Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Египетийн харилцаа


Zambaga 2016-05-17 09:05

Монгол Египетийн харилцаа

 

       Монгол Улс Арабын Бүгд Найрамдах Египет улстай 1963 оны 4 дүгээр сарын 2-нд дипломат харилцаа тогтоожээ. Улмаар 1967 онд манай улс Байнгын Элчин сайдын яамаа Каир хотноо нээсэн байна. Хоёр орны харилцаа 1990-ээд он хүртэл голчлон улс төрийн салбарт хөгжиж байсан бол 1990-ээд оноос хойш улс төрийн харилцаанаас гадна худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, боловсролын харилцаа  хөгжиж эхэлжээ.

Монгол-Египетийн хоорондын хамтын ажиллагаанд дээд өндөр хэмжээний айлчлал чухал үүрэг гүйцэтгэдэг.

1967 онд Египетийн тухайн үеийн Дэд ерөнхийлөгч бөгөөд парламентын дарга, хожим нь тус улсын Ерөнхийлөгч болсон Анвар Садат манай улсад айлчилсан нь Египетийн талаас төдийгүй Арабын орнуудаас Монголд хийсэн хамгийн анхны дээд хэмжээний айлчлал байсан юм.

Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн 1996 онд АБНЕУ-д, Египетийн Гадаад хэргийн дэд сайд А.Шалаби 2002 онд манай улсад албан ёсоор айлчилсан нь хоёр талын харилцааг шинэ шатанд гаргахад чухал алхам болжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 оны 4 дүгээр сард АБНЕУ-д албан ёсны айлчлал хийж, Египетийн Ерөнхийлөгч, Парламентын удирдлага, Ерөнхий сайд нартай уулзаж, яриа хэлэлцээ хийжээ. Энэ нь хоёр орны төрийн тэргүүнүүдийн түвшинд хэлхээ холбоо тогтоох эхлэлийг тавьж, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол, бололцоо аль аль талд байгааг нээн, харилцан ойлголцоход чухал ач холбогдолтой болсон байна. Айлчлалын үеэр Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай болон Эдийн засаг, техникийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр, Агаарын харилцааны хэлэлцээр, Соёл, шинжлэх ухаан, техникийн салбарт 2004-2006 онд хамтран ажиллах хөтөлбөр зэрэг Засгийн газар хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.

Өнгөрсөн хугацаанд хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа газар нутгийн алслагдмал байдал, тээврийн зардал зэргээс шалтгаалж төдийлөн хөгжих боломж бүрдэхгүй байна. Гэсэн хэдий ч Египетийн “Oriental Weavers” хивсний компани 2005 онд 26 тонн, 2007 онд 100 мянган тонн ноос манай улсаас импортолсон чамгүй үзүүлэлт бий.  Мөн Египетийн тал манай улсаас жоншны хүдэр, хивс, ноолууран эдлэл,  мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой бөгөөд цаашид энэ чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцаж байгаа юм.

Нөгөөтэйгүүр Египет аялал жуулчлалаараа  Ойрхи Дорноддоо дээгүүрт ордог төдийгүй Европыг жимс, хүнсний ногоогоор хангадаг хөдөө аж ахуй хөгжсөн улс орон. Манай улстай энэ талаар хамтын ажиллагааны эхлэлүүд бий. Түүнчлэн Египет улс хувцас, арьс шир, нэхмэлээрээ дэлхийд алдартай. Тиймээс эдгээр салбаруудад хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг судлаачид хэлдэг.

 Сүүлийн жилүүдэд хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, Египетийн сангийн тэтгэлгээр манай улсаас оюутнууд ХАА, цагдаа, санхүү, эдийн засаг, хил, гааль, олон улсын харилцааны чиглэлээр Египет улсад суралцсаар байна.

Египетийн сангийн сургалтад хамрагддаг гадаадын улсуудын дотор манай улс тэргүүн байрт ордгийг ГХЯ-ны Египетийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Элчин сайд ноён Самах Сотохи албан ёсоор зарласан байдаг.

Олон улсын харилцаа судлаач, профессор Д.Баярхүүтэй бид уулзалж хоёр орны хамтын ажиллагааны талаар асуулж сонирхлоо. Тэрбээр 2008-2012 онд Египет улсад Монгол улсаас суух 11 дэх элчин сайдаар томилогдон ажиллаж байсан юм.

         Д.Баярхүү: Гадаад хэргийн яамны дэргэд ажилладаг Египетийн сангийн шугамаар  монголчуудыг Египетэд сургаад нэлээн хугацаа өнгөрч байна. Энэ ажил анх 1997 онд эхэлсэн юм. Намайг анх 2008 онд очиход энэ ажил үргэлжлээд 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн байсан ч эрч нь суларчихсан, манай улс Египетийн талтай ойлголцол тааруухан байдалтай байсан. Монголчуудыг Египетэд сургахдаа замын зардлыг нь өөрсдөөр нь төлүүлэх тухай асуудал тавьчихсан. Үүнээс болоод Египетийн сангийн тэтгэлэг зогсох хандлагатай ийм байдал угтаж байсан. Хоёр орны хүмүүнлэгийн салбарын биетэй бодитой харилцаа бол энэхүү Египетийн сангийн сургалт учраас энэ сангийн үйл ажиллагааг идэвхжүүлье, Монголчуудыг энэ сангийн шугамаар Египетэд цаашид суралцуулъя гэсэн ийм зорилго урдаа тавьж очоод энэ зорилгоо гүйцэд биелүүлсэн. Тус улсад элчингээр ажилласан 4 жилийн хугацаандаа 450 орчим монгол хүнийг Египетийн сангийн 100 хувийн зардлаар урт богино хугацаагаар сургалтанд хамруулжээ. Мөн Монголын дипломат албанд шаардлагатай байгаа араб хэлтэй, арабыг мэддэг, арабыг судалдаг хоёр залуу дипломатчийг Каирийн их сургуульд сургаж бэлтгэсэн. Мөн Кувейтийн их сургуульд нэг жил суралцуулсан. Мөн элчин сайд байх хугацаандаа Эмиратийн их сургуульд Монголын ирээдүйн залуу дипломатчийг бэлтгэх ажлыг эхлүүлсэн. Мөн булангийн орнуудад монгол оюутнуудыг суралцуулах ажлыг эхлүүлсэн. Түрүүчээсээ төгсөөд Гадаад хэргийн яаманд ажиллаж байна. Эдгээр ажлыг хийхэд Монгол улсаас нэг ч төгрөгийн зардал гараагүй.

        Монгол Египетийн хооронд Дипломат харилцаа тогтоогүй байсан 1950-аад оны дундуур хоёр улс бие биедээ хүмүүнлэгийн тусламж үзүүлж, олон улсын байгууллага, олон улсын форумын хүрээнд  хамтран ажиллаж байжээ. Түүнчлэн 1957 онд Монголд байгалийн гамшгийг, мөн Египетэд дайны гамшгийг арилгахад  харилцан тусалж байсан түүхтэй. 1957 онд МҮЭ-ийн Төв Зөвлөл 100 мянган төгрөгийг Египетийн ард түмэнд дайны хохирлыг арилгахад нь тусламж болгон хандивласан бол мөн 1957 онд Монголд болсон газар хөдлөлтөд хохирогсдод тусламж болгон Египетийн тал Бээжинд суугаа ЭСЯ-аараа дамжуулан 70 мянган юань өгсөн баримт бий.

Цаашид Монгол-Египет хоёр орны харилцааны гол чиглэл нь боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн баталгаажуулах, худалдаа эдийн засгийн харилцааны зөв эхлэлийг тууштай хэрэгжүүлэхэд оршиж байна.

 

 

 

Үзсэн: 2688

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна