БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцианы айлчлалаар хамтын ажиллагааны 15 баримт бичигт гарын үсэг зурлаа.
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцианы айлчлалаар хамтын ажиллагааны 15 баримт бичигт гарын үсэг зурлаа.
ASEM-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзан, хэлэлцээ хийж, талууд нийт 15 баримт бичигт гарын үсэг зуран баталгаажууллаа. Хоёр улсын хоорондын баримт бичгүүд нь эдийн засгийн ач холбогдолтой гэрээ хэлэлцээрээс бүрдэж байгаа юм. Нийт 12 баримт бичигт хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Үүний ихэнх нь дэд бүтцийн төслүүдийн баримт бичиг байлаа. Тухайлбал эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ, БНХАУ-ын Засгийн газраас 2014 онд олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд гурван сургуулийн төслийг эхлүүлэх тухай солилцох захидал, "БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газар" хоорондын стратеги, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын экспортын зээлийн даатгалын компани хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Монгол Улсын Худалдаа Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ болон БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх зарим төслийн асуудлыг шийджээ. Түүнчлэн Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн барилгын ажлын гэрээг ёсчлох тухай баримт бичгийг байгуулсан байна. Талууд БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулсан бөгөөд үүнд Баянхонгор аймгаас “Байдраг”-ийн гүүрний 129 км автозам, Тосонцэнгэл-Улиастай хүрэх 114 км автозам, “Улаанбаатар хотоос “Хөшигийн хөндий”-ийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих” төслийн хяналт, зөвлөх үйлчилгээний гэрээ багтжээ. Харин энэхүү зээлийн хүрээнд хэрэгжихээр яригдаж байсан хамгийн том төсөл болох "Эгийн гол"-ын УЦС-ын асуудал хөндөгдөөгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр ОХУ-ын хүсэлтийн дагуу БНХАУ хөрөнгө оруулалтаа царцаасан гэж мэдээлсэн юм. Мөн үүнээс гадна хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын 2017-2018 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө болон МҮОНРТ, БНХАУ-ын Олон улсын радио болон тус улсын Төв телевиз хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.
Үзсэн: 1381
Tweet