Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж ажилласан 26 жилийн ой тохиож байна


Zambaga 2016-09-12 09:09

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж ажилласан 26 жилийн ой тохиож байна

 Одоогоос 26 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажин эргэлт буцалтгүй төлөвшин хөгжиж байна.

Шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойших өнгөрсөн 24 жилийн хугацаанд 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 онд нийт 7 удаа парламентын сонгууль болж төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлыг байгуулаад байна. Монгол Улсын хувьд 1990-1992 онд байгуулагдаж ажилласан анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурал нь уламжлалт тогтолцоог халж парламентат ёсыг жинхэнэ утгаар нь шилжих замыг туулсан бол 1992 онд байгуулагдсан Улсын Их Хурал нь хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан, нийт ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллага болсноор Монгол Улс дахь парламентат ёсны хөгжлийн төлөвшил дараагийн шатандаа орсон түүхтэй билээ.
Парламентын гадаад харилцаа ч жил ирэх тусам өргөжиж, өнгөрсөн хугацаанд 40 гаруй улсын парламенттай хамтран ажиллаж буйн зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид давхардсан тоогоор 69 улсад айлчилсан бол 78 улсын парламентын тэргүүнүүд Монгол Улсад айлчилжээ. Мөн дэлхийн олон орны парламентын төлөөлөгчдийн өргөн бүрэлдэхүүн оролцсон олон улсын томоохон чуулга, уулзалт, хуралдааныг эх орондоо удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн байна. Ийнхүү Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж ажилласан 26 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурал нь ардчилсан сонгуулийн үндсэн дээр бүрдэж, байнгын ажиллагаатай, үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй явагддаг төрийн бодлогын үндсийг тодорхойлогч засаглалын гол институци болж бүрэлдэн төлөвшиж байна.

Үзсэн: 1389

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна