Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол Туркийн соёлын харилцаа”


Densmaa 2017-03-14 04:03

Манай тооллын өмнөх III зуунд байгуулагдан хүчирхэгжсэн Хүннү гүрний бүрэлдэхүүнд монгол, түрэг аймгууд багтаж байжээ.

     Монгол улс, БНТурк улстай 1969 оны зургаадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоожээ. Улмаар Турк улс 1996 онд Улаанбаатар хотноо, Монгол Улс 1997 онд Анкара хотноо Элчин сайдын яамаа тус тус нээсэн байна.

Гэхдээ “Монгол-Турк хоёр орны харилцаа зөвхөн дипломат харилцаа тогтоосон 46 жилээр хязгаарлагдахгүй юм. Манай тооллын өмнөх III зуунд байгуулагдан хүчирхэгжсэн Хүннү гүрний бүрэлдэхүүнд монгол, түрэг аймгууд багтаж байжээ. Манай тооллын 48 онд Хүннү гүрэн өмнөд, умард болон хуваагдаж, 93 онд мөхсөн байна. Умард Хүннүгийн удирдагч Жижиг шаньюй баруун зүг нүүдэллэсэн нь түрэг аймгууд байжээ. Тэд 445 онд Дунай мөрний хөвөөнд Атилла тэргүүтэй Хүннү нарын хүчирхэг улс байгуулсан юм. Монгол нутагт үлдсэн түрэг аймгууд  ч хүчирхэгжин, төр улсаа байгуулж байсан түүхтэй. Энэхүү түүхийн гэрч болсон 200 орчим түүх, соёлын олдвор, хөшөө дурсгал, хүн чулуу, бичээс болон булш Монголын тал нутагт бий. Монгол нутагт хөл тавьсан турк хүн бүр өвөг дээдсийнхээ үлдээсэн энэхүү түүх дурсгалыг биеэр үзэхийг чухалчилдаг юм.

     Монгол Турк хоёр орны эртний уламжлалт харилцааны талаар монгол судлаач Икрэм Калантай уулзаж ярилцлаа.

       Икрэм Калан: Энэхүү хоёр орны ард түмэн дэлхийн өв болон соёл иргэншилд их хувь нэмэр оруулсан нь маргаангүй юм. Өнөөдөр Турк, Монголын ард түмний харилцаа дэлхийн хаана ч давтагдашгүй бөгөөд учир нь энэ 2 ард түмэн олон мянган жилийн түүхэн харилцаатай боловч дайсагнах үе  байсан нь Азийн нутаг дэвсгэрт энх тайван тогтоход чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Монголын соёл нь Исламаас өмнөх Туркийн соёлтой ихээхэн төстэй байдаг нь мянга мянган жилийн түүхэн харилцаатай холбоотой юм. Иймд Монголд хийгдэж буй ажил нь тухайн үеийн Туркийн соёлын судалгаанд чиглүүлэгч үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой билээ. Турк хэл соёлын холбоотой гэрэлт хөшөө, баримал, хадны сүг зураг гэх мэт соёлын дурсгалууд Монголд ихээхэн байдаг нь Монгол нь Туркийн хувьд чухал байр суурь эзэлдэг. Түүнчлэн одоогийн Монголын газар нутагт амьдарч буй Турк угсаатнууд одоог хүртэл өөрсдийн уламжлалыг хадгалсаар байгаа нь судаалчдын хувьд том завшаан юм. Монголын баруун аймагт амьдардаг казакууд, мөн Баян-Өлгий, Ховд, Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд амьдардаг тувачууд, дээрээс нь одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын хойд тайгад амьдардаг цаатангууд, Увс аймгийн Тариалан суманд ихэнх нь амьдардаг хотонгууд бол турк угсаатнууд юм. Эцэст нь дүгнэн хэлэхэд олон мянган жилийн түүхэн харилцааны үр дүнд бий болсон соёлын өв нь хоёр улсын ард түмний хамтын ажиллагааны үндэс суурь, ирээдүйн чиглүүлэгч нь болж байна.     

     Хоёр улсын харилцаа Монгол Улсад ардчилсан шинэчлэлийг эхлүүлсэн 1990 оноос хойш хурдацтайгаар хөгжиж “Иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд хүрчээ. Ялангуяа боловсрол соёлын салбарын уламжлалт харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Нөгөө талаар Монгол болон Туркийн ард түмэн харилцан түүх, соёл, ёс уламжлалаа сонирхон судлах нь өргөн дэлгэр болжээ. Тиймээс Монгол, Туркийн харилцааг хамгийн ойроос мэдэрч, таних боломжийг монголчуудад олгох зорилгоор Туркийн соёлын өдрүүдийг саяхан Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Монгол дахь БНТурк улсын элчин сайдын яамнаас зохиосон тус арга хэмжээний хүрээнд Туркийн алдарт төгөлдөр хуурч Тулуйхан Угурлу тоглолтоо хийж, Монгол улсын Дуурь бүжгийн эрдмийн театрыг хоёр үдэш доргиолоо. Тулуйхан Угурлугийн хөгжмийн гоц авьяас 4 настайд нь илэрч байсан бөгөөд тэрээр гадаадын олон улс оронд 300 гаруй тоглолт хийсэн уран бүтээлч юм.

Түүнчлэн Монголын урчуудын эвлэлийн хороонд Туркийн “Эбру” зураач Айшегүл Кавас уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа. Зураач Айшегүл Кавас нь Туркийн Эржиэсийн Их сургуулийг хивс урлалын мэргэжлээр төгсчээ. Суралцаж байх хугацаандаа үндэсний урлал, тэр дундаа зураг чимэглэл болон “Эбру” урлагийг сонгон суралцсан байна. “Эбру” урлаг нь сэтгэцийн өвчтэй хүмүүсийг тайвшруулах эерэг нөлөө үзүүлдгээрээ онцлог урлаг юм. Мөн соёлын өдрийн хүрээнд Олон улсын кино наадмуудын шагналт Туркийн таван киног олны хүртээл болгожээ.

Хоёр орны соёлын салбарт хийгдэж байгаа бас нэгэн томоохон ажил нь хоёр орны эрдэмтдийн багийн түүх, соёлтой холбоотой өв дурсгалыг тодруулах судалгаа юм. Одоогоор эрдэмтэд Рашид-ад-Диний “Судрын чуулган”, монголчуудын ургийн бичиг болон 13-14-р зууны үеийн Монголын түүх, ялангуяа Илхаант улсын үеийн түүх, соёлтой холбогдолтой эд зүйлс, зураг, ном зохиол Истанбул дахь Түрэг исламын үнэт зүйлсийн музей болон Топкапи ордон музейд хадгалагдаж байгааг судлаж байна. Түүнчлэн Амасья хотын музейд Хүлэгү хааны ач, Анатолиагийн захирагч байгаад 1297 онд нас барсан Жумудар, мөн Анатолиаг 20 жилийн турш захираад 1320 онд нас барсан монгол ноён Ишбуга нарын занданшуулсан шарил, Истанбул хотод Абага хааны хатан, Византийн гүнж Мариагийн “Монгол хатны сүм”, Анталья хотод монголчуудын нөлөөтэй гэгддэг Ала-аддин сүм, Эрзүрүм хотод Монголын Илхаант улсын үеийн зарим булш байгааг тодруулаад байна.

Харин Монголын түүх, угсаатны зүй, соёл урлаг, утга зохиол, хэл шинжлэлийн судалгаанд Түрэгийн үеийн түүх нэлээд судлагдсан байдаг.

Үзсэн: 3253

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна