ахмад азай буурлуудаа хүндэтгэж, хоорондоо золгодог уламжлалтай. Манай казах түмний олонх нь амьдарч байгаа Баян-Өлгий аймгаас сүүлийн үед сайн мэдээ ирж байна. Сүүлийн 3 жил ДНБ 150 гаруй хувиар өсч нэмэгдсэн гэсэн ийм сайн мэдээ байна. Үндэсний статистикийн энэ мэдээг хараад би хувьдаа туйлын бахархалтай байна. Мөн 5000 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Мэдээж хүндрэлтэй асуудал шийдүүлэх хүсэлтэй хүн олон байгаа. Гэхдээ ажлын байр бий болсон нь маш сайн байна. Манай хөдөө орон нутаг, аймгуудад Хөгжлийн сангийн мөнгө хуваарилагдан очдог болсноос хойш асар их бүтээн байгуулалтыг манай сум, аймгууд хийж байна. Энэ дотроо манай Баян-Өлгий аймаг бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, тэндээ өөрсдөө санхүүгээ шийдэж явж байгаа. Олон орон сууц, олон бүтээн байгуулалт хийгдэж байгаа гэсэн ийм сайн мэдээ байна. Мөн одоо шинээр зам баригдах үйл ажиллагаанууд тодорхой чиглэлээр эхэлж байна.

Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.

Шинэ өдрийг угтан тосох казак түмний Наурызын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, эмэгтэйчүүд мод, цэцэг суулган, сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж угтан мандах алтан нартай мэндчилдэг.

“Газар эх минь ивээлээ хайрла” хэмээн нээсэн худгийн нүхэнд тос асгаж, шинэ тарьсан модонд сүүгээ өргөн цацдаг ёсон эртний улбаатай.

Наурыз бол урин хаврын “төрсөн өдөр” гэсэн үг. Казахийн ард түмэн Наурыз тохиож байгаа энэ өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утгыг илэрхийлдэг.

Ардын дунд тархсан домгоор, 3-р сарын 21-ний шөнө ивээлт өвөө Кызыр даян дэлхийг хүсдэг гэнэ. Иймд энэ шөнийг “Кызырын шөнө” гэж бас нэрлэдэг. Кызыр хүмүүст эд баялаг, аз жаргал, баяр баясгалан хайрладаг, өндөр настай өвгөн буурлын дүр бүхий билэгдлийн дүрслэл.

Наурызын гол онцлог нь эхний өдрийг эрхшээн хүндэлж, эрхэмлэн дээдэлж угтахаас эхэлдэг. Казахууд үндэсний хувцсаа өмсч, золгохдоо бие биедээ баяр хүргэж мэндчилэн, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж, амжилт бүтээл арвин байхын ерөөлийг дэвшүүлдэг. Эрчүүд хоёр гараараа барилцан цээжээ хүргэж мэндэлж золгодог, харин эмэгтэйчүүд тэврэлддэг нь казах заншил. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цээжээ зөрүүлж мэндэлнэ. Хоёр гараараа барилцан цээж мөргүүлнэ гэдэг нь амьдралын тулгуур эрхтэн цээж минь, амьдрах эх булаг болсон хоёр гар минь эсэн мэнд байг гэдгийг илэрхийлдэг.

Наурызын баярын идээ ундаа нь Монголын цагаан сараас өөр онцлогтой. Тухайлбал, баярын хүндэтгэлтэй зоог болох чанасан толгойг настай буюу цугларагсдын ахмад нь эхэлж хөнддөг учиртай. Хонины толгойн эрүүний хуйхнаас зүсэж эхлээд гэрийн эзэнд, дараа нь насны эрэмбээр нь бусад хүнд амсуулна. Баярын хамгийн гол хоол бол “Наурыз-көжө”. Энэ нь “Наурыз шөл” гэсэн үг. “Наурыз шөл” нь амьдралын долоон элементийг илтгэдэг ус, мах, давс, өөх, гурил, будаа буюу цагаан будаа, улаан будаа, шар будаа, сүү гэсэн долоон төрлийн бүтцээс бүрдэнэ. Баяр баясгалантай, азтай, цэцэн сэргэг, эрүүл, элбэг дэлбэг, хурдан шаламгай байж, өсч үржиж бурхнаас өршөөл хүртэх ерөөл билэгдлийг илтгэдэг. Энэ ч үүднээс казакийн ёсонд наурызын баяраар будаатай шөл хийдэг нь дээдлэлийн илэрхийлэл байдаг.

Наурызын заншил ёсоор алс хол газар яваа болон настай буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалах уламжлалтай. Хүндэтгэлийн энэ өдөр архи уудаггүй хатуу цээртэй.

Заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Үүний учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг билэгшээдэг явдал юм.

Наурыз көжөг 40 айлд орж амсах ёстой гэж үздэг. Яагаад гэвэл казакууд 40-ийн тоог эрхэмлэдэг. Онцолвоос казакууд 40 настай эр хүнийг эрийн цээнд хүрсэн гэж үздэг. Нас барсан хүнд долоо хоногт 40 гэрэл асааж хүндэтгэл үзүүлдэг. Нас барагсдын 40 хоног дээр нь ёслол үйлдэж ном уншуулдаг гэх мэт ёс байна.

Казах түмний үндэсний хувцас нь насны онцлогоос шалтгаалж янз бүр хийц загвартай. Тухайлбал, нөхөрт гараагүй охид бүсгүйчүүд малгай дээрээ шар шувууны өд хатгасан байхад нас тогтсон эмэгтэйчүүд хээ хуар урласан цагаан торгоор толгойгоо боодог.

Наурызын баярыг өнө эртнээс дэлхийн олон оронд тэмдэглэж ирсэн уламжлалтай. 

Хавар болж, мал төллөн, амьтад ичээнээс гарна. Өдөр уртассанаар дэлхий дээрх амьд амьтан болгон эрч хүч авдаг. Казах түмэн Наурызын баярыг нарны баяр, хаврын баяр гэж билэгшээдэг.

Үзсэн: 2885

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна