ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц-ын мэндчилгээ
Монгол Улсын гуравдагч хөрш ХБНГУ нь Европын орнуудаас стратегийн түншлэл байгуулсан анхдагч улс боллоо.
Монгол болон Германы харилцааны түүх тэртээх XIII зууны үеэс эхтэй бөгөөд хоёр улс шинэ цагийн холбоо харилцаагаа XX зууны эхэн үед тогтоож эхэлсэн байдаг. Монголчуудын хувьд Европын улсуудаас Германыг илүү сонирхож, холбоо тогтоох хүсэл эрмэлзлээ 1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдсаны дараахан Орос дахь албан ёсны төлөөлөгчдөөр нь дамжуулан илэрхийлж байжээ. Ингээд тэрхүү сонирхол нь биеллээ олж 1920-иод он гэхэд Германчууд Монголтой худалдаа арилжааны шугамаар холбогдож эхэлсэн байдаг. 1950 онд БНАГУ болон БНМАУ дипломат харилцаа тогтоосон бөгөөд хожмоо 1974 онд ХБНГУ-тай дипломат харилцаагаа эхлүүлсэн түүхтэй. 2024 он Монгол, Герман хоёр орны харилцаанд онцгой ач холбогдолтой жил боллоо. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Төрийн айлчлалын үеэр нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэн, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм. Ийнхүү Монгол Улсын гуравдагч хөрш ХБНГУ нь Европын орнуудаас стратегийн түншлэл байгуулсан анхдагч улс болсон юм.
Одоо та бүхэнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Кулитц-ын шинэ оны мэндчилгээг уламжилъя.
Эрхэм Хүндэт Ноёд Хатагтай нараа,
Шинэ он гарч байгаа энд мөчид танд болон таны гэр бүлд аз жаргал, амар амгалан, эрүүл мэндээр дүүрэн шинэ оныг хүсэн ерөөе.
Монгол Улс, Герман Улс мөн дэлхий дахины хувьд олон үйл явдал өрнөсөн, баялаг жил болж өнгөрлөө.
Олон сайхан үйл явдлын дунд бидний болон хүүхдүүдийнхээ ирээдүйд өөрийн эрхгүй сэтгэл эмзэглүүлэх үйл явдлууд ч боллоо.
Ирж буй шинэ он нь танд болон танай оронд сайн сайхан, бат бөх итгэлтэй байдлыг авчирч, хамтын хүчээр бүхий л сорилтуудыг даван туулж чадна гэх итгэл үнэмшлийг төрүүлэх болтугай.
Өнгөрч буй 2024 он нь Герман-Монголын харилцаанд онцгой жил байлаа, бид дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, хоёр талын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргалаа.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улс харилцаагаа стратегийн түншлэл болгон, хамтын ажиллагаагаа дахин нэг шат ахиуллаа.
Манай хоёр улс найрамдал, соёлын солилцоо, боловсрол, технологи болон эдийн засгийн хамтын ажиллагаагааны урт түүхтэй билээ.
Герман Улс нь Монгол Улсын хувьд найдвартай түнш хэвээр байж, бид хамтдаа цаг үеийн сорилтуудыг эрч хүч, эерэг сэтгэлтэйгээр даван туулсаар байх болно.
Ирж буй 2025 ондоо эрүүл мэнд, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Шинэ жилийн мэнд хүргэе.
Үзсэн: 1265
Tweet