"РИО-2016" олимпийн наадамд оролцох Монголын жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.
"РИО-2016" олимпийн наадамд оролцох Монголын жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.
Монголын жүдо бөхийн холбоо "РИО-2016" олимпийн наадамд ур чадвараа сорин оролцох Монгол Улсын шигшээ багийг албан ёсоор зарлалаа.
Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны Удирдах зөвлөл, дасгалжуулагчид хоёр удаа хуралдаж эцсийн шийдвэрээ гаргав. МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга "Риогийн олимпийн наадам эхлэхэд өнөөдрийн байдлаар 100 хоног үлдээд байна. Бид өнгөрсөн 4 жилийн хугацаанд шигшээ багийн тамирчдаа олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд жигд оруулж ирсэн. Үүний үр дүнд жин тус бүр 2-5 жүдоч чансаанд бичигдэж ирлээ. Өнөөдөр бид олимпод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлах гэж байна. Гэхдээ олимп хүртэл хугацаа бий, тамирчин хүнд юу ч тохиож болох учир хоёр дахь тамирчдад боломж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Монголын жүдо бөхийн багийн ахлагчаар олимпийн аварга Н.Түвшинбаярыг сонгож байна. Олимпийн наадамд гурав дахь удаагаа зодоглох эрх авсан Н.Түвшинбаярт олимпийн гурав дахь медалиа зүүхийг хүсье" гэв.
Эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, эмэгтэй - 52 кг тус бүр хоёроос дээш жүдоч олимпийн эрхийн оноо хангасан юм. Ялангуяа эрэгтэйчүүдийн 60 кг-д хэнийг явуулах вэ гэдэг бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан юм. Юун түрүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, 2016 оны АТАШТ-ий хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар хүүд итгэл хүлээлгэхээр шийджээ. Ц.Цогтбаатарын хувьд 20-хан настай бөгөөд дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарын гавьяатуудыг эх орондоо үлдэж Риогийн татамид зодоглохоор боллоо. Харин 73 кг-д олимп, дэлхийн хүрэл медальт С.Ням-Очир гавьяатыг үлдээж ОУХМ Г.Одбаярыг 2016 оны олимпийн наадамд илгээхээр болов. Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар нар олимпийн наадамд хүч үзэх бол эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмонг сонгожээ. Харин эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар, 100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг М.Уранцэцэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, 70 кг-д Ц.Наранжаргал нар Рио-д эх орноо төлөөлөн хүч үзэхээр сонгогдлоо.
Үзсэн: 1026
Tweet