Оюу толгойн гүний уурхай 2020 оноос олборлолтоо эхлэнэ.
Оюу толгойн гүний уурхай 2020 оноос олборлолтоо эхлэнэ.
Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт батлагдаж, гүний уурхайн бүтээн байгуулалт өнгөрсөн бямба гарагт эхэллээ. Гүний уурхайн төслийн гарааны хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Уул уурхайн сайд Р.Жигжид болон албаны бусад хүмүүс оролцсон байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ, Оюу толгойн гүний уурхайн төсөл нь уул уурхай, инженер, ложистикийн салбарт шинэ техник, технологийг Монголд нэвтрүүлнэ. Монгол Улс дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн томоохон тоглогч болно. Энэхүү төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд 200 км үргэлжлэх хонгилыг 5-6 жилд хөндлөн малтаж, олборлолтод бэлтгэн барих зорилт, шаардлага танай баг хамт олон, дотоод, гадаадын хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нарын өмнө тавигдаж байна.Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр олон ажлын байр шинээр бий болж, үндэсний ханган нийлүүлэгчдийн бизнес өргөжиж, оролцогч талууд, Монголын ард түмэнд үе дамжсан үр өгөөжийг өгнө. Өнөөдөр Монголчууд бид бахархах ёстой. Учир нь Бид дэлхийн бизнесийн тавцанд эргэн ирснээ харуулсан чухал өдөр тохиож байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.Мөн тэрээр Оюу толгой төсөл өнөөдрөөс эхлэн бизнесийн сонгодог төсөл болон хувирч байна. Оюу толгой одоо улс төрчдийн ярианы сэдэв биш, улс орны хөгжлийн түүчээ ажил, бүтээн байгуулалт болон хувирч байна гэдгийг онцолсон юм. Гүний уурхай 2020 оноос олборлолтоо эхлэх бөгөөд 2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажлын ид үед тус төсөлд 3000 хүн ажиллана.
Үзсэн: 1058
Tweet