Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Жин Личунийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Жин Личунийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ази, Европын Сангийн сайд нарын уулзалтад оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч, ноён Жин Личунийг хүлээн авч уулзан Монгол Улс тус банктай хамтран ажиллах боломжуудыг хөндөн ярилцлаа. Энэ оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны анхны үүсгэн байгуулагчдын нэгний хувьд Монгол Улс төлөвлөж буй дэд бүтцийн тодорхой төслүүдээ тус банкнаас санхүүжүүлэх боломжийг эрэлхийлж байгааг Ерөнхий сайд дурдаад зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр нэгэнт баригдсан автозамуудад дахин санхүүжилт хийх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төсөл, ОХУ-БНХАУ-ыг Монголын нутгаар дамжуулан холбох төмөр замын төслүүдэд Монголын тал санхүүжилт хүсэж байгааг уламжиллаа. Ноён Жин Личун Ерөнхий сайдын санал болгосон төслүүдийн талаарх нарийвчилсан мэдээллүүдийг манай талаас хүсч, цаашид хоёр талын шинжээчид, мэргэжилтнүүдийн түвшинд судалгаа хийж, тодорхой ямар төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах чиглэлээ тогтъё гэлээ. Монголын мэргэжилтнүүд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд ажиллах боломжийг Ерөнхий сайд сонирхоход үнэхээр чадварлаг, өндөр мэргэжлийн хүмүүст тийм боломж нээлттэй гэж ноён Жин Личун хариулав. 100 тэрбум ам.долларын дүрмийн сантай байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк эдийн засгийн үр ашигтай төсөлд их хэмжээний зээл олгох боломжтой ба ингэхдээ дэд бүтцийн томоохон төслүүдийг олон улсын банк, санхүүгийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх бодлого баримталдаг байна.
Үзсэн: 931
Tweet