УИХ-ын гишүүд БНПУ-д айлчиллаа
Айлчлалын хүрээнд Монгол-Польшийн парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцжээ.
Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид өнгөрөгч долоо хоногт Бүгд Найрамдах Польш Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Монголын төлөөлөгчид Сеймийн дэд маршал Рышард Терлецки, Сенатын дэд маршал Мария Коц нарт бараалхаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир хоёр орны харилцаанд парламент хоорондын харилцаа онцгой байр эзэлдэг бөгөөд парламентын Тамгын газар хоорондын уламжлалт харилцаа чухал ач холбогдолтой байсаар байгааг уулзалтын үеэр цохон тэмдэглэжээ. Мөн парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд парламент дахь бүлгүүдийн хамтын ажиллагааг дэмжих нь чухал болохыг онцлоод парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд харилцан айлчлал, уулзалт зохион байгуулах, Тамгын газруудын шугамаар ажилтнууд солилцох, сургах, дадлагажуулах чиглэлээр мөн хамтран ажиллах саналтай байгааг илэрхийлсэн байна. Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас нөхцөлт тусламжийн зээл авах хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын 50 сая еврогийн экспортын зээлийн хэлэлцээр, Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг энэ 3 дугаар сардаа багтаан эцэслэн шийдвэрлэх асуудлаар талууд санал солилцсон байна.
Үзсэн: 1548
Tweet