Одоогоос 25 мянган жилийн өмнө Монгол нутагт амьдарч байсан эртний хүний шүд олджээ
Монгол-Польшийн хамтарсан археологийн багийн судалгааны үр дүнд энэхүү ховор олдворыг Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших “Хөтөл усны агуй”-аас олсон байна.
Монгол-Польшийн археологичдын хамтарсан судалгаа 2014 оноос эхэлжээ. 2015 онд Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Бүгд Найрамдах Польш Улсын Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэн хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурснаар говь-цөлийн бүс Говийн Алтайн уулсын зааг нутагт судалгааны ажлаа эхлүүлсэн байна. Улмаар хоёр хүрээлэн хамтран 2021 оноос эхлэн “Цахиуртын хөндий: эртний нуурууд, эртний агуйнууд” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус төслийнхөн Улаанбаатар хотоос өмнө зүгт 700 орчим км зайд, Өмнөговь аймгийн Булган, Сэврэй, Өвөрхангай аймгийн Богд сумдын зааг нутагт орших Арц Богдын нурууны өмнө орших 1995 онд Монгол-Орос-Америкийн “Монголын чулуун зэвсгийн үе” төслийнхний илрүүлэн олж судалсан “Цахиуртын хөндий”-н дурсгалт газрын эргэн тойронд нарийвчилсан хайгуул болон малтлага судалгааны ажлыг явуулж байгаа юм. Судалгааны явцад Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших “Хөтөл усны агуй” хэмээн нэрлэгдсэн эгц урагшаа харсан амтай жижгэвтэр агуйг илрүүлэн олж, малтан судлах явцад агуйн 7 дугаар соёлт давхаргаас эртний хүний яс олдсон байна.
Энэхүү олдвор нь одоогоос 25 мянган жилийн өмнөх үед холбогдож байгаа гэдгийг археологийн багийнхан хэлж байна. Уг шүд нь насанд хүрсэн хүний шүд аж. Энэ нь Монгол орны нутгаас олдсон плейстоцены үеийн хүний хоёр дахь олдвор бөгөөд малтлага судалгааны явцад олджээ. Эхнийх нь Хэнтий аймгийн Салхитын хүний гавлын ясны оройн хэсгийн олдвор байсан. Энэ удаагийн олдвор нь 25 мянган жилийн өмнө Монгол Алтайн нуруунд амьдарч байсан хүмүүсийн гарал үүслийн тухай асуултад хариулах ДНХ-ийн ирээдүйн судалгааны сэдэв болох маш чухал нээлт юм. Судалгааны үр дүнгээр Төв Азийн хатуу ширүүн энэхүү бүс нутагт плейстоцен болон голоцений эхэн үеийн эртний хүний бүлгэмүүдийн хэрхэн оршин тогтнож, дасан зохицож байсан талаарх ойлголтыг тайлбарлах боломжтой болоод байгаа тухай судлаачид өгүүлж байна. Мөн, сүүлийн таван жилийн хугацаанд Зүүн, хойд Азийн бүс нутгаас олдож буй анхны эртний хүний олдвор гэдгийг тус олдворын тухай хэвлэлийн бага хурлын үеэр судалгааны багийнхан онцолж байлаа. Уг хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич С. Дэмбэрэл, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph. D), дэд профессор Г. Эрэгзэн, “Чулуун зэвсгийн судалгаа”-ны салбарын эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор (Dr., Hab.), профессор Б. Гүнчинсүрэн, Бүгд Найрамдах Польш Улсын Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэнгийн захирал, түүхийн шинжлэх ухааны доктор (Dr., Hab.), профессор Мирослав Масойч нар археологийн хамтарсан багийн судалгааны ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Монгол-Польшийн хамтарсан баг археологи, палеоэкологийн судалгаандаа Цахиуртын-Хөндийн өмнөд хэсэгт орших хүний үйл ажиллагааны ул мөр бүхий хэд хэдэн эртний нууруудыг сонгон авчээ. Палеолитын үеэс шинэ чулуун зэвсгийн үеийг дуустал хугацаанд эртний нууруудын эрэгт хүн төрөлхтөн эрчимтэй суурьшсан байдаг. Хойд талаараа Цахиуртын хөндийг тойрсон Арц Богдын нурууны уулархаг бүсэд хийсэн судалгааны явцад шинээр томоохон дурсгалт газруудыг илрүүлэн олсон. Хөндийгөөс олон арван палеолитын үеийн нээлттэй суурингууд олдсон бөгөөд тэнд цахиураас гадна ногоон өнгийн кварцит, улаавтар хаш, хар өнгийн цахиур өөр төрлийн чулуугаар хийсэн зэвсгүүд ч олджээ. Түүнчлэн урьд өмнө нь огт тэмдэглэгдэж байгаагүй шохойн чулуун хурдас бүхий гурван агуйг илрүүлэн олсон байна. Ийнхүү "Хөтөл усны агуй" хэмээн нэрлэгдсэн хамгийн том агуйд нь малтлага судалгаа явуулсан бөгөөд малтлагын гүн 3,2 метрт хүрсэн. Одоогийн байдлаар 2-7 давхарга буюу зургаан соёлт давхаргыг бүртгэн баримтжуулаад байгаа аж. Тэдгээр соёлт давхарга бүрээс чулуун зэвсэг, амьтны үлдэгдэл яс мөн хэд хэдэн ясан чимэглэлийн зүйлс илрүүлэээд байгаа юм байна. 4 дүгээр давхаргын С14 шинжилгээний үр дүнгээс үзэхэд хамгийн эртний дөрвөн давхрага нь Сүүлчийн мөстлөгийн дээд хязгаартай холбоотой буюу НТӨ 28.952 - 27.854 жилд хамаарч болохыг харуулж байгаа гэнэ. Агуйн 7 дугаар соёлт давхаргаас олон тооны амьтны яс илрүүлэн олсныг ангилж үзвэл: монгол бөхөн, аргаль, тэмээ, зэрлэг илжиг зэрэг Cervidae, Canidae овгийн амьтад голлох байр суурийг эзлэж байна. Үүнтэй хамгийн ойрын ижил төрлийн жишээ бол Арц Богдын нуруунаас баруун зүгт орших Цагаан агуйн дурсгал юм.
Үзсэн: 6333
Tweet