Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой болно
Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж нийгэмд манлайлж буй сэхээтэн, урлаг соёлын төлөөлөлтэй уулзав
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой энэ сарын 29-нд болохыг угтан, Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж нийгэмд манлайлж буй сэхээтэн, урлаг соёлын төлөөлөл, залуу үеийн эрдэмтэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр түүхэн үйл явдал, түүний ач холбогдол, өнөөгийн Монголын үнэт зүйлс, ирээдүйн сорилтуудын талаар өргөн хүрээтэй ярилцсан байна. Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ач холбогдлыг дурдаад, монголчуудын тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Богд хаант Монгол Улсыг байгуулсан түүхэн тэмцлийг онцолсон юм. Тэрбээр энэ түүхэн үйл явдал нь монгол үндэстний оюун санааны ухамсар, соёл, эв нэгдлийн үнэ цэнийг тод томруун харуулсан хэмээн тодотгожээ. Уулзалтад оролцсон залуу үеийн эрдэмтэд Монголын түүх, соёл, үндэсний хөгжилд тулгарч буй шинэ сорилтын талаар үзэл бодол, судалгаа, шинжилгээний дүнгээ танилцуулж, үндэсний ухамсрыг шинэ шатанд гаргах, орчин үеийн мэдлэгийг уламжлалтай хослуулан хөгжүүлэх талаар санал солилцов.
Үзсэн: 820
Tweet