БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийн шинэ жилийн мэндчилгээ
2024 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиолоо.
Бүгд Найрамдах Турк Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш орны нэг бөгөөд хоёр орон 1969 онд дипломат харилцаа тогтоосон. Гэхдээ манай хоёр орны харилцаа зөвхөн дипломат харилцаа тогтоосон 50 гаруй жилээр хязгаарлагдахгүй юм. Манай тооллын өмнөх III зуунд байгуулагдан хүчирхэгжсэн Хүннү гүрний бүрэлдэхүүнд монгол, түрэг аймгууд багтаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тиймдээ ч орны түүх, археологийн олдворуудын хамтарсан судалгааны ажил сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Мөн Хөшөө цайдам дахь Түрэгийн үеийн хөшөөний музейтэй нэгэн ижлээр Мэргэн Тоньюкукийн музейг барьж байгуулах ажил ид үргэлжилж байгааг дурдаж болно. Боловсролын салбарт 1992 оноос Турк улсын Засгийн газрын тэтгэлгээр монгол оюутнуудыг Турк улсад суралцуулж байна. Тухайн үед оюутны тоо 30 орчим байсан бол дээрх тоог ойрын үед 100-д хүргэхээр ажиллаж байна. 2012 оноос Турк улсын иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрланс” компани Улаанбаатар-Станбулын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлснээр хоёр улсын хоорондох эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа улам идэвхжиж, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа сайжирч, дэд бүтцийн харилцаанд түлхэц өгсөн. 2014 онд хоёр орны иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болсон. Ингэснээр мөн хоёр орны хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэж, аялал жуулчлалын салбар илүү хөгжиж байгаа юм. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Зафер Атеш хоёр талын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг дүгнэн хэлэхдээ, Монгол Улс, Турк Улс Иж бүрэн түншлэлийн харилцаагаа цааш ахиулж, Стратегийн түншлэлийн харилцаанд орох бүрэн боломжтойг хоёр тал илэрхийлээд байгаа гэсэн юм.
Одоо та бүхэнд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийн шинэ жилийн мэндчилгээг хүргэе.
Юуны өмнө найрсаг, ахан дүүсийн харилцаатай Монголын ард түмэнд шинэ оны мэндийг чин сэтгэлийн ерөөл, хүндэтгэл, хайрын хамт өргөн дэвшүүлье. Үдэж буй 2024 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиолоо. Энэ хүрээнд бид олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Эдгээр нь бидний хамтын ажиллагаа, харилцааг улам бүр өнгөлж өглөө. Хоёр улс ирээдүйгээ итгэлтэйгээр харж байна. Бидний харилцаа салбар бүрт урагш тэмүүлэн хөгжсөөр байна.
Бид энэ жил өндөр түвшний олон айлчлалуудыг хэрэгжүүлсэн. УИХ, Засгийн газар болон төрийн дээд албан байгууллагуудын түвшинд олон уулзалт, хурал, хэлэлцээрийг зохион байгууллаа. Мөн зарим гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, төслүүдийг хэрэгжүүлсэн.
Хоёр орны харилцаа ирэх онд ч мөн адил хурдтайгаар урагшилна гэж найдаж байна. Бид одоогоор хоёр улсын хооронд төрийн дээд түвшний айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэ айлчлалын хүрээнд найрсаг, ахан дүүсийн харилцаатай хоёр орны харилцааг улам өндөр түвшинд гаргана гэдэгт бид итгэл төгс байна. Ирэх онд хоёр орны Засгийн газар хоорондын Эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны хуралдааныг хийнэ. Үүгээр чухал шийдвэрүүд гаргахыг зорьж байна. Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд ихээхэн ахицтай байгаа. Бид дөрвөн жилийн өмнө 40 орчим сая ам. долларт хэлбэлзэж байсан худалдааны эргэлтийн хэмжээг энэ оны эцэс гэхэд 120 сая ам. Долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа.
Өнгөрсөн онд бид цагдаа, цэрэг, аюулгүй байдлын чиглэлээр холбогдох албан байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлсэн. Хоёр улсад зохион байгуулагдсан цэргийн сургуулилтиудад харилцан оролцсон. Ирэх онд Монгол Улсаас зохион байгуулдаг “Хааны эрэл”, Турк Улсаас зохион байгуулдаг “Анатолия ба Эфес” зэрэг цэргийн сургуулилтуудад ч мөн харилцан оролцохоор төлөвлөж байна.
Хоёр улсын хооронд олон зуун жилийн тэртээгээс улбаатай найрсаг, ахан дүүсийн харилцаа оршиж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Энэ нь бидний харилцаанд маш бат бөх үндэс суурь болж өгдөг. Тийм ч учраас бид хамтын ирээдүйгээ итгэлтэйгээр харж байгаа юм. Хоёр орны хамтын ажиллагааны өмнө ямарваа нэгэн саад бэрхшээл байхгүй ба хамтын ажиллагааг бүхий л салбар хөгжүүлэх өргөн боломж байгааг ажиглахад их баяртай байдаг.
Хоёр улсын хоорондын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг аль болох ойрын хугацаанд анхны боломжоор “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх хүсэл эрмэлзэл бидэнд бий. Одоогоор бид ширээний ард олон гэрээ хэлэлцээрүүдийг бэлдэж байна. Бид удахгүй эдгээр гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, хэрэгжүүлэх болно.
Үгийнхээ төгсгөлд нэг зүйлийг мөн дурдмаар байна. Миний бие Монгол Улс дахь албан үүргийнхээ дөрвөн жилийн хугацааг удахгүй дуусгаад хайрт Монгол орныг орхин эх орондоо буцах өдөр дөхөж байна. Хэдий яг хугацаа нь тодорхойгүй байгаа ч гэсэн ойрын хэдэн сард би үүрэгт ажлаа дуусгаад эх орондоо буцах болно. Энэ нь миний хувьд багагүй гуниг төрүүлж байгааг нуух юун. Яагаад гэвэл би Монголын сайхан орон, Монголын ард түмнийг хайрлаж хүндэлдэг. Би энд гэртээ байгаа мэт байлаа. Монголын ард түмний зочломтгой сайхан чанараас би маш их сэтгэл ханамж, аз жаргалыг мэдэрч байлаа. Тиймээс Монгол орон миний зүрх сэтгэлд үргэлж онцгой байр суурийн эзлэх болно. Би Монгол Улсад томилогдон ирэхээсээ өмнө ч Монгол орныг, Монголын ард түмэн болон монголын агуу түүх соёлыг хүндэлж, хайрладаг байсан. Монголд ирээд дөрвөн жил ажиллах хугацаандаа энэ сайхан орныг илүү их хайрлаж, хүндлэх болсон юм.
Энэ завшааныг тохиолдуулан Монгол Улсад ажиллах хугацаанд надад гэртээ байгаа мэт сэтгэгдлийг төрүүлсэн Монголын төр засаг болон ард түмэнд гүн талархал илэрхийлье. Хоёр орны ганхашгүй харилцаа, хэлхээ холбоо ойрын жилүүдэд ч улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дахин хэлмээр байна.
Ингээд Монголд амьдарч буй Туркийн иргэд болон Монгол анд нөхөддөө ирж буй шинэ оны мэндийг хүргэхийн ялдамд эрүүл энх, аз жаргалтай, амар амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Маш их баярлалаа.
Үзсэн: 2931
Tweet