Чингис хаан Үндэсний музей

Нээлттэй өдрүүдээр музейн номын санд хадгалж буй бүтээлүүдээ дэлгэж, уншлагын танхимаа танилцуулж байна
“Музейн нээлттэй өдрүүд”-ийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейн хамт олон иргэдэд зөвхөн музейн үзвэрээр үйлчлээд зогсохгүй танин мэдэхүй, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ танилцуулах хөтөлбөр боловсруулжээ. Музейн дэргэдэх эрдэм шинжилгээ, судалгааны номын сан нь музейгээс эрхлэн гаргасан ном бүтээлээр олон нийтэд үйлчилж байна. Тус номын сан 8000 гаруй ном, бүтээлтэй бөгөөд докторантаас дээш суралцаж буй болон монгол судлалын чиглэлээр судалгаа эрэл хайгуул хийж буй зорилтот бүлэгт үйлчилдэг аж. Нээлттэй өдрүүдээр музейн номын санд хадгалж буй бүтээлүүдээ дэлгэж, уншлагын танхимаа танилцуулж байна. Тухайлбал, “Дэлхийд тархсан Монгол өв цуврал” 12 боть, “Монгол-Оросын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” есөн боть, “Талын язгууртан цуврал” ботиуд, “Музейн хөтөч” дөрвөн хэлээр хэвлэгдсэн, “Монголчууд ба даян дэлхий-Чингис хааны эзэнт гүрний өөр нэгэн өнгө төрх” олон улсын үзэсгэлэнгийн катологи, тус музейн мэдээлэл сэтгүүлийн тусгай дугаарыг дэлгэн тавьжээ. Чингис хаан Үндэсний музей үзмэрүүдээ хадгалж хамгаалахдаа олон улсын стандартын дагуу төрөлжүүлэн ангилан хадгалахын зэрэгцээ орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн дэвшилтэт арга барил нэвтрүүлдэг байна.
Үзсэн: 163
Tweet