Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт уулзалт боллоо.


Zambaga 2016-04-10 05:04

“Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт уулзалт боллоо.

 

 

 Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн түвшний “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт уулзалт саяхан Улаанбаатар хотноо боллоо.

Уулзалтад Монгол, Хятад, Өмнөд болон Хойд Солонгос, ОХУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний судалгааны хүрээлэн, мөн олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, эрдэмтэд судлаачид, гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцжээ.

Энэ удаагийн уулзалтаар Зүүн хойд Азийн орнууд өөр өөрийн боломж давуу талыг ашиглан хил дамнасан эрчим хүчний хэлхээ холбоог хөгжүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийг бууруулах талаар санал солилцож харилцан туршлага хуваалцсан байна.

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Эрчим хүчний яамны ивээл дор Стратегийн судалгааны хүрээлэн, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан тус уулзалтыг нээж Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар үг хэллээ.

Тэд хэлсэн үгэндээ “Эрчим хүчний хангамж, аюулгүй байдлын асуудал нь хөгжил дэвшил, улс орны хэтийн бодлого төлөвлөлтөд үндсэн үүрэг гүйцэтгэгч тулгуур хүчин зүйлийн нэг юм. Зүүн хойд Ази нь газрын тос, байгалийн хий, нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй бүс нутгийн нэг. Мөн эрчим хүч экспортлогч болон хэрэглээгээрээ тэргүүлэгч орнууд энэ бүс нутагт оршиж байна. Бүсийн хүрээнд эрчим хүчний нягт хамтын ажиллагаа, бодлогын нэгдмэл байдлыг сайжруулах нь тус бүсийн бүх орнуудад олон талын үр ашигт байдлыг бий болгох явдал юм. Зүүн хойд Азийн орнууд хил дамнасан эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлснээр бүсийн хэмжээнд эрчим хүчний системийн тогтвортой байдал, үр ашгийг сайжруулна. Түүнчлэн оролцогч орнуудын эдийн засгийн хөгжлийн үндсэн тулгуур хүчин зүйл болох дотоодын эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай хангамжийг сайжруулж бүс нутгийн орнуудын нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд оршино” хэмээн онцлон тэмдэглэжээ.

2040 он гэхэд Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ 2 дахин өснө гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Түүнчлэн дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөө үзүүлэгч нүүрстөрөгчийн хэмжээг бууруулахаар дэлхий нийтээр хичээж байна. Тиймээс бүс нутгийн эрчим хүчний тогтвортой, найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх нь Зүүн хойд Азийн орнуудын хувьд эн тэргүүний асуудал болоод байгаа юм. Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Пүрэвсүрэнгийн ярихдаа “Ямар талаар, ямар чиглэлээр сүлжээгээ явуулах уу, ямар эрчим хүчний үүсвэрүүдийг үүнд холбох уу гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн судлаачид яриад эхлэхээр ихээхэн үр дүнтэй цаашдын хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байгаа юм. Үүн дээр Монгол улс онцгой үүрэгтэй идэвх санаачилгатай оролцож байгаа” гэлээ. 

Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг хөгжингүй орнуудад эрчим хүчний хангамж асуудал дагуулж байна. Харин Орос, Монгол зэрэг анхдагч эрчим хүчний нөөц бүхий орнуудад экспорт хийж бүсийн асуудлаа шийдвэрлэх дэд бүтэц байдаггүй. Монголын тал хээрийн салхи, говийн нарыг ашиглахад жилд 15 мянган тераватт цаг цахилгаан гаргах боломжтой. Гэхдээ эхний ээлжинд нүүрсний ордуудад түшиглэсэн, нүүрстөрөгч бага зарцуулдаг цахилгаан станц байгуулахаар ажиллаж байна. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Дэлгэрцогт “Шивээ овоо дээр 4,5 мегаваттын чадалтай станц барина. Одоо бол энэ талын судалгаа хийгдэж байна. Хятадын төрийн эрчим хүчний системтэй хамтарсан ТЭЗҮ хийж байгаа. Үүн дээр 9,6 мянган мегавттын чадалтай, өндөр хүчин чадлын дамжуулах системтэй, 800 киловольтын тогтмол гүйдлийн шугамаар холбосон ийм Техник эдийн засгийн үндэслэл хийж байна. Энэ бол зөвхөн нүүрсэн дээр суурилсан эрчим хүч. Үүний хажуугаар сэргээгдэх эрчим хүч гээд асар их нөөц байж байна” гэж танилцуулж байлаа.

Бүсийн хэмжээнд эрчим хүчний хэлхээ холбоог сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээг байгуулахад Монгол улс чухал үүрэгтэй оролцох ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Өнөөдөр монголчууд эрчим хүчний хэрэглээнийхээ дөнгөж 7 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангаж байна. Хэрвээ сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглаж чадвал Азийн орнуудын эрчим хүчний өсөж байгаа хэрэгцээг Монгол улс дангаараа хангах нөөц бий гэж “Азийн супер сүлжээ”-ний захирал Баясгалангийн ярьж байлаа.     

Баясгалан: Энгийнээр бодоход 100 гегаватт хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг Монголын говь нутагт бий болгосон тохиолдолд шинээр үүсэх ажлын байр л гэхэд 900 мянга үүсэх жишээний. Үйлдвэрлэсэн эрчим хүчээ гадны улс орнууд руу экспортлоход үүнийгээ дагаад орж ирэх ашиг асар их болно.

Монгол улс зүүн хойд Азийн 2030 он хүртэлх эрчим хүчний хэрэглээг хангах хэмжээний сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болохыг Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг судалгаагаар тогтоогоод байгаа. Тодруулбал,  нар салхины эрчим хүчийг ашиглан манай улс жилдээ 15 мянган терраватт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байгаа нь Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний нөөц хангалттай байгааг харуулжээ. Манай улсын Засгийн газар тус агентлагтай хамтран Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын тайланг гаргаж, эрчим хүчний яаманд хүлээлгэн өгчээ.

Эрчим хүчний яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Товуудорж “Сэргээгдэх эрчим хүчний хувьд Их хурлаас баталсан манай эрчим хүчний салбарт баримтлах бодлогод 23 он гэхэд 20 хувь, 30 он гэхэд 30 хувь эрчим хүчээр азийн орнуудыг хангах зорилт тавин ажиллаж байна. Тэгэхээр эхний ээлжинд бид Зүүн хойд Азийн эрчим хүчний дэд бүтцийг ялангуяа энэ цахилгаан дамжуулах шугамын дэд бүтцийг хөгжүүлэх талаар 2 талт хамтын ажиллагааг Хятад ОХУ гэсэн хөрш орнуудтайгаа явуулж байна. Үүний нэг жишээ нь дан ганц сэргээгдэх эрчим хүч бус нүүрсний баялаг ордоо ч мөн ашиглана. Тэгэхээр Хятад руу эрчим хүч экспортлох том чадлын Шивээ овоо дээрх 9240 мегаваттын төслийн ТЭЗҮ-гийн судалгааны ажлыг эхлүүлээд явж байна”  гэсэн юм.

Энэхүү уулзалтын хүрээнд бүс нутгийн эрчим хүчний нөхцөл байдлын ирээдүйн зураглалыг гаргах “2040 он хүртэлх Зүүн хойд Азийн эрчим хүчний хэтийн төлөв” хамтарсан судалгааны товхимлыг гаргахаар төлөвлөжээ.

Үзсэн: 1680

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна