Монгол Ираны харилцаа гүнзгийрнэ
Монгол Ираны харилцаа гүнзгийрнэ
Долоо хоног бүрийн Мягмар гаригт Гадаад хэргийн яамнаа болдог “Мэдээллийн цаг”-ийн үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Өнгөрсөн өдрүүдэд Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Ибрахим Рахимдур манай улсад айлчилсан талаар мэдээллээ. Иран улс нь түүх соёлын хувьд Монголтой холбоотой. Жишээ нь, Ил хаадын үе гэх мэт бидэнтэй холбоотой түүх Ираны архив, номын сангуудад байдаг. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн арванхоёрдугаар Иран улсад ажлын айлчлал хийсэн. Одоогоос гурван жилийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч Иран улсад айлчилсан тэр цагаас хойш манай талаас Шинжлэх ухааны академийн оролцоотойгоор Ираны их сургуулиуд болон архивт байгаа Монголын түүхтэй холбоотой түүхэн баримт бичгүүдийг хамтран судалж эхлээд байгаа юм. Цаашдаа өөрсдийн түүхээ авч үлдэх, хойч үедээ өвлүүлэхийн тулд Ирантай ойр харилцаатай байх болно” гэдгийг сайд Л.Пүрэвсүрэн онцоллоо. Түүнчлэн Л.Пүрэвсүрэн сайд Ираны талаас Монголоос хонины мах, тариа зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн бүтээгдэхүүн авах саналтай байгааг дурдсан бөгөөд хоёр орны гадаад хэргийн яамд энэхүү асуудлыг судалж байгаа юм байна гэлээ. Дашрамд дурдахад хоёр улсын судалж буй Монголын түүхийн холбогдолтой баримт бичгийн дээжээр Үндэсний түүхийн музейд үзэсгэлэн нээгээд байгаа юм.
Үзсэн: 1036
Tweet