БНИУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета-
Итали-Монгол хоёр орны дипломат харицаа тогтоосны 55 жилийн ой ирж буй 2025 онд тохионо
Монгол, Итали улсууд 1970 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч Ромын папын элч төлөөлөгч Плано Карпини болон Хубилай хааны дэргэд 17 жил алба хаасан Марко Поло нарын бичиж үлдээсэн дурсамжууд нь манай хоёр орны харилцаа эртнээс улбаатайг нотлон харуулдаг. Хоёр улсын хамтын харилцаа соёл шинжлэх ухаан, худалдаа бизнесийн салбарт түлхүү хөгжиж ирсэн бөгөөд 1990-ээд оны эхээр эдийн засаг хүнд байх үед Итали улсаас хүнсний буцалтгүй тусламж өгч, энэ үеийг даван туулахад тус дэм үзүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш Манай улсын эдийн засаг сэргэж, нийгэм эдийн засгийн тогвортой байдал бий болоход хоёр орны харилцаа хамтын ажиллагаа харилцан ашигтай худалдааны эргэлт бий болгох чиглэлд зорин ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 онд Итали Улсад хийсэн айлчалын үеэрээ Ром хотноо Элчин сайдын яамаа нээснээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, боловсрол зэрэг салбарт улам өргөжихөд чухал хувь нэмэр болжээ. Манай улс 1973 оноос эхлэн Италийн компаниудтай худалдааны салбарт хамтран ажиллаж эхэлжээ. Манай улс Итали улсаас тоног төхөөрөмж, үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, өргөн хэрэглээний зарим бараа болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг бол манай улс үхэр адууны боловсруулсан арьс шир, ноос ноолуур, савхин эдлэл голлон экспортолдог.
Ингээд та бүхэн Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета-гийн мэндчилгээг хүлээн авна уу.
Хүндэт монголын анд найз нар аа,
Сайн байна уу? Би Монголын сайхан оронд ирээд нэг жил орчим болж байна. Үнэхээр гайхалтай сайхан байна.
Манай хоёр улс соёлын болон түүхийн арвин баялаг нийтлэг үнэт өвтэй ард түмэн. Гэр бүл, ахуй амьдралын талаар үзэл баримтлал нь ч мөн төстэй. Би танай сайхан оронд ирсэндээ үнэхээр баяртай байна. Учир нь миний хувьд Элчин сайдаар томлогдсон анхны улс маань Монгол юм. Ийм сайхан орноор миний томилолт эхэлж байгаа нь гайхалтай хэрэг.
Итали-Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн саруудад эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэмээр байна. Соёлын хамтын ажиллагааны тал дээр л гэхэд Итали-Монгол хоёр орны соёлын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулах үйл явдлууд өрнөж байна. Бид Чингис хааны музейд нүүдлийн үзэсгэлэнг анх удаа гаргасан. Мөн барууны орнуудыг Азитай холбоход чухал үүрэг гүйцэтгэсэн анхны хүн болох Марко Пологийн үзэсгэлэнг анх удаа гаргалаа. Энэ нь Чингис хааны музейд дэлгэсэн анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн Монголын соёлын төвүүд Италийн Флоренц болон Парма хотод үүд хаалгаа нээсэн. Эдгээр соёлын төвүүдээр дамжуулан Монголын соёлыг Италид түгээх боломжтой болж байгаа юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мөн энд дурдмаар байна. Хоёр орны худалдханы эргэлт улам бүр өсөж байна.
Италиас Монгол руу чиглэсэн экспортын хэмжээ нэмэгдсээр байна. Энэ нь Итали-Монголын хамтран ажиллах эрэлт хэрэгцээ харилцан нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм. Мөн өнгөрсөн саруудад улс төрийн яриа хэлэлцээр хэрхэн өрнөсөн талаар дүгнэж хэлэхэд Монголын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Италид айлчилж, цаазаар авах ялын эсрэг олон улсын хуралд оролцсон. Энэ үеэрээ тэрээр Италийн Хууль зүй болон Дотоод хэргийн сайд нартай уулзалт яриа хэлэлцээр хийсэн. Мөн олон чухал уулзалт хийсэн. Түүнчлэн саяхан Сангийн яам болон Зам тээврийн яамны албаны төлөөлөгчид чухал айлчлал хийсэн. Энэ үеэр хоёр орны Иргэний нисэхийн байгууллагууд шууд нислэг үйлдэх гэрээ байгуулах анхны маш чухал яриа хэлэлцээ хийгдсэн. Итали-Монголын хооронд шууд нислэг үйлдэх гэрээг хоёр орны засгийн газрууд соёрхон батласнаар, хоёр орны иргэдийг улам бүр ойртуулах боломж тун удахгүй нээгдэнэ гэж найдаж байна.
Эцэст нь дүгнээд хэлэхэд Итали-Монгол хоёр орны дипломат харицаа тогтоосны 55 жилийн ой ирж буй 2025 онд тохионо. Бид энэхүү ойг ёслол төгөлдөр тэмдэглэнэ гэж төлөвлөөд байна. 2025 онд улс төрийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжиж, хоёр орны найрамдалт харилцааг бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.
Ингээд эрхэм хүндэт Монголын анд найз нараа, Та бүхэнд аз жаргал, инээд хөөр, эрүүл энхийг хүсэн ерөөе. Баярлалаа.
Үзсэн: 1260
Tweet