Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ хийлээ.
Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ хийлээ.
Унгар улсын Ерөнхий сайд ВикторОрбаны айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ болж өндөрлөв. Уг хэлэлцээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар мэдээлэл хийлээ.
Хэлэлцээгээр хоёр орны харилцааа, хамтын ажиллагааг өргөжүүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Монгол, Унгарын ард түмний нийтлэг эрх ашигт бүрэн нийцсэн үр дүнтэй хэлэлцээ болсон гэдгийг, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “Энэхүү айлчлалын хүрээнд “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр”-ийн талаар Монгол Улсын Засгийн газар, Унгарын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Үүний үр дүнд Сонгинохайрхан дүүрэг дахь “Биокомбинат” ТӨҮГ-т техник, технологийн иж бүрэн шинэчлэл хийгдэж, малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд томоохон ахиц гарах юм. Мөн 1968- 2015 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг данслах протокол байгуулж, Монгол Улсын Хөгжлийн банк, Унгар улсын төрийн өмчит “Экзим” банк хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан. Хоёр улсын хооронд махны экспортыг хөгжүүлэх, усны салбар, эмийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар болон Будапешт хотуудын хооронд нийтийн тээвэр болон ухаалаг хот, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоноос гадна Монгол Улсаас Унгар улсад суралцах оюутнуудын тэтгэлгээр суралцах оюутнуудын тоог 2 дахин нэмэгдүүлэхээр болсон.2015 онд Унгар Улсын Ерөнхийлөгч болон, Гадаад хэрэг, худалдааны сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээн нээсэн зэрэг нь Унгар Улс Монгол Улстай хамтран ажиллах харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэж ойлгож байна.Монгол, Унгарын ард түмний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлал чухал түлхэц болно гэж үзэж байна” гэлээ.
Харин Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан хэлсэн үгэндээ: “Бид олон жил найрсаг харилцаатай байсаар ирсэн. Цаашид хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллана. Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан миний бие 50 бизнесийн төлөөллийн хамт ирлээ. Бид монголын үйлдвэр бизнесийн төлөөлөлтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Монгол Улс сүүлийн жилүүдэд маш сайн хөгжиж байгаад баяр хүргэе. Унгар Улсын эдийн засгийн хөгжил Европ даяар алдартай болсон. Тиймээс бизнесийн чиглэлээр хамтарч ажиллах, туршлага судлахаар ирлээ. Бид мах, ус, эмийн салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулж, Унгар улсын Экзим банкнаас Био комбинатын техник, технологийг засварлан шинэчлэх чиглэлээр 25 сая ам.долларын зээл олгохоор болж гарын үсэг зурсанд баяртай байна.400 монгол оюутан Унгар Улсад суралцаж төгссөн. Одоогийн байдлаар 100 монгол оюутан Унгар улсын тэтгэлгээр суралцаж байна. Энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэх санал тавьж, монголын тал хүлээн зөвшөөрсөнд баяртай байна” хэмээгээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан уулзалт маш нээлттэй, үр дүнтэй байж чадсан гэдгийг онцолж, Цаашид илүү олон салбар хамтарч ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Үзсэн: 1263
Tweet