Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20,21-12-2024
Монгол

Шинэ мэдээ

Монголын уран зургийн галерей “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийг амжилттай хэрэгжүүллээ


Densmaa 2024-12-09 03:12

Тус төслийн хүрээнд галын гэмтэлтэй 25 үнэт бүтээлийг дэвшилтэт технологи ашиглан сэргээн бүтээж, тусгай үзэсгэлэнг дэлгэн үзэгчдийн хүртээл болголоо.

       

      2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг гал түймэрт өртсөн харамсалтай үйл явдал болсон. Энэхүү галын аюулаар Монголын дүрслэх урлагийн сор болсон 1000 орчим бүтээл их бага хэмжээгээр галын гэмтэл авчээ. Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээлүүд байсан юм. Монголын уран зургийн галерей нь Монгол улсын орчин цагийн дүрслэх урлагийн түүчээ болсон галд өртсөн үнэт бүтээлийг авран хамгаалах зорилгоор сэргээн засварлах, сэргээн бүтээлгэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэ онд “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийг санаачлан хэрэгжүүлж олон нийтэд үр дүнгээ танилцууллаа. Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт бүтээлийг дэвшилтэт технологи ашиглан бодитоор харах боломжийг үзэгчдэд олгоход оршиж байна. “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын уран зургийн галерей, AR технологи хөгжүүлэлтийн ARGUN компани хамтран хэрэгжүүлжээ. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төрийн нарын бичгийн дарга А.Даваажаргал: Дэлхий нийтээрээ соёлын глобалчлалд өртөж, залуучууд маань цахим хэрэгслээр гадны соёлын мэдээллийг чөлөөтэй авдаг болчихсон энэ цаг үед үндэсний соёлын дархлаа заавал оршин тогтнох ёстой. Энэ үүднээс бид залуучуудын соёлын дархлааг бий болгох, бэхжүүлэх үүднээс зорилтот ажил арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн хүүхэд залуучуудад монголын үндэсний урлаг соёлын талаарх мэдлэг мэдээллийг олгох ажлуудыг хийж байна. Энэ удаад Монголын уран зургийн галерей AR-Gallery төслийг амжилттай хэрэгжүүллээ. AR-Gallery төслийн агуулга нь одоогоос 15 жилийн өмнө галд өртөж сүйдсэн 1000 орчим бүтээл байдаг. Эдгээр уран бүтээлийг тухайн үеийнх шиг нь сэргээн бүтээх, дижитал технологи ашиглаж иргэдэд нээлттэй үзүүлэх, цаашлаад тухайн уран бүтээлийн талбар мэдээллийг гадаад хэл дээр тайлбарлан таниулах боломжийг олгож байна. Галд өртсөн уран зургийг сэргээх тал дээр AR Mongolia компанитай хамтарч ажилласан. Бид цаашлаад дижитал технологийг ашиглаж үндэсний соёлын дархлааг бий болгоход анхаарч хамтран ажиллана. Яагаад соёлын салбарт дижитал технологи чухал вэ гэдэг асуудлыг хүмүүс ярьж байна. Өнөө цагт залуучуудын анхаарал төвлөрөх гол зүйл нь цахим орчин буюу дэлгэц болсон. Тиймээс тэрхүү хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн салбарын бодлогоо хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

        “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийн хүрээнд галын гэмтэлтэй 25 үнэт бүтээлийг дэвшилтэт технологи ашиглан сэргээн бүтээж, тусгай үзэсгэлэнг дэлгэн үзэгчдийн хүртээл болголоо. Үүнд: Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Г.Одонгийн “Ажлын дараа”, Ардын зураач, төрийн хошой шагналт, УГЗ О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Н.Цүлтэмийн “Талын айл” зэрэг монголын дүрслэх урлагийн сор болсон бүтээлүүд багтжээ. Хосгүй үнэт бүтээлүүд нь AR технологид суурилсан сонирхолтой дэглэлттэй байхаас гадна англи, монгол болон дохионы хэлээр тайлбарладаг “Виртуал тайлбарлагч”-тай гэдгээрээ онцлогтой. Мөн тусгай хэрэгцээт үзэгчдэд урлагийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор хосгүй үнэт 4 бүтээлийг тусгай орчинд гараараа мэдэрч, аудио хэлбэрээр сонсох боломжтойгоор дэглэсэн байна. 

Монголын уран зургийн галерейн сан хөмрөгч, урлаг судлаач Б.Мөнгөнчимэг: Энэхүү үзэсгэлэн нь гурван хэсгээс бүрдэж байна. Эхний хэсэг нь хосгүй үнэт бүтээлүүдийг сонирхолтой байдлаар үзэгчдэд хүргэх хэсэг бол хоёрдох нь галын гэмтэлд өртсөн уран зургийг сэргээн үзүүлэх хэсэг. 2009 онд Монголын уран зургийн галерейд гал гарч харамсалтай хэрэг болсноос хойш бид уран зураг сэргээн засварлах,  сэргээн бүтээх, лаборатори байгуулах зэрэг олон төслийг хэрэгжүүлсэн. Үүний нэг нь AR-Gallery үнэт бүтээлүүд төсөл юм. Төслийн хүрээнд 50-иас дээш хувийн шаталттай буюу дахин үзэгчдэд хүргэх боломжгүй болсон бүтээлийг AR технологийн тусламжтайгаар үзэгчдэд хүргэж байна. Гуравдугаар хэсэг нь хосгүй үнэт бүтээлийг тэмтрэхүй байдлаар буюу харааны бэрхшээлтэй иргэд хүрч, мэдэрч үзэх боломжтойгоор арьсаар урлаж хийсэн хэсэг юм. Энэ нь урлагийн бүтээлийг илүү олон хүнд хүртээмжтэй байлгах зорилготой. Монголын дүрслэх урлагт таван хосгүй үнэт бүтээл байдаг нь манай уран зургийн галерейн танхимд үзэгчдийн хүртээл болсоор байна. Харин галд өртсөн бүтээлүүд нь дүрслэх урлагийн үнэт бүтээлүүд. Үүнээс Ардын зураач, Төрийн соёрхолт, УГЗ Амгалангийн говийн хишиг, хотын залуус хөдөөд гэх мэт алдартай зургуудыг нэрлэж болно. Мөн Төрийн соёрхолт, зураач Тананцацралт, Мөнхжин нарын бүтээлүүд бий. Эдгээр зургууд нь тухайн цаг үеийнхээ монгол хүний сэтгэлгээг илэрхийлж байдгаараа онцлогтой.

       Монголын Уран Зургийн Галерей нь 1991 онд байгуулагдсан бөгөөд орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдтэй олон түмнийг танилцуулах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн болон урлагийн боловсрол олгох зорилготой байгууллага юм. 1921 оны Ардын Хувьсгал ялснаас хойш өнөөдрийг хүртэлх үе үеийн авьяаслаг уран бүтээлчдийн бүтээсэн уран зураг, уран баримал, уран сийлбэр, хөөмөл, хатгамал, зээгт наамал, өрөг урлал гээд дүрслэх урлагийн бүхий л төрлийн 4000 гаруй бүтээл тус галерейд хадгалагдаж байна. Галерейн хамт олон жил бүр дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулж, судлан сурталчилж, хадгалж хамгаалан олон түмэнд дэлгэн толилуулдаг. Монголын уран зургийн галерейд зочилсноор нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл, үндэсний ёс заншил, ахуй амьдрал, аж байдал түүнчлэн уудам хээр тал, говь хангайн үзэсгэлэнт байгалийн сонин дүр дүрслэлийг тусгасан уран бүтээлүүд болон чөлөөт сэтгэлгээний орчин үеийн шинэ бүтээлүүдийг тольдон соёрхох боломжтой. Энэхүү бүтээлүүд агуулга, зохиомж, түүх, соёлын үнэ цэнээрээ манай улсад төдийгүй дэлхийн дүрслэх урлаг судлаачдын анхаарлыг зүй ёсоор татсаар иржээ. Тус галерей нь жилд гадна дотны томоохон хэмжээний 50 орчим үзэсгэлэнг зохион байгуулж, 10000 гаран үзэгчдэд үйлчилж байна.

          VR буюу виртуал бодит байдал нь компьютерийн программ хангамж болон тусгай толгойн өмсгөлийн хамтаар биднийг бодит ертөнцөөс дижитал орчинд аваачих технологи юм. Энэ нь хүний таван мэдрэхүйн гуравт нь буюу харах, сонсох, хүрэх мэдрэхүйд нөлөөлж тухайн газарт очсон мэт мэдрэмж өгч чаддагаараа давуу талтай. Харин AR технологи нь дээрх виртуал бодит байдлын дараагийн үе шат бөгөөд бодит болон хийсвэр орчныг нэгэн зэрэг харах нөхцөлийг бүрдүүлдэг. Тодруулбал, компьютерийн программ хангамжийн тусламжтай бүтээгдсэн аливаа графикийг бодит байдалтай хослуулсан хагас бодит орчин гэж ойлгож болно. Хүний нүдэнд үл харагдах, ойлгоход ярвигтай зүйлс эсвэл очих боломжгүй газрыг бидний байгаа байршлаас шууд үзүүлэх боломжтой нь энэ технологийн гол давуу тал. VR-аас ялгаатай нь та бодит орчинд байхдаа таван мэдрэхүйгээ бүрэн ашиглах боломжтой. Энэхүү технологийг дэлхий дахинд төрөл бүрийн салбарт ашиглаж байгаа бол манай улсын хувьд сүүлийн жилүүдэд соёлын салбарт ашиглаж байна. Үүний нэгэн жишээ нь Монголын уран зургийн галерейгаас санаачлан хэрэгжүүлсэн “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төсөл юм. Уг төслийн технологийн хөгжүүлэлт болон контент хөгжүүлэлтийн үйл ажиллагааг “AR Mongolia” компани гүйцэтгэжээ. AR  технологийг уран зургийн галерейн хөгжүүлэлтэд ашигласан тохиолдол бий боловч галд гэмтсэн зургийг эх бүтээлээр нь сэргээн бүтээсэн тохиолдол байхгүй. Тиймээс энэ үзэсгэлэн одоогоор дэлхий дээрх цорын ганц үзэсгэлэн бөгөөд контент хөгжүүлэгчдээс ихээхэн ур чадвар шаардсан ажил болжээ.

AR Mongolia компанийн гүйцэтгэх захирал Б.Амаржаргал: Бид анх удаа галын гэмтэлд өртсөн бүтээлийг сэргээж үзлээ. Өмнө нь байсан эх хувилбартай нь яг адилхан болгохын тулд манай хөгжүүлэгч нараас маш өндөр ур чадвар шаардсан. Уран зургийг ахиж зурж болохгүй учраас яг эх хувилбартай нь ижил бүтээнэ гэдэг бол AR технологи хөгжүүлдэг хүмүүсийн хувьд маш том сорилт боллоо. Гэхдээ бид Монголын уран зургийн галерейн дэмжлэг туслалцаа сан хөмрөгт байсан мэдээ мэдээллийг ашиглан хамтран ажиллаад энэ төслийг амжилттай хэрэгжүүллээ. Гэхдээ энэ бол дөнгөж эхний алхам юм аа. Энэ төсөл дээр контентын баг, AR технологи хөгжүүлэлт, менежмент гээд 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Монгол улсдаа AR технологийн хөгжүүлэлтийг манай ARGUN компани дангаараа хэрэгжүүлж байна. Тийм учраас бидний өрсөлдөгч нар дандаа олон улсад байдаг. Олон улсад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй компаниуд AR технологийг хараахан бизнес гэж харахгүй маркетинг сурталчилгааны хэрэгсэл, шоу бизнест түлхүү ашиглаж байна. Гэвч тун удахгүй бүх бүтээгдэхүүний сав баглаа боодол өөрийгөө танилцуулж эхэлнэ. Хаана үйлдвэрлэсэн, хэрхэн тээвэрлэсэн талаарх бүх зүйлийг савнаас нь хардаг болно. Тиймээс манай компани энэ чиг хандлагад нийцүүлэн технологи хөгжүүлэлтээ хийж байна.

          Аргун компани нь хэвлэлийн үйлчилгээ, контент үйлдвэрлэл, технологи хөгжүүлэлтийн чиглэлээр 6 охин компани, олон улсын зах зээлд ажиллаж буй 4-н салбар компанитайгаар 2013 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд 1300 гаруй туршилтыг амжилттай хийж, 100 гаруй AR аппликейшн бүтээж, 46 AR технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлжээ. Мөн соёлын салбарт AR технологийг нэвтрүүлэх, түүнийг ашиглан монголын дахин давтагдашгүй өвөрмөц бүтээл, түүх соёл, ёс уламжлалыг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна. 

AR Mongolia компанийн гүйцэтгэх захирал Б.Амаржаргал: Соёлын салбарт AR технологийг нэвтрүүлсэн төслүүдээс дурдвал: Данзанравжаагийн музейг виртуал хөтөчтэй болгох төслийг хэрэгжүүлсэн. Одоогоор Данзанравжаагийн музей бүх үзмэрийнхээ дэргэд таблетууд байршуулж, виртуал хөтчөөр тайлбараа хийлгэдэг болсон. Өмнөговь аймгийн музей дээр мөн энэ виртуал хөтчийг нэвтрүүлсэн. Өнгөрсөн зун виртуал гандан гээд нэлээд том төслийг хэрэгжүүлсэн. Тэр нь сүсэгтэн олон хүссэн газраа виртуал ганданг гаргаж ирээд гандангаас авдаг үйлчилгээг бүрэн авах боломжтой төсөл юм. Дараагийн том ажил нь Монголын уран зургийн галерейтай хамтран хийсэн энэ Ar-Gallery төсөл болж байна.

          Монголчууд аливаа зүйлийг уран сайхнаар дүрслэн бүтээх сод чанар, билгийн мэлмийтэй ард түмэн. Энэхүү авьяас билгээр бүтээгдсэн суут бүтээлүүд өдгөө хүн төрөлхтний соёлын үнэт өв мөн хэмээн зөвшөөрөгдсөөр байна. Өнө эртнээс улбаатай монголын дүрслэх урлагийн сан хөмрөгийг өнөө цагт шинэ техник технологитой хослуулан хойч үедээ өвлүүлэн үлдээж буй нь гайхалтай юм.  

 

 

Үзсэн: 8681

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна