Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлэхүйц үр дүнтэй болсон.


Zambaga 2016-04-24 04:04

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлэхүйц үр дүнтэй болсон.

          ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлэхүйц үр дүнтэй болсон талаар өнгөрсөн долоо хоногт хийсэн “Мэдээллийн цаг” уулзалтын үеэр ГХЯ-ны Хөрш орны газрын дэд захирал А.Ананд мэдээллээ.Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Сергей Викторович Лавров энэ сарын 14-нд албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр хоёр Гадаад хэргийн сайд ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхаж, хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөв, Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх боломж бололцооны талаар санал солилцсон юм. Албан ёсны хэлэлцээний үеэр Монгол, Оросын эдийн засаг, хүмүүнлэг болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон хэмээн А.Ананд мэдээллийнхээ эхэнд онцлов.
             Тэрбээр, “Монгол Улс ОХУ-аас урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах талаар яриа хэлэлцээ хийхээр тохирсон. Түүнчлэн манай зүгээс хоёр улсын Төв банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцэл байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.Өнгөрсөн хугацаанд төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн талаар хэд, хэдэн удаа Засгийн газар хоорондын хэлэлцээр хийсэн. Уг хэлэлцээрүүд амжилттай болж, харилцан ойлголцолд хүрсэн тул энэ оны эхний хагаст багтаан байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллах боллоо. Эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хил залгаа бүс нутгуудад Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, яармаг худалдаа, үзэсгэлэн зохион байгуулах санал тавьсныг ОХУ-ын зүгээс дэмжсэн.Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын зүгээс энэ оны долдугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Түүнчлэн энэ онд Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулах, “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийг батлах чиглэлээр ажиллахаар тохиролцсон” хэмээн онцоллоо.

Үзсэн: 1031

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна