Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

2016 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг зарлалаа


Zambaga 2016-06-29 07:06

2016 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг зарлалаа

   Өчигдөр буюу 6-р сарын 29-нд манай улсад УИХ болон аймаг нийслэлийн сонгуулийн санал хураалт боллоо.Энэ удаагийн сонгуульд 13 нам,3 эвсэл,нийт 497 нэр дэвшигч УИХ-д өрсөлдөж байгаа бөгөөд үүнээс 76 нь УИХ гишүүнээр сонгогдох болно. Энэ удаагийн сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 72,1 хувь нь саналаа өгсөн тул Хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсныг СЕХ мэдээллээ. Өмнөх буюу 2012 оны сонгуулийн ирц 65,2 хувьтай байжээ. Нийт аймгуудыг хамарсан сонгогчдын ирц 75,5 хувь байсан бол нийслэлд 68 хувь байв. Сонгуулийн ерөнхий хорооноос өгч буй урьдчилсан мэдээгээр УИХ-ын 76 суудлын 65-ыг Монгол ардын нам, Ардчилсан нам есөн суудлыг, МАХН нэг суудал, бие дааж өрсөлдсөн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан нэг суудал авчээ. Санал хураалт дуусгавар болсны дараа Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд “Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж байна. Сонгуульд ялсан өрсөлдөгчиддөө баяр хүргэе, УИХ-ын сонгуульд ялсан намынхаа 10-аад гишүүддээ баяр хүргэе. Санал хураалт бол төр засагтаа тавьж байгаа үнэлгээ юм. Ардчилсан нам бүтээн байгуулалтын ажлаа дараа, дараагийн сонгуулиар үргэлжлүүлэн хийнэ. Өнгөрсөн дөрвөн жил амаргүй он жилүүд байсан бол ирэх дөрвөн жил ч мөн үүнээс амаргүй жилүүд хүлээж байгаа. Бид хариуцлагаа хүлээнэ” гэсэн юм.

           Харин ялалт байгуулсан МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Бид үнэмлэхүй ялалт байгууллаа. Завхан аймгаас бусад 20 аймагт нийслэл хотод МАН-ын нэр дэвшигчид олонхи болжээ. Энэ сонгууль ирц өндөртэй ирж оролцсон нийт ард түмэндээ МАН-ын нэр дэвшигчдийг дэмжсэн бидний намын гишүүд, идэвхитэн сонгуультангууд мөрийн хөтөлбөр, манай нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн нийт ард түмэндээ МАН чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Монголын ард түмэн МАН-д их найдвар хүлээлгэлээ. Энэ их итгэл найдварын ард асар их хариуцлага байгаа гэдгийг ойлгож байна. Хариуцлагыг дааж, итгэлийг бүрэн дүүрэн хариулж чадна гэдгээ онцолмоор байна. Бид улс орныхоо эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол Улсын нэр хүнд уруудан доройтож байгааг засаж залруулахын төлөө бүх хүч чадлаа дайчилж ажиллана гэдгээ ч мөн хэлье. Улаанбаатар хотод болон аймаг орон нутагт манай намын штаб, нэр дэвшигчдийн багт ажилласан намын гишүүд, ухуулга сурталчилгааны ажилтнуудад талархал илэрхийлж байна” гэж мэдэгдсэн юм.

           Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг. Өнөөдөр СЕХ урьдчилсан дүнг хэлэлцэх бөгөөд сонгогдсон гишүүдийг танилцуулах, сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх олгох асуудлыг хуралдаж, шийднэ. 


 

Үзсэн: 1527

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна