Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 30-01-2025
Mонгол

Шинэ мэдээ

Монгол Улс, БНЭУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна


Densmaa 2025-01-29 05:01

Бүгд Найрамдах Энэтхэг Улс тунхагласны 76 жилийн ойн баярын үеэр дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг албан ёсоор нээж, 70 жилийн ойн логог танилцууллаа.

    Монгол Улс, БНЭУ-ын хооронд 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоожээ. Тухайн үед БНЭУ нь манай улсыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орон байсны зэрэгцээ манай улсыг НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн түүхтэй. Монгол Улс, БНЭУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улс тунхагласны 76  жилийн ойн баярын үеэр Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын Дарга Н.Учрал, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Атул Малхари Готсурве нар дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг албан ёсоор нээж, 70 жилийн ойн логог танилцуулсан юм. 

    Монгол-Энэтхэгийн харилцаа олон мянган жилийн түүхтэй. Хоёр улсын харилцаа холбооны талаарх түүхэн эх сурвалжуудын эхнийх нь Хүн гүрний үе буюу МЭӨ 209 оны үед хамаардаг. Хожим нь Монголд буддын шашин хүчтэй дэлгэрснээр хоёр орны хоорондох хэлхээ улам бэхжсэн түүхтэй. Улмаар нэг шашны нийтлэг үнэт зүйлийн дор нэгдсэн хоёр орны хооронд соёл, боловсрол болон шинжлэх ухааны хэлхээ холбоо гүнзгийрч эхэлсэн бөгөөд үүнээс улбаалан Монгол улс Энэтхэг улсыг өөрийн “Оюун санааны хөрш” хэмээн нэгэнтээ тодорхойлсон байдаг. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, профессор Нямдаваагийн яриаг сонсгоё.

Нямдаваа: Монгол-Энэтхэгийн харилцаа хамтын ажиллагааны талаар Монгол Энэтхэгийн эрдэмтэд тодорхойлохдоо, 4000-гаад жилийн түүхтэй, эртний хэлхээ холбоотой гэж үздэг. Албан ёсны бичиг баримтад 2700 орчим жилийн түүхтэй гэж үздэг. Хүннүчүүд Энэтхэг болон Персийн оронд Хүннүгийн эзэнт гүрнийг байгуулж байсан түүхтэй. Үүнийг баталгаажуулсан баримт гэвэл Энэтхэгийн хоёр төв мужаас олдсон хадны зургуудыг нэрлэж болно. Тэр хадны зурагт одоогоос 2500-гаас 600 жилийн өмнөх үед Монголын эзэнт гүрний монголчууд энд амьдарч байсныг харуулсан байдаг. Хүннүгийн эзэнт улсын үед хэдэн зуун мянган монголчууд төв Азиар дамжин Энэтхэгт орж ирсэн. Энэтхэгийн зүүн хойд хэсгийн 8 мужид 30 орчим сая орчим өөрсдийгөө монгол гэж үздэг, монгол гаралтай хүмүүс байдаг. Бид нартай амьдрал ахуйн талаар ямар ижил төсөөтэй зүйлүүд байгаа талаар манай эрдэмтэд болоод би бас судалгаа хийж, 60 гаруй ижил төсөөтэй зүйлүүд  байгааг олж тогтоосон. Тухайлбал, эрийн гурван наадам хийх, овоогоо тахих, бөө буух, хурдан морь уралдуулах, поло тоглолт хийх зэрэг ийм зүйлүүд үлдсэн байгаа юм. Энэ бол манай хоёр орны бас нэгэн эртний хэлхээ холбоо юм.    

   Монгол Энэтхэг хоёр орны орчин үеийн харилцааг 1955 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тооцдог. Социалист бус улс орнуудаас хамгийн анх Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн улс нь Энэтхэг юм. Түүнээс хойш хоёр улс олон улсын тавцанд нэг бус удаа бие, биенээ түшиж тулсан түүх бий. Хоёр орны хооронд албан ёсоор дипломат харилцаа тогтсоноос хойш 40 гаруй өндөр дээд хэмжээний харилцан айлчлал хийж, 50 гаруй хамтын ажиллагааны санамж бичиг болон гэрээ, хэлэлцээрүүд байгуулжээ. Ингээд та бүхэнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Атул Малхари Готсурве-ийн яриаг хүргэе.  

Элчин сайд Атул Малхари Готсурве: Энэтхэг – Монгол улсууд стратегийн түнш, оюун санааны ахан дүүс, гуравдагч хөрш орнууд. Манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн байдлаар манай хоёр улс 3 томоохон төсөл дээр хамтран ажиллаж байна. Үүний нэг нь Энэтхэгийн засгийн газрын 1,7 тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймагт баригдаж байгаа “Газрын тос боловсруулах үйлдвэр” юм. Энэхүү үйлдвэр 2026 оны төгсгөл эсвэл 2027 оны эхэнд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Дараагийн төсөл нь мэдээллийн технологи, сайбер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Энэтхэг улсын 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн дэргэд Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологи, Аутсорсингийн Сургалтын төв юм. Тус төвийг 2025 оны сүүлээр ашиглалтад оруулснаар жил бүр 800 орчим оюутан мэдээллийн сүүлийн үеийн технологийн сургалтад хамрагдах боломжтой болох юм. Боловсролын салбарын хамтын ажиллагаа эрчимтэй явж байгаагийн нэг жишээ бол Энэтхэг улсаас олгож буй 5.277 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Зайсангийн аманд Энэтхэг-Монголын Найрамдлын Ерөнхий боловсролын сургууль барьж байгуулах төслийн ажил юм. Тус сургуулийг 2026 оны 9-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа

- Democracy буюу Ардчилал,

- Dharma буюу Шашин,

- Development Partnership буюу Хөгжлийн Түншлэл 

- Digital Development буюу Цахим Хөгжил гэсэн 4D багана дээр суурилж байна.

       2015 оны 5-р сард Энэтхэгийн Ерөнхий сайд ноён Нарендра Модигийн хийсэн айлчлалын үеэр олон салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар манай хоёр орны харилцаа шинэ түвшинд гарч хоёр талт найрсаг харилцаа олон салбарт өргөжин тэлж байна.

   Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагааны хүрээн дэх нэгэн чухал салбар бол батлан хамгаалахын салбар юм. Энэтхэг улс Монгол улсын цэрэг зэвсэглэлийн техникийг шинэчлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал батлан хамгаалахын салбарт Монголд зохион байгуулдаг энхийг сахиулах олон улсын “Хааны Эрэлд” сургуулилтад Энэтхэг улс тогтмол оролцдог юм. 2024 оны сургуулилтад Энэтхэг Улс хамгийн их оролцогчтойгоор буюу зэвсэгт хүчний 40 бие бүрэлдэхүүнтэй оролцсон. Мөн Энэтхэгт жил бүр зохиогддог “Нүүдэлчин Заан” хамтарсан цэргийн сургуулилтад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн амжилттай оролцсоор ирсэн. Түүнчлэн 2022 онд Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн дэргэд Кибер аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулж, тохижуулахад Энэтхэг Улс дэмжлэг үзүүлж, Монголын Зэвсэгт хүчний офицеруудыг кибер аюулгүй байдал болон бусад техникийн чиглэлээр сургахад сургагч багш нарыг урьж ажиллуулж байна. Мөн Хил Хамгаалах Ерөнхий Газарт удирдлагын төвийн дэд бүтцийг хөгжүүлэхэд буцалтгүй тусламж үзүүлжээ.

       Монгол-Энэтхэг хоёр улс Буддын шашнаар дамжин ирсэн соёл иргэншлийн өнө эртний хэлхээ холбоотой “оюун санааны хөрш” гэдэг утгаараа соёлын харилцаа нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны нэгэн томоохон салбарт тооцогддог. Энэ ч утгаараа соёл, боловсролын салбарт олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. 2023 онд 100 багц, тус бүр 108 боть Монгол Ганжуурыг Энэтхэгт дахин хэвлүүлж, Монголын хийдүүдэд хүлээлгэн өгчээ. Мөн Монголын лам хуврагууд, эрдэмтэд Буддын шашинтай холбоотой ариун дагшин газруудад очиж, Буддын шашны чуулга, уулзалтуудад оролцож байна. 2022 онд Бурхан багшийн рэнсрэлийг Энэтхэг улсаас Монголд авчирч залсан бөгөөд 2025 оны 6-р сард Бурхан багшийн хоёр шавь болох Шарипутра, Модгальяна нарын рэнсрэлийг Монголд авчрахаар төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн жил бүрийн 6-р сарын 21-нд Олон улсын Иогийн Өдрийг Монголын Иогчдын Холбоотой хамтран өргөн хүрээнд уламжлал болгон тэмдэглэдэг билээ.

       Энэтхэгийн Техник, Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд жил бүр 150-200 орчим Монгол иргэд мэдээллийн технологи, англи хэл, нягтлан бодох бүртгэл, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, санхүү, батлан хамгаалах зэрэг олон чиглэлээр бүрэн санхүүжилттэй богино хугацааны тэтгэлгээр Энэтхэгт суралцуулдаг.

     Сүүлийн жилүүдэд Монгол-Энэтхэгийн худалдаа, эдийн засгийн харилцаа нэлээд эрчимжиж байна. Манай улс Энэтхэгээс төрөл бүрийн эм, эмийн түүхий эд, хүнд машин механизм, түүний тоног төхөөрөмж, шүлхийн вакцин зэргийг авдаг. Харин Энэтхэг улс манай улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал, коксжих нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал, уран, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал, ноос ноолуур авахыг сонирхдог. 

Элчин сайд Атул Малхари Готсурве: Монгол-Энэтхэгийн хооронд шууд нислэгтэй болох тал дээр бид ажиллаж байна. Тээвэр ложистикийн асуудлыг шийдсэнээр манай хоёр орны худалдаа, эдийн засгийн эргэлт сайжирна. Шууд нуслэгтэй болвол тээврийн зардал ч дагаад буурна гэсэн үг. Монголчууд Энэтхэг рүү шашны эргэл мөргөлчид, эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр гол төлөв аялдаг. Бид энэ цаашид Энэтхэгээс Монголд аялах аялал жуулчлалыг нэмэгдүүлэх талаар ажиллаж байна. Энэ хүрээнд хоёр орны аялал жуулчлалын хамтарсан уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулж байна.

       Улаанбаатар хотноо хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлэгдлийг харуулсан түүх дурсгалын хөшөө цогцолбор олон бий. Түүний нэг нь Махатма Гандигийн гудамж болон хөшөө юм. Энэтхэгийн хүчирхэг удирдагчийн нэг байсан Махатма Ганди нь хүч хэрэглэхгүйгээр эвийг эрхэмлэгч улс төрч гэдгээрээ дэлхий дахинд алдаршсан билээ. Харин Энэтхэгийн Нью Дели хотноо Улаанбаатар гудамж, Монголпури район байдаг. Түүнчлэн жил бүр манай улсад “Ганга мөрний уянга” энэтхэг бүжгийн тэмцээн  зохиогддог бөгөөд сүүлийн үед энэтхэг бүжгийг монгол охид бүсгүйчүүд ихээр сонирхох болжээ. Мөн хинди хэлний дугуйлан олноор нээгдсэн нь Энэтхэгийн хэл соёлыг сонирхогч монгол хүүхэд залууст бас нэгэн боломж олгож байна. 

Үе үийн элчин сайдууд тухайн орны ард түмэнд хийсэн бүтээснээрээ танигддаг бичигдээгүй хуультай. Монгол оронд гадаадын эрдэм чадалтай олон элчин сайд ажиллаж байснаас монголчууд бид Энэтхэгийн элчин сайдаар 1989-1999 онд ажиллаж байсан Бакула Ринбүүчи гуайг сайн мэддэг. Бакула багш бол Монгол орон даяар алдраа цуурайтуулсан хүн.   

        Аливаа улсыг төлөөлөн суугаа элчин сайдын яамыг ямар нэгэн бичиг баримт хөөцөлдөх, виз гаргуулах гэж ихэвчлэн зорьдог. Тэгвэл Монгол хүн Энэтхэгийн элчин сайдыг зовлон жаргалаа хуваалцаж, мэдэхгүй зүйлээ асууж зөвлөх, бурхны авшиг авахын тулд зорьж очдог байсан тухай эргэн дурсахад таатай байна.

       Ийнхүү Монгол–Энэтхэг хоёр ард түмэн газар зүйн хувьд хол оршдог ч сэтгэл санаа, соёлын хувьд ойр байдаг оюуны хөрш орнууд билээ.

 

Үзсэн: 953

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна