Казак түмэн "Наурызын баяр"-аа тэмдэглэж байна.
Казак түмэн "Наурызын баяр"-аа тэмдэглэж байна.
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр Казах түмэн Наурызын баяр, хаврын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Наурызын баярт зориулсан хүндэтгэлийн хурал Казак түмний өлгий нутаг Баян-Өлгий аймгийн төвд боллоо. Уг хурлын үеэр Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Казах зонд илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилсан юм. Төрийн тэргүүн мэндчилгээндээ, “Та бүхэнд эрт үеэс уламжлагдан ирсэн Казах түмний ёс заншил, өв соёл, наран адил наашлах Наурыз баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ажилсаг хөдөлмөрч өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжилж яваа өнөөгийн Өлгийчүүдийн ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг дэвжингүй байгааг статистикийн мэдээлэл, тоо баримт нотлон харуулж байна. Тухайлбал, өнгөрсөн 3 жилд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 152 хувиар, барилга угсралтын ажил эрчимтэй өсч хөрөнгө оруулалтын хэмжээ 977 хувиар өссөн байна. Өгөөж баян нутаг ус, өсөж үрждэг мал сүрэг, орчин цагийн боловсрол мэдлэг, казак түмний ажилсаг хөдөлмөрч чанар, үндэсний цөөнхөд онцгойлон ханддаг Монгол төрийн бодлого, энэ бүгд бол Баян-Өлгийчүүдийн хөгжлийн баталгаа билээ. Аялгуут домбороо эгшиглүүлэн хаврын баяраа тэмдэглэж байгаа Казах түмний маань юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай” гэжээ.
Наурызын баярын хүрээнд нийслэл Улаанбаатар хотноо “Наурыз-2016” нэгсэн хөтөлбөр зохион байгуулж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд “Бургэдийн баяр”, Үндэсний бөхийн барилдаан болсон. Мөн “Домборын эгшиг-2016” урлагийн тоглолт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей гуравдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын Наурызын өдөр” болгон зарласан байдаг. Дэлхийн 40-өөд орны 300 сая гаруй хүн Наурызын өдөр тэмдэглэдэг юм.
Үзсэн: 1730
Tweet