Монгол-Японы төр хувийн хэвшлийн XI зөвлөлдөх уулзалт боллоо
Уулзалтаар мэдээллийн технологийн үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбар, гарааны бизнес, Монгол дахь бизнесийн орчин, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ашиглалт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монгол улс, Япон улс хоёр 1977 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эдийн засгийн хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чиг шугам болсон Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2013-2017 оны хооронд, Дунд хугацааны хөтөлбөрийг 2017-2021 онуудад амжилттай хэрэгжүүлж дууссан. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар 2022 оны 11 дүгээр сард албан ёсны хэлэлцээ хийж “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулсан юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай хоёр улс Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтсон. Тэр ч утгаараа хоёр орны төр засгийн байгууллагууд дээрх дөрвөн чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлэлцээр, уулзалт, зөвлөгөөнийг тогтмол хийж байна. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 28 нд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XI зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр:
Манай хоёр орон 2016 онд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийсэн. Энэ худалдааны хэлэлцээрийг бид богино хугацаанд дүгнэж байдаг. Ингэхэд монголоос япон руу гарч байгаа экспортын хэмжээ нэмэгдэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Нийт экспортын өсөлт 2016 онтой харьцуулахад 6 хувь байна. Тэгэхээр яаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх вэ, нэмэгдсэн хөрөнгө оруулалтаа японы зах зээл рүү хэрхэн экспорт болж хувиргах вэ гэдэг дээр онцгой анхаарч ажиллах шаардлага бидэнд тулгарч байна. Бид зөвхөн Японы хөрөнгө оруулагчид биш бусад орны хөрөнгө оруулагчдыг манай улс руу хөрөнгө оруулаад түүнийгээ японы зах зээл дээр гаргах боломжийг хэлэлцэнэ. Мөн цаашид засгийн газар, хувийн хэвшил, худалдаа аж үйлдвэрийн танхимтай хэрхэн хамтран ажиллах талаар энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар ярилцаж байна.
Монгол Япон хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хэлэлцээр нь Монгол Улсын хувьд анхных, Япон Улсын хувьд 15 дахь хэлэлцээр юм. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар манай улсын экспортод гаргаж буй бараа бүтээгдэхүүний хувь хэмжээ өсөөгүй, харин импортын хэмжээ эрс нэмэгдсэн гэдгийг МҮХАҮТ-ийн Хэрэглэгч үйлчилгээний газрын дарга Э.Бадамхорол хэлж байна.
Э.Бадамхорол: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 оноос 2024 оны аравдугаар сар хүртэл бид харьцуулж үзсэн. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжсэнээс хойш үнийн дүнгээр авч үзвэл 2024 оны арван сарыг 2016 онтой харьцуулахад экспортын хэмжээ 3,2 сая ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна. Импортын үнийн дүн 669,3 сая ам.доллароор нэмэгдэж, нийт худалдааны эргэлт 666,1 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд монгол улсын экспортын хэмжээ өсөөгүй эсрэгээрээ буурсан бол импортын хэмжээ эрс нэмэгдсэн байгаа юм. Тиймээс манай төр засгийн байгууллагаас экспортын нэр төрлийг нэмэгдүүлэхэд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого шийдвэрийг гаргах шаардлагатай. Манай худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг тодруулах зорилгоор судалгаа хийдэг. Ингэхэд нийт судалгаанд оролцогчдын 35 хувь нь тээвэр логистикийн асуудал хүндрэлтэй, экспортын санхүүжилт шаардлагатай, бүтээгдэхүүн хөгжүүлэхэд дэмжлэг шаардлагатай байна гэсэн хариултыг өгсөн байна. МҮХАҮТ-аас эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш хэд хэдэн арга хэмжээг авч ажилласан. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлэхээс өмнө болон хэрэгжиж эхэлсэн жилээс эхлээд мэдээ мэдээллийг бизнес эрхлэгчдэд танилцуулж, хэлэлцүүлэг хийж, гарал үүслийн дүрмийн сургалтыг зохион байгуулсан. Мөн олон улсын бизнес форумыг тогтмол хийдэг. Жишээлбэл, Япон улс руу бизнес айлчлалуудыг хийсэн. Япон улсаас манай улсад ирж бизнес хийж буй аж ахуй нэгжийг монголын аж ахуй нэгжүүдтэй холбож өгч байна. Монгол болон Японы төрийн байгууллагуудтай хамтраад үзэсгэлэн худалдааг сүүлийн жилүүдэд зохион байгуулж байна. Энэ дээр монголын жижиг дунд бизнес эрхлэгчид маань бүтээгдэхүүнээ танилцуулах бүрэн боломжтой байдаг. МҮХАҮТ дээр экспорт, импортыг дэмжих нэгж гэж бий. Энэ нэгжээр дамжуулаад манай хоёр орны дунд хийсэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй холбоотой мэдээ, мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллаж байна. Мөн Япон улсын ЖАЙКА байгууллагаас манай танхим дээр экспертүүд ажиллуулж байгаа. Тэднээс Японы зах зээл рүү хэрхэн бараа бүтээгдэхүүнээ гаргах талаар зөвлөгөө мэдээлэл авч болно.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас ноос ноолуур, арьс шир, мах, хуш модны самар, аялал жуулчлалын бүтээгдэхүүн зэргийг монгол улсын уул уурхайн бус экспортын голлох бүтээгдэхүүнээр нэрлэжээ. Монгол улсаас Япон Улс руу хийсэн экспортын 30-40 хувийг оёмол сүлжмэл, ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт эзэлдэг. Харин импортын гол нэрийн бараанд суудлын болон ачааны автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл болон цагаан будаа, нийлэг мяндсан даавуу, хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа зэрэг бараа дийлэнх хувийг эзэлж байна. Монгол улсаас Япон улс руу бараа, бүтээгдэхүүн экспортлох нөөц боломж их байгаа учраас аж ахуй нэгжүүд чанар стандарт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хэрэглэгчийн судалгаа зэрэгт анхаарах шаардлагатай гэж МҮХАҮТ-ийн Хэрэглэгч үйлчилгээний газрын дарга Э.Бадамхорол хэллээ.
Э.Бадамхорол: Япон улс руу экспорт хийхэд юун дээр очоод гацаад байна вэ гэдгийг манай худалдаа аж үйлдвэрийн танхимаас авсан судалгааны үндсэн дээр хэлэхэд: Тухайн улсын стандартыг дагаж мөрдөхөд хүндрэлтэй асуудал гардаг гэсэн судалгааны дүн гарсан. Тэгэхээр манай бизнес эрхлэгчид тухайн экспорт хийх гэж байгаа улсынхаа хэрэглэгчийн зан төлөвийн судалгааг маш сайн хийх хэрэгтэй. Тухайлбал, Япон улс руу бараа бүтээгдэхүүн экспортоллоо гэхэд ямар төрлийн бараа бүтээгдэхүүнийг Японы иргэд хэрэглэдэг вэ гэдэг судалгаагаа анхнаасаа зөв хийгээд тэр дагуу бүтээгдэхүүнээ стандартад нийцүүлэн үйлдвэрлэвэл экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ хөгжүүлээд, зах зээлийн судалгаа хийхэд экспортын санхүүжилтийн асуудлууд тулгамдаж байна. Мөн дээрээс нь хоёр улсын хорио цээр, мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хоёрдогч болон гуравдагч орны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхтэй холбоотой асуудлууд байдаг. Үүнийг хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээрээр шийддэг учраас энэ дээр төр засгийн бодлого шийдвэрийг мөн гаргах шаардлагатай. Ер нь манай улсын хувьд Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлээд үр дүнг нь хүртэх бүрэн боломж бий.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр монголын тал 5700 орчим, японы тал 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлж байгаа. Үүнд, манай улс Японоос импортолж буй 3423 төрлийн бараа, Япон Улс манай экспортын 8004 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлжээ.
Монгол Япон хоёр орны хооронд дахь эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааны хөгжилд хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Монголд оруулсан Японы томоохон хөрөнгө оруулалтуудаас товч дурдвал: Сүмитомо корпорац харилцаа холбооны үүрэн телефоны үйлчилгээг Монголд анх нэвтрүүлсэн бөгөөд эдүгээ “Мобиком” корпорац нь Монгол Улсын бүх газар нутгийг хамарч, нийт хэрэглэгчдийн зах зээлийн тал хувьд үйлчилж байна. Мөн тус корпорацын хөрөнгө оруулалтаар охин компани Трансвест Монголиа ХХК-г байгуулж Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмж болон баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Монгол дахь албан ёсны дистрибьютерийн үйл ажиллагааг явуулж байна. Монголд Иточу, Моннис, Мөнх-Хада, Таван-богд, Нимон, зэрэг японы хөрөнгө оруулалттай олон компани автомашины худалдаа, засвар үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг. Түүнчлэн Японы томоохон худалдааны корпорацууд, банк санхүүгийн байгууллагууд төлөөлөгчийн газар, салбараа нээн, үйл ажиллагаа явуулж байна. Бид Делойт Венчур суппорт ХХК, Венчур капитал корпорацын захирал Сатоши Имүра-тай уулзаж Японы бизнес эрхлэгчид Монголын аль салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой байгаа талаар асууж сонирхсон юм.
Сатоши Имүра: Японы талаас Монголд хөрөнгө оруулж, хамтарч ажиллахад хамгийн сонирхол татаж байгаа салбар нь AI болон финтекийн салбар гэж би бодож байна. Энэ салбарт дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахад Марубини зэрэг Азийн томоохон компаниудтай хамтран ажиллах боломж бий гэж бодож байна. Түүнчлэн Японы компаниуд болон ЖАЙКА-гаас Монголын технологи инновацийн салбарын старт-ап компаниудын үйл ажиллагааг дэмжих тал дээр туслах хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой юм. Миний мэдэж байгаагаар одоо Мон-Жап гэсэн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголын 3 старт-ап компанид дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тэдгээр компаниудад зөвлөгөө өгч, гадаадын хөрөнгө оруулагч нартай холбох зэрэг дэмжлэгийг үзүүлж байгаа юм. Мөн энэ хөтөлбөрт оролцож байсан старт-апууд хөтөлбөрөө дуусгасны дараа үргэлжлүүлэн хөрөнгө босгож, амжилттай ажиллаж байгаад баяртай байна. Цаашид ч старт-апуудыг энэ мэтчилэн дэмжих боломжтой юм.
МҮХАҮТ, МУИС-тай хамтран монголын бизнесийн орчны судалгааг 300 орчим нарийвчилсан үзүүлэлтээр гаргадаг. 2023 оны судалгаагаар бизнес эрхлэх нөхцөл байдлыг нарийвчлан судлахад, төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахад хүндрэлтэй байдаг төдийгүй бизнесээ санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр хомс, бизнесийн маргаан шийдвэрлэх байдал хангалтгүй гэсэн ерөнхий дүгнэлт гарсан байна. Энэхүү судалгааны дүгнэлтээр гарсан асуудлууд Монголд үйл ажиллагаа явуулж буй Япон компаниудад ч тулгардаг гэдгийг Монгол-Японы эдийн засгийн хорооны үйл ажиллагаа эрхэлсэн захирал Кёоичи Сүзүки хэллээ.
Кёоичи Сүзүки: Япон компаниуд бизнесийн орчны ил тод байдал болон тогтвортой байдлыг монголоос хүсэж байна. Жишээ нь сонгууль болоод засгийн газар солигдсон ч гэсэн засгийн газрын бодлогууд тогтвортой хэрэгжихэд анхаарах шаардлагатай. Би илтгэлдээ нэг цонхны үйлчилгээг монголд нэвтрүүлээд энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж байгаа тухай ярьсан. Одоогийн нөхцөлд Япон компаниуд монголд энэ мэтчилэн хөрөнгө оруулалт хийхэд монголын хууль, дүрэм журмын шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Монгол улсад бизнес хийхэд маш олон хууль дүрмийг дагаж мөрдөх шаардлагатай болдог. Тэдгээрийг хэрхэн ойлгож дагаж мөрдөх талаар ямар яам, агентлагаас асуух нь тодорхойгүй байгаа нь Япон компаниудад тулгамдаж буй асуудал болоод байна. Үүнийг илүү ойлгомжтой болговол Япон компаниуд монголд бизнесээ өргөжүүлэхэд хялбар болно. Бид бүхэн энэ асуудлыг шийдэх талаар хэд хэдэн удаа санал тавихад монгол талаас нааштай хүлээж авсан. Мөн SNB олон улсын үнэлгээний байгууллагаас Монгол улсын бизнесийн орчны үнэлгээг B+ болгож нэмсэн. Үүнд эдийн засгийн үзүүлэлтүүд нөлөөлж байгаа ч гэсэн бодлогын ойлгомжгүй байдал багассан гэдэг үнэлгээ нь нөлөө үзүүлсэн гэж ойлгож болно.
Одоогоор Японы хөрөнгө оруулалттай 670 гаруй компани, аж ахуйн нэгж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд авто тээвэр, барилга, харилцаа холбооны салбарт түлхүү ажилладаг. Цаашид хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбаруудад хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Монгол Япон хоёр орны аж ахуй нэгжүүд хамтран ажиллахад зан төлөвийн болоод соёлын хэд хэдэн ялгаатай зүйлүүд гардаг тухай ЖАЙКА-гийн Монгол дахь бизнес хамтын ажиллагаа хөгжүүлэлтийн мэргэжилтэн Накамүра ийнхүү ярилаа.
Накамүра: Нэгдүгээрт Монгол Япон хэлний ойлголцлын асуудал нөлөөлж байна. Монгол хүмүүс японоор мэдээлэл хайх тохиолдолд жаахан хэцүү байдаг. Энэ нь Япон хүнд бас адилхан. Хоёрдугаарт Монгол Япон хүмүүсийн зан ааш, ёс заншлын асуудал нөлөөлж байна. Бизнес хийхдээ Япон хүн удаан хугацаанд судалгаа хийгээд, дараа нь шийдвэр гаргаад, маш хурдан гүйцэтгэдэг. Харин Монгол хүн шийдвэрээ маш хурдан гаргаад, гүйцэтгэхдээ уддаг. Зан аашны хувьд ч ялгаатай зүйлүүд бий. Гэхдээ Япон хүнд өөрийн гэсэн давуу талууд бий. Эсрэгээрээ монгол хүнд ч гэсэн давуу тал байдаг. Түүнийгээ сайн ойлголцоод хамтран ажиллах юм бол маш сайн бизнес хийж чадна. Монголд ямар нэгэн зүйл хийгээд Япон руу гаргахад тээврийн асуудал жаахан хүндрэлтэй. Гэхдээ жижиг бас үнэтэй зүйлийг онгоцоор тээвэрлэх боломж байна. Мөн мэдээлэл технологийн салбарыг дэмжээд дроны үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй. Цаашлаад монголд дрон хийгээд Киргизстан, Казахстан, Узбекистан, Норвеги зэрэг орнуудад экспортлох боломжтой гэж би бодож байна.
Монгол улсад Япон Улсаас 1990 оноос хойш хийсэн хөрөнгө оруулалтын тал хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, үлдэх нь банк, санхүү, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт оногдож байна. Харин 2023 онд 981 сая америк долларын хөрөнгө оруулалт хийж, оны жилийн эцсийн байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 347 сая америк долларт хүртсэн. Япон Улсаас импортолсон барааны 75.3 хувийг суудлын автомашин эзэлж байгаа юм. Иймээс манай хоёр орны зүгээс импорт экспортын бараа бүтээгдэхүүний төрлийг олшруулах, хэмээг нэмэгдүүлэхэд анхаарч хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Үзсэн: 922
Tweet