Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол улсын зэвсэгт хүчин


Densmaa 2017-03-17 08:03

Гуравдугаар сарын 18 - “Монгол цэргийн өдөр”

    Монгол цэргийн хоёр мянга гаруй жилийн түүхэн уламжлал, залгамж чанарыг үндэслэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэдэг юм. Энэ жил Монгол улсын Зэвсэгт хүчний түүхт 96 жилийн ой тохиож байна.

2220 гаруй жилийн тэртээ Модун шаньюй Монголын анхны төрт улсыг байгуулсан тэр үеэс монгол цэргийн буурал түүх эхэлдэг. Улмаар эзэн Богд Чингис хааны Их Монгол Улсын цэргийн зохион байгуулалт, байлдах урлаг, сүр хүч, сахилга журам дэлхий дахинаа гайхамшигт түүхийг дархалжээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-өөд оны баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтад ялан дийлсэн баатрууд нь монгол цэрэг байлаа.

Эдүгээ ч Монгол цэргүүд улс эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт түрэмгийллээс хамгаалахад бэлэн байх, улсын хил хамгаалахад дэмжлэг үзүүлэх, агаарын хилийн халдашгүй дархан байдалд хяналт тавих, хөнөөх хэрэгслийн хөнөөл, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрийн ослын аюулаас хүн ам, эд баялгийг хамгаалахад туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлэн, эх орондоо өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлж байна.

Үүний зэрэгцээ тив ертөнцийн энхийн төлөөх ариун үйлсэд оролцож, дэлхийн халуун цэгт алдар суугаа мандуулж явна. Энэ бол монгол цэргийн дайчин уламжлалын илэрхийлэл, Монголын ард түмний бахархал, монгол цэрэг дэлхийн цэрэг болсны тод жишээ юм.

Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөний аюулыг сэрэмжлэн зайлуулах, энх тайванч бодлогоо олон улсын эрх зүйн түгээмэл зарчмуудад нийцүүлэх, НҮБ-ын үйл ажиллагаанд дэмжлэг, сайн санааны туслалцаа үзүүлэх бодлогыг баримталж иржээ. Энэ хүрээнд  1999 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр НҮБ, Монгол Улсын Засгийн газар хооронд “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ингээд 2002 онд энхийг сахиулах ажиллагаанд анх оролцсоноос хойш эдүгээ давхардсан тоогоор нийт 14 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.

Өнөөдрийн байдлаар БНӨСУ, Судан, Баруун Сахар, Абией, Афганистан улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд 1100 гаруй цэргийн алба хаагч цэргийн багт болон цэргийн ажиглагч, зөвлөх, холбогч офицероор, мөн тухайн ажиллагааны Хүчний төв штаб, секторын штабуудад штабын офицер зэрэг албан тушаалд үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

    Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, бригадын генерал П.Доржсүрэн:   Өмнөд суданы сөрөг хүчний армийн генерал саяхан хэлсэн байсан. Юу гэсэн гэхээр, Бидэнтэй дайтах чадвартай, эн зэрэгцэн тулалдах чадвартай цэргүүд бол монголчууд, монгол цэргүүд. Тэгэхээр манай энхийг сахиулагчид гадаадад хичнээн өндөр нэр хүндтэй үүрэг гүйцэтгэж байгаа нь эндээс харагдаж байна. Өнөөдөр нэг жилийн цэрэгт тэднийг сургаж байгаа ачаалал, сургалтын чанар 3 жилийн цэргийн албатай тэнцэхүйц өндөр хэмжээнд бэлтгэгдэж байна. Цэргийн албан хаагч яг юу сурч мэдсэн байх ёстой тэр хэмжээнд өнөөдөр бэлтгэгдэж байна. Үүний нэг үзүүлэлт нь олон улсын хэмжээнд монгол цэргийн үүрэг гүйцэтгэж байгаа байдал, олон улсын олон хамтарсан сургалтууд тухайлбал  монгол болон гадаад орнуудад явагддаж байгаа хээрийн сургуульд манай албан хаагчид оролцож, өндөр үнэлэлт авч байна. Энэ бүхний үр дүнд гадаадад манай цэргүүдийг өндөр үнэлж байна.

       НҮБ, НАТО манай энхийг сахиулагчдын чадвар чансаа, эрэлхэг зориг, авхаалж самбааг өндрөөр үнэлснээр манай улс энхийг сахиулах ажиллагааны Топ-20 орны нэг болсон юм. Зэвсэгт хүчний 150-р ангийн байлдааны хангалтын ротын ахлагч, ахлах ахлагч Мөнхцэцэгийн ярихдаа “НҮБ-ын төлөөлөгчид олон улсын хүмүүс монгол улсын энхийг сахиулах ажиллагааны цэргийн багийг тодорхойлон магтсан байдаг. Цаашид үүрэг гүйцэтгүүлэх хүсэлтээ байнга илэрхийлдэг. Монгол цэргүүдээр бид хамгаалуулж, үүрэг гүйцэтгүүлэхэд маш сэтгэл амар тайван байдаг гэх зэргээр магтаалын үг маш их сонсож байсан” гэсэн юм.

Монгол цэргүүд ийнхүү даян дэлхийн энхийн төлөө үйлсэд нэр төртэй зүтгэж, нэрээ алдраа дуурсгаж байна. Ийм омогшлоор хүүгээ цэргийн хүн болгох сонирхол монголчуудын дунд хэдийнэ бий болжээ.

Монгол Улсын ирээдүйн хөгжилд манлайлан оролцох оюуны өндөр чадавхитай, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, хүмүүнлэг иргэнийг нийгэмд болон зэвсэгт хүчинд бэлтгэх зорилгоор “Тэмүүжин өрлөг” дунд сургууль 2010 онд байгуулагджээ. БХИС-ийн харьяа тус сургуулийн анхны хичээлийн жил 30 хүүхэдтэй эхэлж байсан бол өнөөдөр 360 орчим сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуульд ерөнхий эрдмийн хичээлээс гадна цэргийн анхан шатны боловсрол олгох хичээлийг тусгай хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явуулдаг. Тус сургууль ОХУ-ын Омск, Екатеринбург, Барнаул хотын Суворовын нэрэмжит цэргийн сургууль болон Бүгд найрамдах Турк улсын цэргийн ахлах сургууль Энэтхэг улсын цэргийн дунд сургуулиудтай хамтран ажилладаг байна. Сонирхуулахад манай улсад анх 1925 онд цэргийн ерөнхий сургуулийн дэргэд 10-15 насны хөвгүүдийг сургах зургаан жилийн сургалтын хөтөлбөртэй сургуулийг байгуулж байсан түүхтэй.

Монгол улсын Батлан хамгаалахын салбарт хэрэгжүүлж байгаа нэг том ажил нь иргэдэд эх орноо батлан хамгаалах чадавхийг эзэмшүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой “Оюутан цэрэг” хөтөлбөр юм. Хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлж, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийжээ. Сонирхуулахад, манай улсын 18-25 насны эрэгтэйчүүд нэг жилийн хугацаатай цэргийн жинхэнэ алба хаадаг журамтай. Цэрэг татах ажлыг жилд хоёр удаа буюу хавар, намар зохион байгуулдаг. Мөн дүйцүүлэх болон гэрээт цэргийн албыг сайн дураар хаалгах хэлбэрээр цэрэг татлагын ажлыг зохион байгуулдаг.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор Батлан хамгаалах яам, Монголын оюутны холбоотой хамтран 2014 оноос хэрэгжүүлж байна.  “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, хурандаа Г.Мягмаржаваас хөтөлбөрийн талаар тодрууллаа.

    Хурандаа Г.Мягмаржав: Оюутан цэрэг хөтөлбөр 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. 2014-2016 онуудад нийт 2500 орчим оюутан залуус Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан. Оюутан цэрэг хөтөлбөрийн эхний 2 сарын сургалтыг цэргийн ерөнхий эрдэм буюу онолын сургалт нэрээр сургуулиуд дээр нь сургалтын үйл ажиллагаанд садаа болохгүйгээр заана гэсэн журмын дагуу явуулдаг. Тэгээд дараа нь 6 сарын 15-аас 8 сарын 15-ыг хүртэл цэргийн мэргэжлийн бэлтгэл хийнэ. Энэ жилийн оюутан цэрэг сургалт нэлээн онцлогтой байна. Сая 2016 онд Батлан хамгаалахын багц хууль батлагдсан. Уг хуулийн доторхи багц хууль нь Цэргийн албаны тухай хууль юм. Үүний үндсэн дээр 2017 оны 1 сарын 25-нд Засгийн хурлаар Оюутан цэрэг хөтөлбөрийн журам орж батлагдсан. Тиймээс Оюутан цэрэг татлага хууль эрх зүйн үндэстэй болж байгаа юм. Энэ бол цэргийн алба хаасанд тооцно. Цэргийн 1-р зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэнэ. Цаашлаад дайчилгааны бусад сургалтанд хамрагдаж төрийн алба хаагаад явх бүх эрх нээгдэнэ. Түүнчлэн цэргийн алба хаах нэг төрөл бий болж байгаа юм. Цэргийн албыг гэрээгээр хааж болно, хугацаат цэргийн албаар хааж болно, оюутан цэргийн системээр хааж болно, дүйцэх албаар хааж болно, мөнгөн хэлбэрээр хааж болно. Оюутан цэрэг хөтөлбөрийн бас нэг ач холбогдол нь суралцах хугацаанд нь садаа болохгүйгээр цэргийн алба хаах ийм боломжийг бүрдүүлж өгч байна. Бусад орнууд жишээлбэл Хятад улсад их дээд сургуульд сурч байх хугацаанд нь явц дунд нь цэргийн хичээл ороод явдаг. Солонгост болохоор бас ийм төрлийн системээр явдаг. Ер нь бол хугацаат цэргийн албыг аль болох богино хугацаанд хаах ийм хандлага дэлхий дахинд гарч эхэлж байна. Зарим оронд хугацаат цэргийн татлага байхгүй. Зөвхөн мэргэжлийн цэргээр үүрэг гүйцэтгүүлдэг болсон байна. 

     Монгол Улс өнөөдрийн байдлаар дэлхийн 32 улстай батлан хамгаалах салбарт харилцаа тогтоон, хамтран ажиллаж байна. Олон улсын практикт улсууд Элчин сайд харилцан суулгах хэмжээнд харилцаа тогтоосноор харилцааны түвшинг үнэлдэг бол батлан хамгаалах салбарын харилцаанд цэргийн атташе харилцан суулгаснаар харилцааны түвшинг үнэлдэг тал бий. Одоо Монгол Улсаас гадаадын 6 улсад суугаа Элчин сайдын яаманд цэргийн атташегийн алба ажиллаж байгаа бол манай улсад суугаа гадаадын 5 улсын Элчин сайдын яаманд цэргийн атташегийн алба ажиллаж байна. Мөн дэлхийн 18 улс БНХАУ-д суугаа Элчин сайдын яамныхаа дэргэдэх цэргийн атташе нараа манай улсад хавсран сууж байна. Энэ нь манай улсын батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа харьцангуй өндөр төвшинд байгаагийн нэг нотолгоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг.

Сонирхуулахад, Монгол цэргийн өдрөөр Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдын дэргэдэх цэргийн атташегийн албадын дунд “Нөхөрсөг уулзалт тэмцээн” зохион байгуулах юм. Мөн энэ өдрөөр “Хатан ижий” хүндэтгэл ёслолын арга хэмжээ, “Зэвсэгт хүчний удирдлагын тогтолцооны шинэчлэл ба тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний бага хурал, “Эх орны цэрэг-2017” яруу найргийн наадам зэрэг олон арга хэмжээ болох юм. Эдгээр үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын түүх, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, ахмад үеийнхний дурсгалыг хүндэтгэх, залуу үеэ ахмад үеийн баатарлаг уламжлалаар хүмүүжүүлэх, эх оронч үзэл хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үзсэн: 2488

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна