Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-01-2025
монгол

Шинэ мэдээ

БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко-гийн мэндчилгээ


Densmaa 2024-12-31 02:12

Монгол-Польшийн худалдааны эргэлт 100 сая ам. доллар байна.

      Орчин цагийн Монгол-Польшийн харилцааны түүх Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа 1950 оны 4 дүгээр сарын 14-нд тогтоосноор эхэлдэг. Манай улс 1959 онд Варшавт, польшийн тал 1960 онд Улаанбаатарт ЭСЯ-аа тус тус нээжээ. Тэр цагаас хойш манай хоёр орон улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалахын салбарт хамтран ажилласаар ирсэн. Монгол Польш хоёр орон ардчилсан тогтолцоонд шилжсэн үеэс хойш буюу 1990 оноос эхлэн бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ зарчимд нийцүүлэн сэргээх чиглэлд ажилласаар ирсний илэрхийлэл бол өндөр дээд түвшний харилцан айлчлал, яриа, хэлэлцээрүүд юм. 2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нар төрийн айлчлал хийсэн нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болсон юм.

Та бүхэнд БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко-гийн шинэ оны мэндчилгээг уламжилъя.

Польш, Монгол улсууд харилцааны түүх XIII зуунаас эхтэй. XX зууны түүхээс дурдвал Монгол улсыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг Польш юм.  1950-аад оноос Польш Элчин сайдын яамаа Монголд нээж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2021 онд бид Элчин сайдын яамаа дахин нээсэн. Европын орнууд дундаас манай хоёр орны харилцаа хамгийн сайн байдаг гэж гэж болно.

Улирч буй 2024 он манай хоёр орны харилцаанд эерэг сайн жил болж өнгөрлөө. Худалдааны эргэлтийг бид 100 сая ам. долларт хэвээр хадгалж чадлаа. Манай Элчин сайдын яамны зүгээс 2024 онд хэд хэдэн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тухайлбал 5 дугаар сард бид Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС дээр зохион байгуулсан. Энэ хуралд Польшоос олон эрдэм профессорууд ирж оролцлоо. Мөн Польшийн нэлээд хэдэн компани Хархоринд байгуулах шинэ нийслэлийн тендерт оролцлоо. Дөнгөж саяхан 12 дугаар сарын 16-нд Улаанбаатар хот дахь Польшийн Элчин сайдын яам, Монгол Улсын Консерватортой хамтран зохион байгуулсан Шопены нэрэмжит Олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдааны дүнгээ амжилттай гаргалаа. Энэхүү уралдаанд Азийн төдийгүй бусад олон орноос анх удаа 100 гаруй төгөлдөр хуурчид оролцсон нь тэмдэглүүштэй үйл явдал болсон юм. Ингээд 12 дугаар сарын 16-нд уралдааны шилдэг 16 төгөлдөр хуурчдын гала концертыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Ирж буй 2025 онд ч бид олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд ирэх онд миний бие хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам бүр ойртуулан, хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно гэдгээ илэрхийлмээр байна. Польш улс, польшийн ард түмэн монголчуудын дотны анд нөхөр юм.

Энэ ялдамд Монголын ард түмэнд ирж буй 2025 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Үзсэн: 2912

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна