Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож буй Европын Парламентын төлөөлөгч Рышард Чарнецкий, Томас Здечовски нарыг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож буй Европын Парламентын төлөөлөгч Рышард Чарнецкий, Томас Здечовски нарыг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож буй Европын Парламентын төлөөлөгч Рышард Чарнецкий, Томас Здечовски нарыг хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд, хүндэт зочдыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, Ази, Европын Парламентын төлөөлөгчдийн уулзалтад оролцож буйд талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт болон бусад дагалдах уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад Европын Холбооноос болон зарим түнш орнуудаас дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийллээ.
Монгол Улс Европын Холбоог “гуравдагч хөрш” хэмээн тунхагласан бөгөөд энэ хүрээнд Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бололцоотой бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлсэн юм.
Мөн Монгол Улсад Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах нь хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх тул эл асуудалд Европын Парламентын зүгээс дэмжлэг хүсэв. Түүнчлэн 2013 онд Монгол Улс, Европын Холбооны хооронд “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулсан. Тус хэлэлцээрийг одоогийн байдлаар Европын Холбооны 23 улс соёрхон батлаад байгааг бусад улс уг хэлэлцээрийг батлахыг дэмжиж өгнө үү хэмээн хүссэн юм.
Европын Парламентын гишүүн Рышард Чарнецкий Улсын Их Хурлын даргад хариу талархал илэрхийлээд Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Тэрээр, Монгол Улсад Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах асуудлыг бидний зүгээс бүрэн дэмжиж, парламентыхаа түвшинд илэрхийлэх болно гэлээ. Түүнчлэн Европын Холбоо, Монгол Улсын хооронд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг үлдсэн 5 улсаар батлуулахад өөрсдийн зүгээс дэмжинэ гэв.
Уулзалтын үеэр талууд Европын Холбоо болон түүний гишүүн орнууд Монгол Улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, сүүлийн жилүүдэд өсч буй энэ харилцааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцов.
Уулзалтын төсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтад Европын зөвлөл, Европын комиссын Ерөнхийлөгч нар оролцохоор төлөвлөж буйд баяртай буйгаа илэрхийллээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламентын бүлгийн дарга Б.Болор болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Үзсэн: 1016
Tweet