"Монгол цэргийн өдөр"
"Монгол цэргийн өдөр"
Монгол Улсын нэг бахархал бол Зэвсэгт хүчнийхэн. Улсын сүр цэрэгтээ гэсэн үг бий. Монгол цэргийн түүхийн хоёр мянга гаруй жилийн түүхэн уламжлал, залгамж чанарыг үндэслэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэдэг юм. Энэ жилийн хувьд Монгол улсын Зэвсэгт хүчний түүхт 95 жилийн ой тохиож байна.
Монголчууд 2000 гаруй жилийн тэртээ буюу нийтийн тооллын өмнөх 209 онд анхны төрт улс Хүннү гүрнийг байгуулжээ. Үүнээс хойш Сүмбэ, Нирун, Хятан зэрэг эртний улсууд монгол нутаг дээр оршин тогтнож нутаг дэвсгэр, газар нутгаа цэргийн хүчээр хамгаалж ирснийг түүхэн сурвалжууд нотолдог. Түүний дараах монгол овог, аймгууд түүхийн ээдрээ нугачаанд мандан, буурч явсаар Хамаг Монгол улсын үеэс дахин хүчирхэгжиж, цэрэг зэвсгийн хүчээр тусгаар тогтнолоо хамгаалан тэмцэж иржээ. Хамаг Монголын суурин дээр 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын үед монголчууд цэргээ бүхэлд нь аравтын тогтолцоонд тулгуурласан “Мянгатын байгуулалт”-д шилжүүлсэн байна. Ингээд цэргийн ардчиллын төгөлдөржсөн хэлбэр дээр үндэслэсэн эрс шинэчлэл хийж, түүхийн ахар богино хугацаанд дэлхийд хосгүй сахилга, зохион байгуулалттай армийг буй болгожээ. Ингэснээр монгол цэргийн урлагийг дэлхийд тэргүүлэх түвшинд гаргах боломжийг бүрдүүлж өгсөн байна.
Үүнээс хойш монголчууд харийн гүрний эрхшээлд орж нэгэн хэсэг буурч явсан ч үе үеийн цэрэг эрс үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр ирсэн юм. Харин 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтын үр дүнд тусгаар тогтнолоо зарлан үндэсний цэргээ байгуулжээ. Улмаар 1921 оны хувьсгалын ялалтын дараа шинэ үеийн Зэвсэгт хүчнийг эмхлэн байгуулж, өдгөө Монгол Улсын Зэвсэгт Хүчин ерөнхий зориулалтын, хил хамгаалах, дотоодын аюулгүй байдлын хүчин гэсэн гурван салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Монгол улсын зэвсэгт хүчин улс эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гаднын зэвсэгт түрэмгийллээс хамгаалахад бэлэн байх, улсын хил хамгаалахад дэмжлэг үзүүлэх, агаарын хилийн халдашгүй дархан байдалд хяналт тавих, хөнөөх хэрэгслийн хөнөөл, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрийн ослын аюулаас хүн ам, эд баялгийг хамгаалахад туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах хүчний хүрээнд үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн орон болохынхоо хувьд 1999 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр НҮБ, Монгол Улсын Засгийн газар хооронд “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар энэхүү нэр хүндтэй, хариуцлагатай үйл ажиллагаанд идэвхтэй оролцох гараагаа эхэлжээ. МУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Эрдэнэбат ярихдаа:
Энхийг сахиулах ажиллагаанд анх Монголчууд 2003 онд цэргээ дэлгэн байрлуулж байх үед тухайн ажиллагаанд НАТО-гийн тэргүүлсэн улсууд тэр ажиллагаанд орж байсан. Тэр үед Монголчууд Оросын хуучин зэвсэг техниктэйгээ байхыг хараад монголчууд гэж хэн бэ гэдгийг мэдэхгүй, зарим хүмүүс монголчуудыг мориор, хөдөөгөөр төсөөлж байсан тийм үе байсан. Иракийн 1-р ээлжинд үүрэг гүйцэтгэж байсан бүрэлдэхүүн зүгээр задгай талбай дээр очоод өөрсдийнхөө баазыг байгуулаад инженерийн ажлаа ч хийгээд ерөөсөө л монгол цэрэг гэж хэн байдаг гэдгийг тэр хүмүүст мэдрүүлж өгсөн. Үүний дараагаар Иракийн 2-р ээлж 2004 онд очих үед амиа золиослогчийн айхтар халдлага гарсан. Энэ үед манай энхийг сахиулагч Самбуу-Ёндон, Аззаяа нар болон бусад залуучууд энэ халдлагыг зогсоож байсан. Энэ халдлагыг зогсоосноороо ерөөсөө монгол цэргийн мэргэжлийн ур чадвар олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн. Үүний дараа Чад улсад 268 хүний бүрэлдэхүүнтэй түргэн байрлах хүчний батальоныг оролцуулах урилгыг НҮБ-аас ирүүлж байсан. Саяхны жишээ гэвэл БНӨмнөд Судан улсад 2012 онд 850 хүний бүрэлдэхүүнтэй мото буудлагын батальоныг оруулах ийм урилга ирж байсан. Анх манай улсаас цэргийн ажиглагч гэхэд цөөхөн 10-ын дотор хүн явуулдаг байсан бол өнөөдөр энэ тоо 30 гарчихаад явж байна. Өнөөдөр бид секторын командлагчтай, секторын штабын даргатай ингээд албан тушаалууд нь нэлээн дээд төвшинд очсон байна. Өнөөдрийн байдлаар хамгийн их хүний бүрэлдэхүүнтэй 4-р ээлжийн батальон Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүргээ гүйцэтгэж байна. Тус улсад 2012 оноос манай цэргүүд үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ бүгдээс харахад 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл МУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн гадаадад үүрэг гүйцэтгээд МУ-ын төрөөс явуулж байгаа бодлогыг улс төр дипломатын аргаар өөрсдийнхөө бүс нутагт болон олон улсын түвшинд аюулгүй байдлыг сахихад НҮБ, Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн тулд ийм үйл ажиллагаа явуулж, үүний үр дүнд Монгол цэрэг гэдгийг дэлхийн тавцанд мэддэг болсон байгаа.
Монгол цэргүүд ийнхүү төрийн алтан соёмбот далбаагаа олон оронд мандуулж байна. Энхийг сахиулагчид өнөө цагийн баатрууд билээ.
Монгол улсын Батлан хамгаалахын салбарт хэрэгжүүлж байгаа нэг том ажил нь иргэдэд эх орноо батлан хамгаалах чадавхийг эзэмшүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой “Оюутан цэрэг” хөтөлбөр юм. Хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлж, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийжээ.
Тус хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор Батлан хамгаалах яам, Монголын оюутны холбоотой хамтран 2014 оноос хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн талаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, хурандаа Мягмаржаваас тодруулсан юм.
Мягмаржав: Оюутан цэрэг хөтөлбөрийн эхний 2 сарын сургалтыг цэргийн ерөнхий эрдэм буюу онолын сургалт нэрээр сургуулиуд дээр нь сургалтын үйл ажиллагаанд садаа болохгүйгээр заана гэсэн журмын дагуу явуулдаг. Тэгээд дараа нь 6 сарын 15-аас 8 сарын 15-ыг хүртэл цэргийн мэргэжлийн бэлтгэл хийнэ. Цэргийн мэргэжлийн бэлтгэлээр буудагч, тасгийн дарга гэсэн мэргэжил олгоно. Жилийн хугацаанд цэргийн сурч байгаа зүйлийг 4 сарын хугацаанд багтаан олгож байгаа ийм хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Олон нийт энэ хөтөлбөрийг маш их дэмжиж хүлээн авч байгаа. Ялангуяа эцэг эхчүүд сургуулиудын удирдлага их дэмжиж, оюутан залуус сүүлийн үед маш их хамрагдаж байна. Цаашдаа энэ хөтөлбөрийг байнгын хөтөлбөр болгох хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэн судалж БХЯ тусгай хууль эрх зүйн үндсийг цэргийн албаны хуулинд оруулаад Засгийн газрын хурлаар хэлэлцүүлээд цаашаа МУ-ын ерөнхийлөгчид өргөн барьсан. Ерөнхийлөгч Их хуралд өргөн барьсан байгаа. Ерөнхийлөгч жил бүр тангараг өргөх ёслолд оролцоод цаашдаа энэ хөтөлбөрийг байнга хэрэгжүүлэх асуудлаар ач холбогдол өгөн ажиллаж байна. Улсын төсөвт тодорхой хэмжээний зардал суутгаж өгч байгаа. Тийм учраас энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж үзэж болно.
“Оюутан цэрэг хөтөлбөр”-ийн хүрээнд 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан хамрагдаж, цэргийн тангараг өргөжээ. Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт 150, Дорнод аймагт 100, Улаанбаатар хотод 750 оюутан нийт 1000 оюутан хамруулахаар төлөвлөөд байна.
Их эзэн Чингис хааны үеэс Монгол төрийн өлмий болсон “Монгол цэрэг” туурга тусгаар эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн дайчин уламжлалаар шинэ цагийн Зэвсэгт хүчин хөгжсөөр байгаа билээ.
Үзсэн: 1693
Tweet