Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-01-2025
монгол

Шинэ мэдээ

БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринг Пэрера


Densmaa 2024-12-31 02:12

2025 онд Монгол-Францын хооронд дипломат харилцааны тогтоосны 60 жилийн ой тохионо.

    XIII зууны дунд үед Францын Гэгээн Луй ван өөрийн элч төлөөлөгчийг Монгоын их хааны сууж байсан Хархорум хот руу илгээж байсан нь Монгол, Франц хоёр орны хоорондох анхны дипломат харилцаа байсан гэж судлаачид үздэг. Элч төлөөлөгчөөр нилээд туршлага бүхий Плано де Карпини томилогдож, Хархорум хотноо Гүюгийг хаан ширээнд өргөмжлөх ёслолын ажиллагаанд оролцож байсан бол хоёр дахь удаад вангийн дотнын анд Вилгельм де Рубрукаар ахлуулсан аяллын баг Монголд ирж байсан байна. Харин хоёр улсын дипломат харилцаа тогтоосон түүх 1965 оноос эхэлдэг. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хурдацтайгаар хөгжиж, өндөр дээд хэмжээнд хүрсний илэрхийлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 5 дугаар сард төрийн айлчлал хийсэн явдал юм. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал гэдгээрээ онцлог байсан бол  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, 2023 оны 10 дугаар сард Бүгд найрамдах Франц улсад хариу Төрийн айлчлал  хийсэн юм. Эдгээр айлчлал хоёр улсын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, өндөр технологи, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг ойртуулан дотносуулах тохиролцоо хийж чадсан түүхэн ач холбогдолтой айлчлал байсан юм. 2024 оны хувьд харилцаа улам бүр эрчимжиж, Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болсон зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт оролцсон юм.

Та бүхэнд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринг Пэрера-гийн мэндчилгээг хүргэе.

    2025 оноо угтах гэж буй энэ мөчийг тохиолдуулан Монголын ард түмэн, төр засгийн удирдлагууд та бүхэнд чин сэтгэлийн халуун мэнд дэвшүүлэн мэндчилье. 2024 он бол өмнөх 2023 онд хоёр улсын харилцаанд үүссэн онцгой динамикийг үргэлжлүүлэн хоёр талт хамтын ажиллагаанд нэн чухал эрх хүчийг нэмсэн жил болж өнгөрлөө. Хоёр улсын Төрийн өндөр дээд түвшин дэх харилцаа идэвхтэй өрнөлөө.

Иргэний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, тээвэр, хотын хөгжил, эрчим хүч зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, гүнзгийрүүлж чадлаа. Өнгөрсөн 10 дугаар сард болсон франц компаниудын төлөөлөгчдийн айлчлалын дүнд хамтын ажиллагааны шинэ замуудыг тодорхойлж, худалдаа эдийн засгийн харилцаа өсөн нэмэгдсээр байна.

Олон улсын харилцааны сэдэв төвөгтэй хэвээр үргэлжилсээр, ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нийтлэг сорилтуудын өмнө ирээд буй энэ цаг үед бид урьд урьдынхаас ч илүү хүчээ нэгтгэх шаардлагатай болоод байна.

Ирэх 2025 онд бид хоёр улсынхаа дипломат харилцааны 60 жилийн ойг тэмдэглэнэ. Бид хамтдаа харилцан ашигтай, ард иргэдийнхээ төлөөх хамтын ажиллагаа,  түншлэлээ цаашид улам гүнзгийрүүлж авч явна гэдэгт итгэл дүүрэн байна.

Шинэ оны мэнд хүргэе !

Үзсэн: 2914

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна