Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монголын уран нугаралт-Геннист”


Zambaga 2016-08-14 04:08

“Монголын уран нугаралт-Геннист”

Монголын брэнд болсон гайхамшигтай нэгэн өв соёлоо алдаршуулж, бахархуулах “Уул усны домог” уран нугараачдын тоглолт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Төв талбайд боллоо. Тодруулбал Дэлхийд анх удаа 427 нугараач нэгэн дор уран нугарч, Геннисийн номонд "Хамгийн олон нугараач зэрэг уран нугарсан" хэмээн тодоор бичигдэх үйл явдлын гэрч нь Монгол Улсын иргэд болсон юм.

 

  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран зохион байгуулсан энэхүү тоглолтын эхэнд 21 нугараач 21 Дарь эхийн дүрийг бүтээн гайхалтай үзүүлбэрээ толилуулсан бол 48 нугараач охин усны мандал, хун шувууг тайзнаа дүрслэн харуулсан. Түүнчлэн 70 гаруй нугараач могойн чуулганыг үүсгэн, 120 нугараач цэцэгт талыг Чингисийн талбайд авчран өнгө алаглуулан уран гоолиг бие, уян зөөлөн хөдөлгөөнөө гайхууллаа.

 

Мөн дэлхийд монголын уран нугаралтын гайхамшгийг дэлгэн сурталчилж байгаа цорын ганц эрэгтэй нугараач О.Лхагва-Очир энэ л тайзнаас  уран нугаралтыг гайхамшгийг эр хүн хэрхэн харуулж болдгийг мэдрүүлсэн юм. Ийнхүү тайзнаа гарах уран нугараачдын тоо үе шаттайгаар нэмэгдэж төгсгөлд нь 427 уран нугараач нэгэн зэрэг нугарахад үзэгч олны уухайлах дуу хүч түрж байлаа.

Уран нугаралтын үзүүлбэрийн дундуур нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулсан нь энэхүү тоглолтыг улам чимсэн юм. Нэг цаг 30 минут үргэлжилсэн тус тоглолтод Үндэсний циркийн дэргэдэх Уран нугаралтын дугуйлан, Циркийн хөгжил төв, Улаанбаатар чуулга, “Шонхоодой” цирк, Дундговь аймгаас “Сондор”, Дорноговь аймгаас “Дорнын уянга” клуб зэрэг нийт уран нугаралтын 20 гаруй байгууллагын нугараачид оролцжээ. Наадмын үеэр бид зарим уран нугараачдын сэтгэгдлийг сонссон юм.  

       Намайг Эрдэнэпүрэвийн Нарангарав гэдэг. Ер нь нугаралт гэхээр хүмүүс нугараад, давхар давхар трюк хийгээд тиймэрхүү үзүүлбэр дийлэнх нь байдаг. Би нугаралтыг тэнцвэртэй хослуулж, духан дээрээ баланс тогтоож нугарч байгаагаараа илүү онцлогтой.

       Намайг Уранбилэг гэдэг. Улаанбаатар хотоос оролцож байгаа. Бага байхдаа өвөө эмээтэйгээ явж, цирк үзээд тэрнээс хойш нугараач болно гэж шийдээд нугарч эхэлсэн. Одоо нийт 15 жил нугарч байна. Миний аав, ээж миний гэр бүлийнхэн бүгд намайг маш их дэмждэг. Миний хийе гэсэн, зүтгэж байгаа зүйлийг маань үргэлж дэмжиж, миний ард бат зогсож байдаг. Тайзан дээр гараад нугарах мөчид хүмүүсийн алга ташилтыг сонсоод, мэдээж хэрэг миний хайртай урлаг болохоор би яг торноос гараад нисэж байгаа шувуу шиг мэдрэмж төрдөг. 

 

     “Уул усны домог” тоглолтод МУ-ын Гавьяат жүжигчин Л.Энхцэцэг, АНУ-ын Лас Вегаст тоглогдож байгаа “О” шоуны дасгалжуулагч багш Монголын анхны хос нугараачдын нэг, "Монте Карло"-оос  хамгийн анхны шагналыг эх орондоо авчирсан Ж.Эрдэнэчимэг, 1990 онд Парис хотоос Тагтаатай нугаралтаар мөнгөн медаль авчирч байсан Ундармаа, одоо АНУ-д ажиллаж амьдарч байгаа нугараач Н.Тунгалаг нар ирж оролцжээ. Тэд бага наснаасаа өдий хүртэл уран нугарч, авьяас чадвараа шавь нартаа өвлүүлэхийн зэрэгцээ өөрсдөө ч нугарсаар байгаагаа энэ тоглолтоор харуулсан юм.

427 уран бүтээлчийн хамгийн ахмад нь 59 настай байсан бол отгон нь дөрвөн настай А.Эрхсувд охин байсан юм. Тэрбээр Соёлын тэргүүний ажилтан Т.Будын "X roses" студид 2015 оноос эхлэн хичээллэж байгаа бөгөөд уян хатан байдал, биеэ дайчлах чадвараараа үе тэнгийнхнээсээ ялгарч, Гиннесийн амжилтад бүртгүүлэх түүхэн үйл явдалд оролцсон юм.

Тоглолтод  оролцсон 400 гаруй нугараач, 24 багшийн хамт уран нугаралтын мастер, Төрийн соёрхолт Ардын жүжигчин, зууны манлай уран нугараач Г.Норовсамбуугийн удирдлаган дор 2 сарын турш бэлтгэл хийсэн байна.

 

Энэхүү үйл ажиллагааг "Шинэ цирк" төвийн захирал Д.Зоригт зохион байгуулсан бол найруулгыг "Х roses" уран нугаралтын студи хийжээ. Түүнчлэн гадаад, дотоодын үзэгчдэд бахархалт өв соёлоо гайхуулах санаачилга гаргаж, Геннисийн амжилтад бүртгүүлэх ажлыг "Улаанбаатар" чуулгын захирал Р.Мөнхсайхан, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар хариуцан ажиллажээ.

 

  Монголын уран нугаралт нь биеийнхээ уян хатан байдлыг удирдаж холбогдож сурснаар гэгээрэлд хүрнэ гэж итгэсэн буддын шашны хуврагуудын бэлтгэл бөгөөд Буддын шашны цам бүжгээс үүсэлтэй гэж үздэг. Бэлтгэл нь мөн өвдөглөж суугаад арагш гэдийж ар нуруугаа газарт хүргэж байгаагаараа эртний үндэсний бүжиг болох Биелгээтэй ижил шинж чанарыг агуулна.

 

  Монголын уран нугаралтын үүсэл хөгжлийг гурван үед хуваан авч үздэг.

 

  Эхний үе нь 1921 оноос өмнөх үеийн уран нугаралтууд ордог. Тэр үеийн нугаралтууд нь хөдөлгөөний элементүүдээс бүрдэж байсан бөгөөд үүнд бурхдын намба төрх, ан амьтдын үйл хөдлөл, хээ угалз, ардын бүжгийн элементүүд багтдаг байжээ.

 

  Хоёрдугаарт, 1921-1940 оны хоорондох үеийг хамаарна. 1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа биеийн тамирын хөдөлгөөнт гимнастикийн төрлүүд нэвтэрч эхэлжээ. Үүний улмаас уран нугаралт нь биеийн тамирын хөдөлгөөнтэй хамтран хөгжиж, бүх нийтийн дасгал сургуулилт болсон байна. Уран нугаралт анхнаасаа ардын урлаг болтлоо хөгжиж байсан учир Монголын ард түмэнд сайнаар нөлөөлж, охид болгон уран нугарагч болохыг хүсэж тэмүүлдэг байжээ.

 

  Гуравдугаарт, 1940-1960 онд нэг номерын хэмжээнд хийгдэж байсан бол үүнээс   хойш циркийн нэг төрөл  болж хөгжсөн юм. Уран нугаралт бол циркийн хүнд төрөлд тооцогддог. Хэдийгээр Монголын цирк дэлхийн циркийн хөгжлөөс нилээд  хойно 1940 онд үүссэн боловч анх байгуулагдахдаа бүрэн хэмжээний сонгодог хэлбэрээр үүссэн гэж судлаачид үздэг. Үүний адилаар уран нугаралт нь сонгодог урлагийн төрөл болж хөгжжээ. Монголын уран нугараачдын онцлог зүйлс гэвэл насны хувьд олон жил тодруулбал 40 нас хүртлээ нугарч чаддаг байна.

 

  Өнөөдөр, Монголын уран нугараачид олон улсын циркүүдэд гэрээгээр ажиллаж, энэхүү урлагаа дэлхий дахинд сурталчилж байна. Тухайлбал, дэлхийн хамгийн том цирк болох канадын “Нарны цирк”-ийн "О" шоунд дөрвөн Монгол охин үзүүлбэр үзүүлж, ур чадвараараа үзэгчдийг бишрүүлж явна. "О" шоу нь усан дээрх хамгийн анхны шоу бөгөөд дэлхийн 20 гаруй орны жүжигчид, тамирчид оролцдог. Тус шоунд оролцогчдын 70-80 хувь нь олимпийн аваргууд, усанд шумбагчид гэх мэт тамирчид байдаг бол 20-30 хувийг нь мэргэжлийн циркчид эзэлдэг онцлогтой.

 

Мөн АНУ-ын дэлхийд эрэмбэ чансаагаар хоёрт ордог циркт Монголын “The Bandebles” хамтлагийн нуран нугараач 3 охин ажиллаж байна. Тэд 2006 онд хамтлагаараа Монте Карлод зохиогдсон “Өсвөрийн циркчдийн тэмцээн”-ий “Алтан цом”-ын эзэн,  2008 онд Францын Домонт хотод, 2009 онд БНХАУ-ын Үхань хотод зохиогдсон “Олон улсын насанд хүрэгчдийн циркчдийн тэмцээн”-ээс мөнгө, хүрэл цомыг тус тус хүртэж байсан авьяастнууд юм.

  Ийнхүү Монголын уран нугаралтын гайхамшиг галын дөл мэт бадран, тооноор гарч дэлхийд түгэн, Дэлхийн дээд амжилтуудыг тэмдэглэн мөнхөлдөг Гениисийн номын хуудсыг нэгээр нэмлээ.

 

 

 

 

Үзсэн: 3011

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна