Хар хорум хотын “Цогт их асар” сүмийн туурин дээр ил музей байгууллаа
Хар хорум хотын “Цогт их асар” сүмийн туурин дээр ил музей байгууллаа
1229 онд Өгөдэй Их Монгол Улсын хоёрдогч хаан болсноор өртөө улаа, соёл урлаг, хот сууриныг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлж хөхөгчин хонин жилийн хавар Хар хорум хотыг зарлигаар байгуулж “Түмэн амгалант ордыг цогцлоов” хэмээн “Юань улсын судар” мөн “Болор эрхи” зэрэг эртний түүхийн бичигт үгүүлсэн байна.
13-дугаар зууны үед Монгол орноор хөндлөн гулд аялж явсан Плано Карпини, Вилъям Рубрук нарын зэрэг аялагч жуулчны тэмдэглэлд “алсаас гялалзан харагдах ногоолин паалантай, луу ороосон 64 баганатай,уран сайхан баримал, үнэт хаш чулуун баримал мөн алт мөнгөн эд хогшилтой,хаад хатны өндөр сэнтийтэй энэхүү ордны дотор болон сүүдэрт нь даруй таван зуун хүмүүн элбэг багтах “Түмэн амгалан” хэмээх ордон байна” гэж тодорхой бичсэн байдаг ажээ.
“Түмэн амгалант” орд нь Өгэдэй хаанаас нааш найман зууны турш Гүег, Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх мөн Өлзийт, Хайсан, Аюурбарвад, Шадбал, Есөнтөмөр, Төвтөмөр, Тогоонтөмөр түүний хүү Аюуширидара буюу Билэгт хаадын үеийг дамжин сүндэрлэж байхдаа хэдэнтээ нэрээ сольсон байдаг.
Анх Чингис хаан Орхон голын үзэсгэлэнт хөндийг 1220 онд “Өвөг дээдсийн их голомт” хэмээн зарлигдаж “Их агуурт” хэмээх орд өргөөгөө бариулсан нь монгол нутагт байсан дөрвөн их ордын нэг нь билээ.
Өгөдэй хаан 1235 онд албан ёсоор Их Монгол улсын нийслэл болгож “Түмэн амгалан ордон” бариулсан нь жуулчин аялагч хүмүүний тэмдэглэлд тод үлджээ
Мөнх хаан 1251 онд монголын их хаан болгонгуут Хар хорум хотын төв асар ордыг гантиг чулуу, ногоон, улаан шар паалантай хавтангаар бүтээх зэргээр дахин засварлаж “Их Зохиронгуй асар” хэмээн нэр цол олгосон байна.
Хубилай 1260 онд хаан болж түүний дүү Аригбөх Хар хорум хотод Их монгол улсын гал голомтыг сахиж суулаа. Хубилай хаан жил бүр давааны ар дээд нийслэл Хар хорумд үлэмж хэмжээний амуу тариа,торго бөс бараа, эд хогшил мөн хот балгад,сүмийг засварлах уран дархчуудыг илгээж байсныг нь түүхэнд тэмдэглэсэн байдаг.
1346 онд Тогоонтөмөр хааны зарлигаар дахин их засвар хийж 2-оос 3 метр өндөр олон тооны шавар болон шуумал бурхдын баримал өрж шүтээний сүм болгон өөрчилж Юань улсыг мандуулах асар буюу “Цогт их асар сүм” хэмээн нэрлэжээ.
1400 он гэхэд Монголын Их Юань гүрэн мөхсөнөөр Мин улс удаа дараалан монгол нутаг руу уулгалан дайрч эртний их хотыг түймэрдэн шатааж, эвдлэн тоносноор Хар хорум хот нь мартагдаж хоцрогдсон байна.
Гэвч даяар монголчуудын зүрх сэтгэлд хаан Чингисийн дөрвөн их хотын нэгэн Хархорум мөнхөд байсаар, түүхийн буурал туурин дээр буддын шашны бурхан номын төвийг сэргээн хөгжүүлж Эрдэнэ-зуу хэмээсэн байдаг.
Хэдийгээр түүхийн хуудаснаас арчигдан баларсан ч хэдэн зууны турш олон улс орны түүхч эрдэмтэн, судлаачдын анхааралд Хар хорум хотын “Түмэн амгалант” орд харш оршиж, түүнийг эрж хайсаар байв.
1889 онд герман оросын экспедиц Хар хорум хотыг хаана байгааг тогтоох анхны судалгаа хайгуул хийж, нэгэн эртний хотын туурь олсноор Чингис хааны их хотыг оллоо гэж зарласан байдаг.
1933 онд Унгарын хайгуулч Пукеневч Эрдэнэ-зуу хийдийн орчим 100 гаруй жижиг хэмжээний судалгаа малтлага хийж “энд маш том тахилын сүм байжээ” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
1947-49 онуудад Киселёв мөн Х.Пэрлээ, Наваан нар Эрдэнэ-зуу хийдээс хойш малтлага хийж “64 багана бүхий үлэмж хэмжээний балгасын туурь олж эртний “түмэн амгалан” ордын суурь мөн гэж үзсэн байдаг.
Монгол-Германы хамтарсан экспедиц 1999 оноос өнөөг хүртэл “Хархорум” томоохон судалгаа төслийн хүрээнд, 1235 онд сүндэрлэж байсан “Түмэн амгалан асар буюу Цогт их асрын сүм”-ийг байгуулсан тухай гэрэлт чулуун хөшөө мөн 64 тулгуур баганы суурь үлдэгдэл,томоохон бурхдын чулуун сэнтий, олон давхар шат, тун гоёмсог хийцтэй бурхан тахилын зүйлс, хөх шаазан эдлэл, төрөл бүрийн хээ чимэглэлтэй барилгын хавтан зэрэг эд зүйлсийг шинээр илрүүлж, шинжилснээр туурийг үлэмж хэмжээний том байгууламж бүхий сүм гэдгийг баталлаа.
Эрхэм сонсогч танд 64 баганат сүмийг жаахан тодруулж өгье. Хэрэв энэ сүм газраас даруй гурван метр өндөрт зориуд зассан боржин чулуун суурин дээр 15 метр өндөр 64 баганатай. Баганууд нь 16, 16-гаар дөрвөн эгнээ. Багана хоорондын зай нь таван метр, эгнээ хоорондоо мөн таван метр байна. Өөрөөр хэлбэл хаа хаашаа 100 метр тэгш дөрвөлжин хэлбэртэй. Дөрвөн талдаа уужим тавиун ес есөн давхар чулуун шаттай байжээ.
Сүмийн шал нь маш тэгш, өнгийн паалантай. Сүм дотор нь байрлаж байсан бурхадын суур нь сайтар өнгөлж тэгшлэсэн хүрэн, цагаан боржин чулуун тавцан байжээ. Газрын хөрсөнд найман зуу гаруй жил хадгалагдаж байсан энэ сүмийн зарим эд зүйлс тухайн үеийн өнгө,үзэмж чанраа бүрэн хадгалсан хэвээр байна.
Олон жилийн судалгааны ажлыг германы профессор Ханс-Георг, Эрнест Пол мөн монголын судлаач доктор У. Эрдэнэбат,Т. Батбаяр зэрэг олон судлаачдын нөр их хөдөлмөрийн үр шимээр олдсон эдгээр олдворуудыг ил хэлбэрээр дэлхийд таниулахаар музей байгуулж байна. Хамгийн гол нь судалгааны явцад олдсон бичээст гэрэлт хөшөөн дээр, “энд хот байгуулах тухай их хаадын зарлиг” байгаа нь дэлхийн хэмжээний үнэт нандин олдвор гэж тус хайгуул судалгааны эрдэм шинжилгээний ажилтан Л. Мөнхбаяр ярьсан юм.
Л.Мөнхбаяр: 1800-аад оны үеийн судалгаа бол одоогийн Эрдэнэ-зуугийн хойд талд байгаа туурь бол Хархорум хот байх магадлалтай гэдгийг анхлан нээсэн. 1933 оны Пукевечийн судалгаа мөн 1947-49 онуудад оросын шинжлэх ухааны археологич Киселёв, монголын талаас Х. Пэрлээ нар судалгаа хийсэн байдаг. Тэдний судалгаа мөн иш сурвалж , Юань улсын судар зэрэгт гардаг “Түмэн амгалант орд” энэ байх магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлсэн. Энд 64 баганат ордон байна гэсэн. 1978-84 онд Түүхийн хүрээлэн томоохон өргөн судалгаа хийсэн. Дараа нь 1994-96 оны үед ЮНЕСКО-гийн шугамаар Орхоны хөндийн Хархорин, Хар балгас зэрэг том түүхийн судалгааг Дэлхийн өвд бүртгүүлэх зарчмаар японы эрдэмтэн судлаачид нарийвчлалтай зураглал хийсэн. 1999 оноос эхлэн Монгол-Германы хамтарсан “Хархорин” төслийн экспедиц судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Тус экспедицийн үр дүн бол 1340 онд бичигдсэн нэгэн хөшөөний хагарч хэмхэрсэн хэсгийг олсон явдал юм. Хөшөө хятад, монгол бичигтэй. Энэ хөшөө хаана байж болохыг судлаад одоогийн Хархоринд байгаа мэлхий чулуун дээр байжээ гэдгийг нотолсон. Уг хөшөөн дээр юу бичвээ гэхээр “1220 он буюу Тайзу-гийн 15-дугаар онд Хархорумыг энд монгол улсын нийслэл болгохоор тогтов. Үүний дараа Өгөдэй хаан ор суув. Дараа нь Мөнх суув гэж бичсэн нь Тогоонтөмөр хааны 1346 онд холбогдож байна. Үүнд дүгнэлт гаргахад хот байгуулах зарлиг нь байна. хотын эд өлгийн зүйлс элбэг байна. Мөн тэр бичигт эхлээд орд байсан дараа нь сүм болсон тухай утгатай.Тэгэхээр 13-дугаар зууны “Юанийг мандуулах асар” энд байжээ гэдэг нь тодорхой болсон.
Эрдэмтний үгүүлж байгаа бичээст хөшөөний суурь нь өдөөгөө Өвөрхангай аймгийн Хархорин хотноо байгаа хоёр тонн жин бүхий боржин чулуун мэлхий юм. Тунчиг гоёмсог хийцтэй энэ чулуун мэлхий найман зууныг элээж, өнөөдөр дэлхийн хэмжээнд Чингис хааны дөрвөн их ордын нэг энд байсан юм гэдгийг мэдрүүлж байгаа нь гайхамшиг юмаа.
Эл чулуун мэлхийний нуруун дээр “Тайзу-гийн 15 дугаар он буюу 1220 онд Чингис хаан Хархорум хотыг байгуулах зарлиг... мөн Өгөдэй хаан ордон барьсан... Мөнх хаан 90 метр өндөр, гоёмсог Буддын сүм дуусгахад Тогоонтөмөр хааны үед засвар хийсэн...” тухай байсан нь мөнхөд гэрэлтэн мянга мянган оныг угтахнээ.
Хоёр орны эрдэмтдийн судалгаа малтлага хийж байх явцад сүмийн дөрвөн булан мөн зүүн баруун шатны дороос тус бүр вааран савтай зүйл олдсон нь Их хаадын аравнайлсан есөн эрдэнийн бэлгэдэл бүхий шүншиг байлаа.
Вааранд алт, мөнгө, сувд, оюу, номин мөн торго, бага хэмжээний мод, цай, арвай, будаа, үр жимс зэргийг нямбайлан хийсэн байжээ. Ийм нандин олдвор Монгол орны нутаг дэвсгэрээс урьд нь олдож байгаагүй.
“Цогт их асрын сүм”-ийн зэргэлдээ гудамжны зүүн талд дархны газар байсныг монгол-германы археологичид ирүүлжээ. Дархны газрын эзэн нь тун саяхан орхиод явсан мэт хээ хуартай цул алтан бугуйвч, цутгуурын халбага, сорьцын чулуун жин мөн мөнгөн устай бяцхан шилэн сав сайтар таглаастай олдсон нь Хархорум хот урлаг соёлын төв байсны нэгэн гэрч юм.
Ийнхүү Монгол-Германы хамтарсан археологичдын олон жилийн хөдөлмөр бүтээлийн үр дүнд Орхоны хөндийд буддын шашны томоохон дурсгал бүхий “Цогт их асрын сүм” хэмээх түүхийн шинэхэн музей түмэн олондоо үүдээ нээлээ.
Нүүдэлчдийн соёл иргэншил, түүх, дурсгалын өлгий болсон Орхон голын хөндий нь ЮНЕСКО-гийн соёлын үнэт өвийн хамгаалалтад бүртгэгдсэн дэлхийн данстай нутаг билээ.
Үзсэн: 3140
Tweet