Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол улсын НӨАТ хууль ба хэрэгжилт”


Zambaga 2016-05-05 06:05

“Монгол улсын НӨАТ хууль ба хэрэгжилт”

            Нэмэгдсэн өртгийн албан татвар нь орчин үед ашиглагдаж байгаа  “эцсийн хэрэглээнд ногддог” хэрэглээний татварын нэг юм. Тодруулбал, бараанд ногдох НӨАТ-ыг үйлдвэрлэлийн шат дамжлага бүрд ногдуулж, төлж байдаг. Үүнд түүхий эд, материал худалдан авах, түүнийг боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг бөөний үнээр нийлүүлэх, жижиглэнгийн худалдаа эрхлэх зэрэг үйл ажиллагааг дурдаж болох юм. Үйлдвэрлэлийн эдгээр шат дамжлага бүр бэлэн бүтээгдэхүүний “өртгийг нэмдэг” тул уг татварыг НӨАТ гэж нэрлэдэг байна.

НӨАТ-ын тухай хуулийг 1954 оноос Франц улсад мөрдөж эхэлсэн гэж үздэг. Түүнээс хойш дэлхийн олон улс орнуудад төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, зарим төрлийн хэрэглээг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж эхэлжээ.

Манай улсын хувьд 1997 оноос НӨАТ нэвтрүүлэх төслийг Дэлхийн банкнаас санхүүжүүлж, ОУВС-ын мэргэжилтнүүд хуулийн төсөл, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргажээ. Улмаар 1998 онд НӨАТ-ын тухай хууль батлагдаж, мөн оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгджээ. НӨАТ-ын хувь хэмжээний хувьд 1998-2007 онд 10-15 хувьтай байсан бол 2007 онд НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хувь хэмжээг буулган 10 хувь болгосон байна. Уг хуулийг 2015 онд дахин шинэчлэн баталж, 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байгаа билээ.

Энэ хуулийн зорилго, ач холбогдлын талаар Гааль, Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга С.Орхоноос асуулж тодруулсан юм.

 С.Орхон: НӨАТ-ын хуулийн гол зорилго бол зах зээл дээр байгаа тоглогч нар буюу татвар төлөгч нар худалдан авагч буюу хувь хүмүүсийн хоорондох бизнесийн харилцааг бүгдийг бүртгэлжүүлэх, иргэдийнхээ худалдан авалтыг урамшуулах, борлуулагч нарын борлуулалтын мэдээ материалыг татварын албан дээр цахим хэлбэрээр цуглуулаад эцэст нь татвараа үнэн зөвөөр тайлагнах энэ процестт татварын албанаас дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

НӨАТ-ын хууль анх 1998 онд батлагдаад мөрдөгдөж эхэлсэн. Түүнээс өмнө манай улс худалдааны хуультай байсан. 2006 онд энэ хуулийг шинэчлэн найруулж 2007 оноос мөрдөж эхэлж байсан. Одоогийн энэ хууль маань юугаараа ялгаатай болсон бэ гэхээр НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг 10 сая байсныг 50 сая болгосон. Хамгийн том өөрчлөлт юу вэ гэхээр татвар төлөгч буюу хувь хүн худалдан авсан бараа ажил үйлчилгээндээ нэмж төлсөн НӨАТ-ынхаа 20 хувь буюу нийт төлбөрийнхөө 2 хувийг буцаан урамшуулал хэлбэрээр татвар төлөгч иргэдэд олгох, үүнээс гадна худалдан авсан бараа үйлчилгээнийхээ баримтаар сугалаанд оролцох, сугалааны тохирлоор хожиж НӨАТ-т төлсөн мөнгөө буцаан авах ийм 2 зохицуулалт хийж өгсөн гол онцлогтой.

              НӨАТ-ын буцаан олголт,  урамшууллын системийн хэрэгжилтийг үр дүнтэй ажил болгох зорилгоор Татварын ерөнхий газрын дэргэд  “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх” төслийн нэгжийг байгуулжээ. Тус ажлын хэсэг ижил төстэй системийг амжилттай нэвтрүүлж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн БНХАУ-н Тайвань, Бүгд Найрамдах Словак улсын туршлагыг судалж, оновчтой технологийн шийдлийг боловсруулсан байна. Эдгээр орнуудын хувьд иргэдийнхээ дунд зөвхөн сугалааны урамшууллыг зохион байгуулдаг бол манай улсын тухайд сугалааны урамшууллаас гадна буцаан олголтын урамшууллыг нэмж өгснөөрөө энэхүү жишгийг дэлхий дахинд анхлан нэвтрүүлж хэрэгжүүлсэн улс болжээ.

Судлаачдын үзэж байгаагаар энэ мэт НӨАТ-ын шинэ зохицуулалтын үр дүнд эдийн засаг эрүүлжих, санхүү, бүртгэлийн систем сайжран шинэ түвшинд гарах, улмаар далд эдийн засаг оршин тогтнох орон зай хумигдах юм.  Тодруулбал, дунд болон урт хугацаанд эдийн засаг тогтвортой хөгжих боломж, бололцоог бүрдүүлэх давуу талтай ажээ. Гааль, татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн захирал Р.Отгонтулга НӨАТ-ын зохицуулалт, урамшууллын системийн тусламжтайгаар эдийн засгаа тогтворжуулсан олон улсын туршлагын талаар ярьсан юм.  

Р.Отгонтулга: Олон улсад НӨАТ-ын зохицуулалтыг хэрэгжүүлсэн томоохон туршлагууд байна. Тайваньд гэхэд НӨАТ-ын бодлогыг хэрэгжүүлж цахим хэлбэрт шилжүүлснээр далд эдийн засгаа маш өндөр хувьтай 75 хувь хүртэл бууруулж чадсан. Португал улс байна. эдийн засгийн хямралын үедээ эдийн засгийг эрүүлжүүлэх механимзмын хамгийн том хөшүүрэг нь НӨАТ хууль гэж үзсэн байна. Польш байна. Мөн Чехословак гэж байж байгаад Словак улс салан тусгаарлах үедээ бас хямралын үед орсон. Үүнийгээ гэтлэн давахдаа энэ системийн тусламжийг авч байсан байна. Тэгэхээр энэ хийгдэж байгаа ажлын цаана маш их технологийн ажил байгаа. Иргэн бүр мэдээллээ өгөөд байхад тэрийг цуглуулах ашиглах боловсруулах, НӨАТ-ын урамшууллын системийг хэвийн ажиллагааг хангах гээд ажил байна. Энэ мэт хийж байгаа ажил маань олон улсын туршлага дээр нэлээн суурилагдсан дэд бүтцээ хамарсан ийм л ажил хийгдэж байгаа юм.

 

Хууль хэрэгжүүлэх шинэ механизм нь баримт хэвлэх кассын төхөөрөмж буюу машин юм. Энэхүү кассын машин нь НӨАТ-ын буцаан олголтын системд холбогдсон байх бөгөөд иргэдэд дахин давтагдашгүй QR код болон сугалааны дугаар, төлбөрийн дүн бүхий баримтыг хэвлэж өгнө.

Иргэд худалдан авсан, бараа, үйлчилгээнийхээ баримтыг www.ebarimt.mn вэб сайтад хандсанаар бүртгүүлэх боломжтой. Ингэхдээ хувь хүн гэсэн цэсээр орж, өөрийн мэдээллээ оруулж, бүртгүүлнэ. Түүнчлэн гар утсандаа ebarimt.mn гэсэн аппликэйшнийг татаж, баримтынхаа QR кодыг уншуулах юм. Цахим баримт, урамшууллын системийн талаар НӨАТ-ын урамшууллын технологи Хөгжүүлэлтийн Албаны захирал Т.Батбилэг ийнхүү ярьж байна.  

Т.Батбилэг: Цахимаар баримтыг хэвлэхийн тулд аж ахуйн нэгжүүд технологийн бэлэн байдлыг хангах ёстой. Үүн дээр аж ахуйн нэгжүүд кассын машин заавал ашиглах шаардлага тулгарч байгаа. ТЕГ-ын зүгээс Монгол улсад хэрэглэгдэж байгаа төрөл бүрийн кассын машин дээр системийн ажиллагааг тохируулж ажиллаж байгаа. Хуучин кассын машин хэрэглэж байгаа газрууд дээр нэмэлтээр тоног төхөөрөмж авах зайлшгүй шаардлага тавигдахгүй. Одоогоор Монгол улсын хэмжээнд 11 мянга орчим кассын систем ажиллаж байгаа гэж үзэхэд энэ машин дээр шинэ систем суулгаад ажиллуулахад бүрэн боломжтой. Аж ахуйн нэгжүүд тусгай баримт хэвлэхийн тулд татварын нэгдсэн системтэй холбогдох шаардлага гарч ирж байна. Баримтан дээр сугалааны дугаар QR код хэвлэгдэнэ. Баримтаараа, сугалааны дугаараар иргэд сар бүр сугалаанд оролцох нөхцөл бүрдэж байгаа юм.

 

Ухаалаг кассын машиныг өнөөдрийн байдлаар 50 орчим аж ахуйн нэгж өргөн сонголттойгоор дотоодын аж ахуйн нэгжүүдэд 70 мянгаас 2 сая төгрөгөөр нийлүүлж байна.

Хууль хэрэгжээд 5 сарын хугацаа өнгөрч байгаа ч цахим баримт олголтын систем манай улсад бүрэн нэвтрээгүй байгаа юм. Ялангуяа томоохон худалдааны төвүүд болон гэр хороололд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн хувьд зарим нэг саад бэрхшээл тулгарч байгаа талаар худалдаа эрхлэгчид ингэж ярьж байна.

Худалдаа эрхлэгчид:

-    Хүмүүс ихэвчлэн цахим системд орлогоо тухай бүрт нь бүртгүүлэхээр жилийн эцэс гэхэд татварын их хэмжээний төлбөрт орчих болов уу гэсэн бодолтой байгаа.

                -     Зарим хүмүүс НӨАТ-ын үнэ шингэсэн үнэтэй бараа бүтээгдэхүүнд дургүй байна. Тэгэхээр НӨАТ-ын үнээ нэмээд хэлэхээр тэр хүмүүст хохиролтой. Тиймээс НӨАТ-тэй, НӨАТ-гүй үнээр авах уу гэж худалдан авагчдаасаа ер нь асууж байгаа. НӨАТ-тай үнээр авсан тохиолдолд баримт хэвлэж өгөх жишээтэй. Тэгэхээр НӨАТ-тэй, НӨАТ-гүй үнэ гэж ярихаас аргагүй болдог.

                            -       Бид нар өдөрт 10 талх зарах гэж өдөржингөө зогсоно. Манай энэ гэр хороололд дээд тал нь л 20                                      талх зарна. Нэг сүүн дээр 100 төгрөг л нэмж зарна. Сургууль ойрхон болохоор жижиг сажиг чихэр,                                        печень дээр 2, 30, 70 төгрөг нэмээд зарна. Том дэлгүүрүүдтэй орлогын хувьд харьцуулах арга байхгүй.                            НӨАТ-ын машин дээрээс нь үнэтэй. Манай гэр хороололд амьдардаг хүмүүс тэр бүр НӨАТ-тэй баримт авъя гэж шаарддаггүй. Бид НӨАТ-ын машин аваад ашиглалаа гэхэд одоо байгаа барааны энэ үнээ 50, 100 төгрөгөөр нэмэх шаардлагатай болно. Тэгэхээр гэр хорооллын ард иргэдийн амьдралд хүндээр тусна.

Хуулиар НӨАТ-ын төлөгч хэмээн тодорхойлогдсон 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд 100 хувь кассын төхөөрөмжтэй болсон бөгөөд төхөөрөмж нэвтрүүлэх зорилт 71 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин жижиглэн худалдаа эрхлэгчид болон зах, худалдааны төвүүд кассын төхөөрөмж ашиглахгүй байгаа. Тиймээс гүйцэтгэлийг 100 хувьд хүргэхийн тулд дахин 10 мянга орчим цэгт энэ төрлийн төхөөрөмжийг нэвтрүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 36 мянга 628 ширхэг НӨАТ-ын баримт хэвлэгч кассын төхөөрөмж ашиглагдаж байгаа юм. Гэхдээ төхөөрөмж тус бүрийг нэг аж ахуйн нэгж гэж ойлгох боломжгүй, томоохон хэмжээний байгууллага 200 хүртэлх тооны кассын төхөөрөмж хэрэглэж байна.

Сонирхуулахад, 2016 оны 4 сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд нийт 43 сая НӨАТ-ын баримт хэвлэгдсэн тооцооллыг Гааль, татварын ерөнхий газраас мэдээлжээ. Харин системийн идэвхтэй хэрэглэгчийн тоо 603 мянга болж өссөн байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 8 удаа сугалааны тохирлыг зохион явуулжээ.

Үзсэн: 1182

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна