Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-01-2025
монгол

Шинэ мэдээ

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит-ийн мэндчилгээ


Densmaa 2024-12-31 02:12

Австрали улс нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь манай чухал түнш, гуравдагч хөрш, томоохон хөрөнгө оруулагч орны нэг юм.

     Монгол Улс Австрали Улстай 1972 оны 9 дүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон. Өнөөдөр Австрали улс нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь манай чухал түнш, гуравдагч хөрш, Монгол улс дахь томоохон хөрөнгө оруулагч орны нэг болжээ. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын 5 дугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдаж, хоёр улсын хоорондын “Өргөтгөсөн түншлэл”-ийн хүрээнд хоёр талын худалдаа, боловсрол, батлан хамгаалах, аюулгүй байдал, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хөгжил, боломжуудын талаар санал солилцсон юм. Харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж байгааг харгалзан Австрали, Монгол хоёр улс “Иж бүрэн түншлэл”-д хүргэх баримт бичгийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, дээд, өндөр түвшний айлчлалын хүрээнд тунхаглан зарлаж, харилцааны түүхэн шинэ хуудсыг нээх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаа уулзалтын үеэр нотлож байлаа. Боловсролын салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа билээ. Австрали Улс 2024 онд тэтгэлгээ 50 хувиар өсгөсөн бөгөөд цаашид энэ тоог улам бүр өсгөх зорилт тавьжээ. Австрали, Монгол хоёр улс мөн жендерийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо, уур амьсгалын өөрчлөлт, залуучуудыг чадавхжуулах чиглэлээр эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжихэд хамтран ажиллаж байна.

Одоо та бүхэнд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэйти Смит-ийн мэндчилгээг хүргэе.

Сайн байна уу,

Австралийн Элчин Сайдын Яамны зүгээс Монголчууд та бүхэнд шинэ оны баярын мэнд хүргэе. 2024 он Австрали-Монголын харилцаанд нэн чухал үе болон өнгөрлөө.

Австрали Улсын Парламентын Сенатын Ерөнхийлөгч хатагтай Сью Лаянс болон парламентын төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлал нь манай хоёр орны харилцааг улам бэхжүүлсэн чухал ач холбогдолтой айлчлал боллоо.

Австралийн Жендэрийн эрх тэгш байдлын асуудал эрхэлсэн Элчин сайд Стефани Копус Кэмпбэлл Монгол Улсад зохион байгуулагдсан "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-д оролцож, Австрали Улс жендэрийн эрх тэгш байдлын төлөө тууштай ажиллаж байгааг дахин батлав. Энэ онд Улаанбаатар хотноо манай хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын 5 дугаар зөвлөлдөх уулзалт, Батлан хамгаалах яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалтыг тус тус амжилттай зохион байгуулсан. Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, Австрали Улсад зохион байгуулагдсан “IMARC 2024” Олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалтад Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Мөн 2024 онд Австрали Улс, Монгол Улстай агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зуран, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүллээ. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр хүртэгчдийн тоо нэмэгдсэнээр боловсрол, иргэд хоорондын харилцаа бэхэжсээр байна.

Австралийн сайн дурын ажилтнууд Монгол Улсад хувь нэмрээ оруулж, Шинэ Коломбо Төлөвлөгөө хөтөлбөрийн хүрээнд 40 оюутан Монгол Улсад ирээд буцлаа. Австрали Улс энэ онд хөгжлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн билээ. Бид Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбар, эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэхээр шинээр хамтын ажиллагааны гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.

2024 онд бидэнтэй хамтран ажилласан бүх түнш байгууллагууд, хамт олон, Монголын иргэд та бүхэнд талархал илэрхийлье. Ирэх 2025 онд бид Монгол Улстай түншлэлээ үргэлжлүүлэн улам бэхжүүлэх болно.

 Шинэ оны мэнд хүргэе.

Үзсэн: 2907

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна