Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-01-2025
монгол

Шинэ мэдээ

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанган-ы мэндчилгээ


Densmaa 2024-12-31 02:12

2024 онд Вашингтон хотноо Монгол, АНУ-ын хооронд анх удаа Стратегийн иж бүрэн яриа хэлэлцээг эхлүүллээ

   1987 оны 1-р сарын 27-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Гэндэнгийн Нямдоо нар хоёр улсын хооронд "Дипломат харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичиг"-т гарын үсэг зурснаар Монгол Улс АНУ-тай албан ёсоор дипломат харилцаа тогтоожээ. Энэ цагаас хойш хоёр орны харилцаа хамтын ажиллагаа салбар бүрт өргөжин тэлсээр, 2019 оны зун хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тунхаглан зарласан юм. Америкийн тал Монгол Улсыг 17 дахь стратегийн түншээрээ ийнхүү сонгосон нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өндөрт өргөлөө гэж олон улсын шинжээчид дүгнэсэн байдаг. Өнгөрч буй онд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хоёрдугаар Эрчим хүчний яриа хэлэлцээг 10 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулсан нь 2024 оны бас нэгэн онцлох үйл явдал байлаа. Тус яриа хэлэлцээ дэлхий дахинд идэвхтэй яригдаж буй цэвэр эрчим хүчний шилжилт, нэн чухал эрдэс баялаг, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд өрнөсөн.  Мөн Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх замаар цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжихтэй холбоотой хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монголын эрчим хүчний салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд америкийн талаас дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон юм. Яриа хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад тогтвортой, үр ашигтай, өрсөлдөх чадвартай эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, нар, салхи, усны нөөц болон цэвэр эрчим хүчний дэвшилтэт технологийг зохистой ашиглах чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон юм.

Та бүхэнд одоо Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанган-ы мэндчилгээг хүргэе.

Сайн байцгаана уу. Жилийн энэ онцгой цаг үед нийт монголчууддаа Америкийн Нэгдсэн Улс болон Элчин сайдын яамныхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Бид 2024 оноо эргэцүүлэх зуур манай хоёр орны харилцаанд гарсан гайхалтай ахиц дэвшлийн талаар бодож байна. Монгол Улс бол Азийн цээжин дэх ардчиллын гялалзсан үлгэр жишээ. АНУ Монголын гуравдагч хөрш, ардчилсан түнш гэдгээрээ бахархдаг. Бидний хамтын үнэт зүйлс биднийг урд өмнөхөөс илүүтэй ойртуулж, бидний хамтын ажиллагаа, солилцоо, яриа хэлэлцээний үндэс суурийг бүрдүүлдэг. Миний хувьд үзэсгэлэнт Монгол орны өнцөг булан бүрээр аялан явахдаа олон монголчуудтай танилцаж нөхөрлөсөндөө баярлаж байна. Та бүхний найрсаг зан, халуун сэтгэл, гайхалтай өөдрөг үзэл тань надад АНУ-Монголын харилцааг шинэ шатанд гаргахаар илүү хичээн ажиллах урам зориг өгсөөр байдаг. Та бүхэнтэй уулзаж, хөгжил дэвшил, бүтээлч байдлын тухай, эсвэл хэцүү бэрх сорилтыг даван туулах эрмэлзэл төгс түүхүүдийг сонсоод Монгол орны хувьд Энэтхэг-Номхон далайн бүс дэх эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч, ардчилсан улсын гэрэлт ирээдүй хүлээж буй гэдэг итгэл улам нэмэгддэг. 2024 онд бид манай хоёр орны гүн гүнзгий, тууштай харилцааг урагшлуулсан олон үйл явдал, ахиц дэвшлийн гэрч боллоо.

7 дугаар сард Вашингтон хотноо бид хоёр улсын хооронд анх удаа Стратегийн иж бүрэн яриа хэлэлцээг эхлүүлж, үүний дараахан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсад айлчилсан.

Бид Мянганы сорилтын сангийн Монголын усны компакт гэрээний Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажилдаа ахиц гаргасаар байна. Уг үйлдвэр нь Улаанбаатарын оршин суугчдын цэвэр усны хангамжийг 80 хувиар нэмэгдүүлнэ. Энэхүү төсөл батлагдсан төсөв болон хугацаандаа буюу ирэх жил дуусах хуваарьтай.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг өнгөрсөн өвлийн хахир хатуу зудад өртөж, хохирол амссан олон мянган малчдад тусламж үзүүллээ.

Энэ онд Энхтайвны корпусын сайн дурын ажилтны тоо улс даяар бараг хоёр дахин нэмэгджээ. Ойролцоогоор 60 сайн дурын ажилтан англи хэл зааж, 10 аймагт орон нутгийн хөгжлийн төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд илүү олон болно гэсэн хүлээлттэй байна.

Бид Монголын эдийн засгийн өсөлтийг доод шатнаас нь эхлэн дэмжиж байна. Тухайлбал, энэ жил АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламж болон Хөгжлийн санхүүжилтийн корпорацын хөрөнгө оруулалтаар 350 сая гаруй ам.долларыг эдийн засгийн төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулсан бөгөөд сүүлийн хэдэн жилд бид АНУ-Монголын харилцааны түүхэн дэх хамгийн их дэмжлэгийг Монголын хувийн хэвшилд үзүүлжээ. 

Өнгөрсөн хичээлийн жилд АНУ-д суралцаж буй Монгол оюутнуудын тоо 12.3 хувиар нэмэгджээ. АНУ-д бизнес хийх, суралцах, гэр бүлээрээ зочлох гээд олон монголчууд аялж байна. Мөн бид илүү олон монголчууд АНУ-д зорчоосой гэж хүсэж байгаа тул АНУ-д зорчих виз мэдүүлсэн Монгол Улсын бүх иргэд хариуцлагатай байж, АНУ-ын бүх хууль тогтоомжийг дагаж мөрдөх нь чухал юм.

Энэхүү ахиц дэвшил бүр нь Монгол, АНУ-ын найрамдалт харилцаа гүн гүнзгий, өргөн цар хүрээтэйг илтгэнэ. Манай хоёр орны харилцаа улам бүр өргөжиж, цэцэглэн хөгжихийн зэрэгцээ манай хоёр агуу ардчилсан орон урьд урьдынхаас илүү хүчирхэг түншүүд болно гэдэгт итгэлтэй байна. Бид ардчиллын үзэл санаа, хоёр ард түмнийхээ саруул ухаан, хүч чадал, эр зоригт итгэлтэй байж чадвал асар их дэвшилд хүрэх болно.

2025 онд та болон танай гэр бүл аз жаргал, хөгжил цэцэглэлт, эрүүл энх дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсыг бурхан ивээг. Америкийн Нэгдсэн Улсыг бурхан ивээх болтугай.

 

Үзсэн: 1264

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна