Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлнэ


Densmaa 2017-03-22 03:03

Манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна

      Монгол Улс “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэж байна. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан юм. Уг өдөртэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах, төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдэх юм.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна гэсэн дүн гарсан. Харин эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдардаг юм. 2016 онд улсын хэмжээнд нийт 28000 шахам газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдсэн. Тухайлбал, 2000 онд Улаанбаатар хот орчим жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж, тохиолдлын тоо эрс өссөн. Дээрхи идэвхижилт бүхий газруудад 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй тооцоо судалгаа гарсан. Уг судалгааг “Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд 2014 онд Японы ЖАЙКА олон улсын байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн юм. Иймд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах тогтолцоог сайжруулах, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх шаардлага байгааг харуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Үзсэн: 1165

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна