БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань-ний мэндчилгээ
Элчин сайд хадагтай Шэнь Миньжуань: 2024 онд БНХАУ-аас Монголд хийсэн хөрөнгө оруулалт 50 хувиар, Монгол улсад ирэх Хятад жуулчдын тоо хоёр дахин тус тус өслөө.
2024 оны хувьд Монгол Улс, БНХАУ хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дээд түвшний уулзалтууд идэвхтэй өрнөсөн жил байлаа. Томоохон айлчлал, уулзалт, яриа хэлэлцээнээс жишээлбэл, Mонгол Улсын Засгийн газрын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань Жөн 2024 оны 9 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан. Энэхүү айлчлалыг Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хийсэн гэдгээрээ онцлогтой. Айлчлалын үеэр талууд хоёр орны улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон юм. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Шанхай хотноо албан ёсны уулзалт хийсэн. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, 8 баримт бичигт гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгосон юм. Үүнд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийг хэрэгжүүлэх 253 сая ам.долларын санхүүжилт, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих хэлэлцээр зэрэг стратегийн хувьд ач холбогдолтой гэрээнүүд багтсан юм. Мөн харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулснаар нийт 20,9 сая ам.долларын санхүүжилтээр холбооны шугам, сүлжээг шинэчлэх, сумдыг шилэн кабелиар холбох төслийг “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХК хэрэгжүүлэх юм.
Одоо та бүхэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хадагтай Шэнь Миньжуань-ний мэндчилгээг хүлээн авна уу.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг бидэнтэй хамт тэмдэглэн өнгөрүүлсэн хийгээд хоёр талын худалдаа 13 хувиар, Монголд хийсэн хөрөнгө оруулалт 50 хувиар, Монгол улсад ирэх Хятад жуулчдын тоо хоёр дахин тус тус өссөнийг хамтдаа гэрчилсэн Монголын салбар бүрийн найз нөхөддөө талархал илэрхийлье.
Монгол Улс шинэ Засгийн газраа байгуулж, үндэсний бүтээн байгуулалтын шинэ шатанд орсонд баяртай байна. Ирэх жилийг Монгол Улс "Залуучуудын жил" болгон зарласан, миний бие хоёр орны харилцаа эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд хоёр орны залуучуудын харилцаа, солилцоо улам бүр нэмэгдэнэ гэдэг хүлээлттэй байна.
Ирж буй Модон могой жил Монгол Улсын өлзий билэг дүүрэн, хөгжил дэвшил улам цэцэглэн бадарч байхын ерөөлийг дэвшүүлье.
Та бүхэнд шинэ ондоо шинэ амжилттай байж, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе.
Үзсэн: 1263
Tweet