Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт Төрийн ордонд болж байна


Zambaga 2016-06-09 08:06

АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт Төрийн ордонд болж байна

            АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт өчигдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ.

Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжлэх уг уулзалт нь “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн дор өрнөж байгаа. Уулзалтад 40 гаруй орны төлөөлөл тодруулбал Сангийн сайд болон дэд сайд нарын 20 хүн хүрэлцэн ирсэн байна.

Мөн Олон улсын хөгжлийн агентлаг, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк зэрэг 13 олон улсын байгууллагын төлөөлөл багтсан 200 гаруй төлөөлөгч иржээ.

Хүндтэй зочдын тоонд Олон улсын валютын сангийн удирдах захирлын орлогч Мицүхиро Фүрусава, Япон улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Таро Асо, Бүгд Найрамдах Мальт улсын Сангийн сайд Эдуард Сицлуна, Бүгд Найрамдах Солонгос улсын Стратеги, сангийн дэд сайд Санг Мок Чой, Европын хөрөнгө оруулалтын банкны суурин төлөөлөгч Миколаж Довгелевич зэрэг зочид ирсэн байлаа.

Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалтаар АСЕМ-ын гишүүн орнууд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлэх төсөл, мөнгөний бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлогуудын талаар санал солилцож, хамтарсан тунхаглал батлах, хоёр талын уулзалтуудыг хийхээр төлөвлөжээ.

Уулзалтын үеэр “Ази болон Европ тивийн макро эдийн засгийн хөгжил, боломж”, “Дэлхийн нийтийн болон бүс нутгийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь”, “Ази болон Европын таатай харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд яриа, гишүүн орнуудын Сангийн сайд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тэргүүнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийгдэнэ.

Ази, Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтыг нээж өчигдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт үг хэлсэн юм.

Х.Ганцогт: Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалтад оролцож байгаа сайд нар хоорондоо нээлттэй, үр өгөөжтэй ярилцаж, хамтдаа нэгдсэн дүгнэлтэд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.

Ингэснээр санхүүгийн болон эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулж, Ази, Европын уялдаа холбоог сайжруулж чадна. Энэхүү хурлын сэдэв нь Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл гэсэн нэртэй зохион байгуулагдаж байгаа. Тиймээс та бүхнийг идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй хуваалцана уу гэж урьж байна.

Мөн үндсэн баримт бичиг болох тунхаглалын баримтад өөрсдийн санал, бодлоо хуваалцаж, ярилцана гэж найдаж байна.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтын  мэндчилгээний дараа Ази, Европын орнуудын дэд дарга нар болон Сангийн яамны төлөөлөгчид хаалттай хуралдав.

Тэд Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын хөтөлбөрийн тухай хэлэлцүүлэг болон тунхаглалын төслийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн чуулганд 10-нд  МУ-ын ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож үг хэллээ.

 Ч. Сайханбилэг: ... Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Асем нь ач холбогдол болон уян хатан мөн чанараа батлан харуулсан юм. Асем-ын яриа хэлэлцээ нь 20 гаруй түншээс өдгөө 53-лаа болтлоо өргөжин тэлсэн бөгөөд цаашид элсэх хүсэлтэй байгаа орнууд бий. Энэ нь Асем-ын ач холбогдлын томоохон гэрч гэж үзэж байна. Асем-ын хүчин чармайлтын үр дүнд Ази-Европын хамтын ажиллагаа, уялдаа холбоо нь 20 жилийн өмнөхөөсөө хавьгүй өндөр түвшинд хүрсэн билээ. Өнөөдөр дэлхий нийт Олон улсын тогтворгүй байдал, үүнээс үүдэлтэй аюул, өсөлтийн удаашрал, капиталын өндөр зардал, санхүүгийн болон түүхий эдийн зах зээл үнийн савлагаа гэх мэт эдийн засгийн болон санхүүгийн хэд хэдэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Санхүүгийн тодорхойгүй байдал нь эдийн засгийн өсөлт болон тогтвортой хөгжилд саад учруулж байна. газар авч буй ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал, хөгжлийн ялгаа зэрэг нь хоёр тивийн эдийн засгийн хамтын ажиллагаа ба түншлэлд чөдөр тушаа болоод байна. иймд үндэсний үр дүнтэй бодлого, тэр дундаа санхүүгийн бодлогуудыг боловсруулж тэдгээрийн бүс нутгийн ба олон улсын түвшинд бүрэн хэрэгжүүлэх нь хэзээ хэзээнээс хэрэгтэй байна. Энэхүү уулзалт нь “Ази, Европ тивийн хөгжилд хөтлөх уялдаа холбооны төлөөх түншлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн болон санхүүгийн орчинд одоогийн нөхцөл байдал нь  Ази, Европт ямар нөлөө үзүүлж байгаа болон олон улс, бүс нутаг санхүүгийн байгууллагуудын үүрэг оролцоог дүгнэн хэлэлцэнэ. Шинээр байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон бусад олон талт хөгжлийн банкнуудын дэмжлэгтэйгээр Асем-ын зорилтуудыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна. Асем-ын түншүүд макро эдийн засгийн хүндрэлүүдийг шийдвэрлэж, ирээдүйд гарч болзошгүй хямралуудын төлөвийг бууруулахад илүү санаачлагатай үүрэг гүйцэтгэхийн тулд санхүүгийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо, бүс нутгийн интеграцыг илүү бэхжүүлэх хэрэгтэй байна. Монгол улс биет болон биет бус уялдаа холбоог дэмждэг. Биет уялдаа холбооны тал дээр зөв санхүүгийн бодлогоос үүдэн гарах бүс нутгийн ашиг орлогыг нэмэгдүүлэх хурдны зам, өндөр хүчдэлийн шугамууд, байгалийн хий болон газрын тосны хоолой бүхий дэд бүтцийн зангилаа төв байгуулах боломжийг олгох юм. Монгол улс Ази, Европын уялдаа холбоог сайжруулах чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулах хүчин чармайлт гаргасаар ирсэн. Асем нь улс төр, эдийн засаг, нийгэм соёлын үндсэн гурван тулгуур дээр суурилсан албан бус яриа хэлэлцээний тавцан чигээр үлдэх нь зүйтэй гэж Монгол улс үзэж байна. Тиймээс бид Асем-ын эдийн засгийн тулгуурыг эрчимжүүлэх, тухайлбал, Асем-ын Сангийн сайд нарын уулзалтыг дахин зохион байгуулдаг ажлыг дэмжиж байна. Худалдаа , хөрөнгө оруулалт санхүү нь Ази, Европын уялдаа холбооны салшгүй хэсэг байх ёстой. Залуучуудад зориулан илүү олон ажлын байр бий болгох, ажил эрхлэлтийг дэмжих, хоёр бүс нутгийн худалдаа хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх боломжийг эрж хайх зэрэг ажлууд нь Асем-ын эдийн засгийн ажлуудын тэргүүлэх зэрэг байх ёстой гэлээ

Уулзалтын үеэр Сангийн сайд Б.Болор “Монгол Улсад төсвийн бодлогын шинэчлэл хийх шаардлагатай гэж олон жил ярьж байгаа. Энэ талаар АСЕМ-ын түнш орнуудтай санал бодлоо солилцож байна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд дан ганц Монгол Улс гэлтгүй өнөөдөр уулзсан улс орнууд ч төсвийн бодлогыг зайлшгүй шинэчлэх нь зөв гэдэгтэй санал нэгдсэн.

Үүнийг эдийн засгийн үндэслэлтэйгээр хэрхэн явуулах талаар томоохон хэлэлцүүлэг хийж, тунхаглал гаргана.

Дэлхий дахинд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед Монгол Улс 43 орны төлөөлөгч, олон улсын 13 санхүүгийн байгууллагатай хоёр талын уулзалт хийж, зөвшилцөнө гэдэг том боломж, давуу тал гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.


 

Үзсэн: 1662

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна