Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг танилцууллаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг танилцууллаа
УИХ-ын ээлжит бус чуулган дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар танилцууллаа. Тэрбээр,”Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг Монгол Ардын Намын УИХ-ын сонгуульд баримтлан орж, ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон УИХ-аас батлан гаргасан хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдэд тулгуурласан болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 заалтаас бүрдэж байна”гэлээ.
Ерөнхий сайд,”Хөтөлбөрийн эдийн засгийн бодлогын бүлэг нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 1 дүгээр үе шатны зорилтууд, Эдийн засгийг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 2 дугаар үе шатны зорилтоос бүрдсэн. Эхний үе шатанд эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хамааралт байдлыг аажмаар бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зохистой арга хэлбэрээр зөөлрүүлж, эдийн засгийн дархлааг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хоёрдугаар үе шатанд тогтворжиж байгаа макро эдийн засгийн орчныг улам бэхжүүлэх, цаашдын тогтвортой өсөлтийн суурийг хангаж, эдийн засгийн эрчимжүүлэх, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хувийн хэвшлээ дэмжин, эдийн засгаа тэтгэх явдал манай Засгийн газрын гол зорилтын нэг байх болно.Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн бүхий л зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд урьдчилсан тойм тооцоогоор 26,9 их наяд төгрөгийн хөрөнгө санхүүгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцоололыг Сангийн яам, ажлын хэсгээс тооцон гаргаад байна. Засгийн газар, Монголбанктай хамтран Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд уг төлөвлөгөөг УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.Иргэдээ ядуурлаас аварч, эх орноо өрийн дарамтаас салгаж, эдийн засгаа хямралаас гаргаж, төрийн дампуурлыг засахын тулд хамтын эв хүчээр хамтдаа нэгдэн зүтгэхийг та бүхэндээ уриалж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталж өгөхийг хүсье”гэлээ.
Үзсэн: 1272
Tweet